“Дээхнэ үед цаг агаарын мэдээ шиг бат нот, итгэл үнэмшил төрүүлэхүйц, чухал мэдээлэл байсангүй” гэж ээж минь үе үе ярьдаг юм. Гадаа гандаж, хөдөө хөхөрч нэгдлийн мал малладаг аав, ээжийнхээ найдвартай туслагч нь байсан учраас цаг агаарын мэдээг тийн чухалчилдаг байсан хэрэг. Харин одоо цаг агаар шиг барьцгүй зүйл үгүй мэт. Ямар сайндаа л хүмүүс “Өвөл нь өвөл шиг, зун нь зун шиг байхаа больж”, “Эсвэл шатааж алчих гээд, үгүй бол хөлдөөчих гээд” хэмээн егөөдөх болов.
Цас, бороо улирал эндүүрч, өвөл, хавар, зун, намар өөрийн өнгөө “нуух” боллоо. Зуны тэргүүн сар айлчлан ирсэн энэ өдрүүдэд ч намрын зэвэргэн салхи урилгагүй зочилсон мэт. Үүнээс үүдээд ирэх цагийн өнгийг шинжин тодорхойлох, байгаль, цаг уурын туйлбаргүй “авир”-т дасан зохицох, бэлтгэлтэй байх хүндхэн сорил бидний өмнө тулгарчээ. Харин 2020 оны зун ямар өнгөтэй байх бол.
“Манай оронд хур тунадасны хэмжээ сүүлийн 80 жилд 7-10 хувиар буурсан” гэж БОАЖЯ-наас гаргасан Монгол орны байгаль орчны төлөв байдлын тайланд дурдсан байв. Үүнийг батлах шиг 2017 он дэлхийн түүхэнд хамгийн халуун зун тохиосон. 2018, 2019 оны зун олон жилийн дундаж (1981-2010 оныг авч үздэг)-аас 2-5 хэмээр дулаан, хур тунадас багатай, хуурайшилт ихтэй байсан. Тэгвэл энэ зун ч иймэрхүү уур амьсгал хүлээж буйг Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан төлөвт бичсэн байна. Тус тайланд “Зуны эхэн саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас татруу байх төлөвтэй учир хуурайшилт ихтэй, шороон шуурганы давтамж өндөр, хангай, тал, хээрийн бүс нутгаар ой, хээрийн түймэр гарах нөхцөл бүрдэж болзошгүй” гэжээ. Түүнчлэн “Зуны хугацаанд зурвас газраар үе үе ширүүн аадар, мөндөр орж, үер буух, салхи богино хугацаанд ширүүсэх үзэгдэл ажиглагдах магадлалтай. Зуны эхэн болон сүүлчээр цочир хүйтэрч, дунд үед хэт халснаас үр тариа, бэлчээрийн болон таримал ургамалд сөргөөр нөлөөлж болзошгүй. Есдүгээр сард нойтон цас орж тариа, хүнсний ногоо цасанд дарагдах, хөлдөх аюултай тул малчид, тариаланчид анхаарна уу. Зун орох хур тунадасны 70 хувь нь долоо, наймдугаар сард ордог. Гэсэн ч 2010 оноос хойш ихэнх нутгаар дунджаас харьцангуй бага хур тунадас орж гантай байв” хэмээжээ.
Зургаа, долдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг дэлгэрэнгүй танилцуулъя. Сарын дундаж хэмээр авч үзвэл Баян-Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун хэсгээр 2-16, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 22-28, бусад нутгаар 16-22 градус дулаан байх бол Дорнодын нийт, Сэлэнгэ, Хэнтийн ихэнх, Төв болон Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас 1.5-2 градус дулаарах аж.
Олон жилийн дунджаас халуун, хур тунадас татруу зун зөвхөн Монголд ч биш дэлхий нийтэд тохиож болзошгүй гэнэ. Учир нь, АНУ-ын Цаг уурын хүрээлэн дэлхийн хамгийн халуун зун 2020 онд тохионо гэж эртнээс мэдээлсэн. Саяхан л гэхэд эл мэдээллээ бататган “Энэ жил 2017 оныхоос илүү халахгүй ч дэлхийн түүхэнд хамгийн халуун таван зуны нэг болно. Цар тахлын нөлөөгөөр агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарал эрс багассан ч агаар мандалд хэдийн хуримтлагдсан хүлэмжийн хий агаарын температур өсөхөд нөлөөлнө” гэж мэдэгдээд буй юм.
Цаг агаар хэт халснаас хуурайшилт, ган гачиг нүүрлэдэг. Хуурайшилт өндөр, гантай үед түймэр дэгдэх, шороон шуурга босох эрсдэл их. Харин гантай зун зуд дагуулах эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, цаг уураас үүдэлтэй гамшигт үзэгдлүүд гинжин хэлхээ холбоотой үүсдэг гэсэн үг. Сүүлийн жилүүдэд манай оронд хуурайшилтаас үүдэлтэй түймэр олширсон нь ч үүнтэй холбоотой. Он гарснаас хойш 14 аймгийн нутагт 78 удаа ой, хээрийн түймэр гарсан байна. Энэ жилийн цаг уурын урьдчилсан төлөвийг харахад, Сэлэнгэ, Хэнтий зэрэг уулархаг, ой мод ихтэй, түймрийн эрсдэл өндөр бүсэд олон жилийн дунджаас халуун болох шинжтэй. Энэ нь биднийг урьд урьдынхаас илүү анхаарал, болгоомжтой байх сануулга болж буй юм.
Түүнчлэн аадар, мөндөр, хүчтэй салхи, үер зэрэг гэнэтийн, урилгагүй “зочид”-ыг хүлээж авах байнгын бэлтгэл хэрэгтэйг Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал онцолжээ. Тэрбээр “Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор гамшигт үзэгдлийн давтамж жилээс жилд нэмэгдэнэ” гэв.
Цаг агаар ийм барьцгүй, туйлбаргүй болсон нь хүн төрөлхтний өмнө тулгамдсан уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралтай 100 хувь хамааралтай. Дэлхийн дундаж хэм сүүлийн 100 жилд 0.86 градусаар нэмэгдсэн байхад Монголынх үүнээс 2.5 дахин өссөн үзүүлэлттэй буй. Өөрөөр хэлбэл, монголчууд, Монголын газар нутаг цаг уурын өөрчлөлтийг илүү мэдрэг хүлээн авна гэсэн үг. Энэ нь биднийг цаг агаараас үүдэлтэй аливаа сорилтод бэлэн байх, цаашлаад олон улсын гэрээ, конвенцод хүлээсэн үүргээ ухамсарлаж, дорвитой арга хэмжээ авахыг сануулсаар байна.