Манай улсын хаврын тариалалтын ажлын явц 93 хувьтай байгааг ХХААХҮЯ-ны Газар тариалангийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Болорчулуун мэдээллээ. Тодруулбал, 343.4 мянган га талбайд улаан буудайн үр суулгасан нь тариалалтын ажил 96 хувьд хүрсэн дүн болжээ. Мөн үрийн төмсөө бүрэн булж дуусгасан бөгөөд өнгөрсөн оныхоос талбайн хэмжээг нь 1000 га-гаар нэмэгдүүлсэн аж. Хүнсний ногооны тариалалт 76, тосны ургамалынх 95, тэжээлийн таримлын тариалалт 40 хувьтай байгаа гэнэ. Газар тариалангийн ажлыг ирэх долоо хоногт багтаан дуусгахаар төлөвлөж буй аж. Тариалангийн голлох бүс нутгаар энэ хавар сүүлийн 5-6 жилийн дунджаас харьцангуй их хур бороо орсон нь олзуурхууштай бөгөөд арвин ургац хураах магадлалыг өсгөж байгааг Ц.Болорчулуун онцлов. Хаврын тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалт зэрэгт шаардлагатай санхүүжилт хүссэн аж ахуйн нэгжүүдэд олгох 150 орчим тэрбум төгрөгийн зээлийг энэ долоо хоногт багтаан данс руу нь шилжүүлэх бөгөөд банк болон аж ахуйн нэгж хооронд гэрээ байгуулаад дуусаж буй гэнэ.