Нийслэлчүүдийг ундаалдаг хатан Туул гол жилээс жилд урсац нь муудаж, энд тэндээ тасарч, загас жараахай нь олноороо хорогдож байгааг хүн бүр л олон нийтийн сүлжээнд ярьж, шүүмжилдэг. Гэвч шийдвэр гаргагчид дорвитой, үр дүн нь харагдахуйц ажил бараг хийсэнгүй. Одоогоос жилийн өмнө УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Өргөдлийн байнгын хороо хамтран хуралдаж, Туул голын ойр орчимд олгосон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талаар нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы мэдээллийг сонссоныг эс тооцвол шүү дээ.
Жилийн өмнө түүний мэдээлэлд “Нийслэлийн нутагт дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын 73, хайгуулын 67 тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр захирамжаар Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүстэй давхацсан, улсын байцаагчийн акт, албан шаардлагыг биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл олгосноос хойш газрын хэвлий ашиглаж эхлээгүй зэрэг гурван үндэслэлээр 95 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Үүнээс тусгай зөвшөөрөл эзэмшигч 71 иргэн, байгууллагынхан уг захирамжийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс болон нэхэмжлэгч нараас удаа дараа эвлэрэх санал тавьсныг харгалзан нийслэлийн Засаг дарга аж ахуйн нэгж, байгууллагуудтай эвлэрлийн гэрээ байгуулсан. Туул голын сав дагуу тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан компаниудаас нөхөн сэргээлт хийсэн аж ахуйн нэгж байхгүй” хэмээн мэдээлж байв. Тэр хэлэлцүүлгийн дараа нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгж, түүнд зөвшөөрөл өгсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцох шаардлагатай гэж УИХ-ын гишүүд, холбогдох албаныхан бүгд санал нэгдсэн юм. Гэвч бүтэн нэг жил өнгөрөхөд хэрхэн хэрэгжсэн нь тодорхойгүй. Сонгуулийн синдромдоо дарагдаад нийслэлээ эмжин урсдаг, аялж зугаалж өнгөрөөдөг Туул голынхоо нөхцөл байдлыг мартаж байх шиг.
НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙЛГЭХ ХУУЛЬ ҮЛ ХЭРЭГЖИВ
Хэдийгээр шийдвэр гаргагчид ийнхүү байгаль дэлхийгээ мартагнаж буй ч хууль, хяналтын байгууллагын анхан шатны нэгжид ажиллаж байгаа хүмүүс ажил үүргээ хэвийн үргэлжлүүлсээр. Тодруулбал, Хан-Уул дүүргийн Прокурорын газрынхан Мэргэжлийн хяналтын хэлтсийн ажилтнуудтай хамтран гэнэтийн шалгалт хийсэн байна. Энэ талаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Энхтунгалаг “Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албанаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулсан. Үүний хүрээнд тус дүүргийн Прокурорын газраас Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэстэй хамтран түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгж, байгууллагуудын хүнд даацын автомашинуудыг шалгахад багагүй зөрчил, дутагдал илрүүлсэн. Мөн Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтарсан удирдамж гаргаж, түүнийхээ дагуу түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл нь 2017 онд цуцлагдсан 13 аж ахуйн нэгжийн олборлолтын улмаас эвдэгдсэн газрын нөхөн сэргээлтийг хийж буй, эсэхийг шалгахад холбогдох хуулийн заалтыг биелүүлээгүй байв.
Тухайлбал, Гол, мөрний урсац, бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 5.1 дэх хэсэгт “Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан нь тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчийг байгаль орчныг нөхөн сэргээх үүргээс чөлөөлөхгүй” гэх заалтыг зөрчсөн. Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Газрын хэвлийн тухай хуулийн 32 дугаар зүйлд “хүн амын аюулгүй байдлыг хангах, газрын хэвлий, байгаль орчны бусад объект, барилга байгууламжийг хамгаалах, аюул ослоос урьдчилан сэргийлэх, аюул ослын үр дагаврыг арилгах төлөвлөгөө батлан хэрэгжүүлэх, ордыг ашиглаж дууссаны дараа тогтоосон журмын дагуу дарах буюу улс ардын аж ахуйн хэрэгцээнд цаашид ашиглаж болохуйцаар засаж тохижуулах үүрэг хүлээнэ” гэж заасан байдаг. Хуулийн эдгээр заалт, Монгол Улсад мөрдөгдөж буй стандартыг хангалгүй өдий хүрсэн байна” хэмээлээ.
Тусгай зөвшөөрлийг нь 2017 онд цуцалсан 13 аж ахуйн нэгж 20-205.66 га хүртэлх талбай эзэмшиж, түгээмэл тархацтай ашигт малтмал буюу хайрга олборлож байжээ. Уг нь тэд дээр дурдсан хуулийн заалтаас гадна Стандартчилал, хэмжил зүйн үндэсний зөвлөлийн 2008 оны арваннэгдүгээр сарын 27-ны 61 дүгээр тогтоолоор баталж, Монгол Улсад мөрдөж буй MNS 5914:2008 стандартын дагуу техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ёстой юм билээ. Гэтэл тэд Туул голын эрэг дагуу хайрга олборлож эвдсэн 1.4-16 га газраа огт сэргээгээгүй байжээ. Хяналтын прокурор М.Энхтунгалагийн хэлсэнчлэн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 5.1-т “Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан тухайн тусгай зөвшөөрлийн эзэмшигчийг байгаль орчныг нөхөн сэргээх үүргээс чөлөөлөхгүй” гэх заалт хэрэгжээгүй гэсэн үг. Тиймээс хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй 13 аж ахуйн нэгжийн удирдлагад Зөрчлийн тухай хуулийн 7.12-4 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуульд заасан нийтлэг үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 100, хуулийн этгээдийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, мөн хуулийн 7.10-4 дэх хэсгийн “Газрын хэвлийг ашиглах явцад эвдэрсэн газрыг аюул осолгүй болгож цаашид ашиглаж болохуйцаар засаж тохижуулаагүй” зөрчил гаргасан гэж үзэн хариуцлага тооцохоор Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийнхэн зөрчлийн хэрэг нээгээд буй гэнэ. Тус дүүргийн Прокурорын газраас хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар хандсанаар ийнхүү шалгах болжээ.
ХАЙРГА ОЛБОРЛОХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ НЬ ЦУЦАЛСАНТАЙ ХОЛБООТОЙ ХЭРГИЙГ ШҮҮХ ОДОО БОЛТОЛ ШИЙДСЭНГҮЙ
Хайрга, дайрга зэрэг түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч, ашиглагч аж ахуйн нэгжүүд Зөрчлийн тухай хуулийн 7.12-т зааснаар тусгай зөвшөөрөлтэй байх ёстой хэмээн хуульчилсан. Гэвч эхэнд өгүүлсэнчлэн нийслэлийн Засаг даргын захирамжаар заримынх нь тусгай зөвшөөрлийг цуцалсан билээ. Гэвч Захиргааны хэргийн шүүх дээрх аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбоотой маргааныг одоо болтол эцэслэн шийдвэрлээгүй гэнэ. “Урт нэртэй” хуулийн 5.1 дэх хэсэгт зааснаар хайрга олборлож, байгаль орчныг сүйтгэсэн дээрх 13 аж ахуйн нэгжийн эздэд хариуцлага хүлээлгэх нь хуулийн үндэслэлтэй байх юм. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрлийг нь цуцалсан ч гэлээ байгаль орчныг нөхөн сэргээх үүргээс чөлөөлөхгүй учраас хуулийн дагуу хариуцлага тооцуулж, ухсан нүх, хүн, мал унаж осолдох нөхцөл бүрдүүлсэн тэдгээр газрыг булуулах нь зүйд нийцнэ.
Хайрга олборлогч аж ахуйн нэгжүүдийн зарим нь холбогдох журам, тогтсон цаг зөрчин түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосоор байгаа юм. Тэдгээр аж ахуйн нэгж, байгууллагын хүнд даацын автомашинууд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн Нисэхийн тойргоос Биокомбинат, Шувуун фабрик хүртэлх замд түгээмэл тархацтай ашигт малтмал тээвэрлэх ачааны автомашин 08.00-22.00 цаг хүртэл зорчих тухай нийслэлийн Засаг даргын захирамж 2019 онд гарсан байдаг. Авто замын байгууламжид даацын болон цагийн хязгаарлалт тогтоох тухай А/1034 тоот захирамжийн хэрэгжилтийг шалгахад заасан цагийг хэтрүүлсэн 17 тээврийн хэрэгслийн жолоочийг Зөрчлийн тухай хуулийн 14.5-17 дахь хэсэгт заасныг үндэслэн нийт 2.5 сая төгрөгөөр торгожээ.
М.ЭНХТУНГАЛАГ: БОГДХАН УУЛАНД ТҮЙМЭР ТАВЬСАН ХОЁР ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА
Хан-Уул дүүрэгт гарч буй хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн нөхцөл байдлын талаар тус дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Энхтунгалагаас тодрууллаа.
-2015 онд баталсан Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг зүйлчилсэн. Танай дүүрэгт энэ төрлийн хэчнээн хэрэг гарч, хэрхэн шийдвэрлэв?
-Тус дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт заасан Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх зүйл ангиар энэ онд дөрвөн хэрэгт бүртгэлтийн хэрэг нээн шалгасан. Үүнээс хоёр хэргийг хааж, зөрчил шалгах эрх бүхий байгууллагад шилжүүлснийг Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны улсын хяналтын байцаагч хүлээн авсан. Улмаар Зөрчлийн тухай хуулийн 7.3-1 дэх хэсэгт заасан “Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хууль зөрчсөн” гэсэн үндэслэлээр тус бүрийг нь 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оноосон байна.
Зөрчил шалгах эрх бүхий байгууллага буюу Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийнхэн байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчлийн 13 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан. Үүнээс Зөрчлийн тухай хуулийн 7.6-5 дахь хэсэгт заасан “Агнуурын амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, зүйлийг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр худалдсан”, 7.1-2 дахь хэсгийн “Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй ажилласан”, 7.9-5-ын “Ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан”, 7.3 дугаар зүйлд заасан “Монгол Улсын хуулиар ховор, нэн ховор амьтны жагсаалтад ороогүй боловч Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын хавсралтад орсон амьтан, ургамал, эсхүл тэдгээрийн гаралтай эд зүйлийг зохих зөвшөөрөлгүйгээр улсын хилээр нэвтрүүлсэн” гэх тус бүр нэг зөрчилд торгуулийн арга хэмжээ авхуулжээ. Мөн хуулийн 7.12-4 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуульд заасан нийтлэг үүргээ биелүүлээгүй” гэх зөрчилд дөрөв, 7.12-1.12 дахь хэсэгт заасан “түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон” гэх зөрчилд хоёр, 7.12-2 дахь хэсгийн “Хуульд заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг хугацаанд нь гаргаж өгөөгүй” гэх зөрчилд дөрвөн хүн, хуулийн этгээдэд дээрх шийтгэлийг оноосон байгаа. Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан “Хог хаягдлын тухай хууль зөрчих” зөрчил гаргаж байгаль орчин бохирдуулсан зургаан тохиолдолд хуульд заасан торгох шийтгэл оноожээ.
-Өнгөрсөн хавар Богдхан ууланд нэг бус удаа түймэр гарсан. Гал тавьсан хүмүүст хариуцлага тооцсон болов уу?
-Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг, Зайсангийн аманд, мөн хорооны Соёмботой ууланд түймэр гарсан хоёр хэрэгт цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Бид хуулийн хүрээнд эдгээр хэрэгт хяналтаа тавьж ажиллаж байгаа. Цаашид хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийг иргэд, олон нийтэд таниулах, тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр бид тодорхой ажил зохион байгуулах болно.
Бэлтгэсэн: Г.Равжаа