Чингэлтэй дүүргийн иргэн М.Ариунтуяа хоёр хүүхэдтэй. Багш мэргэжилтэй түүний нэг сарын цэвэр орлого 780 000 орчим төгрөг. Тэрбээр зургаа, найман насны хүүхдүүдтэй, өрх толгойлсон эмэгтэй. М.Ариунтуяагийн нөхөр хувиараа хөдөлмөр эрхэлдэг, нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй байсан тул өөд болсных нь дараа хүүхдүүдэд нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах боломж бүрдээгүй аж. Эл өрхөд хоёр хүүхдийнх нь сар бүрийн тэтгэмж 40 000 төгрөгөөс өөр нэмэлт орлого байгаагүй ч өнгөрсөн сард 200 000 төгрөг авсан гэлээ. Гэр хороололд амьдардаг, орон сууц болон автомашины зээл төлдөггүй, жижгэвтэр байшинтай, халаалтыг нь цахилгаанаар шийдэн, шөнийн тарифтаа хөнгөлөлт эдэлдэг, охидынх нь сургууль, өөрийнх нь ажил хооронд ойрхон зайтай зэрэг нь илүү зардал гаргахгүй байхад дөхөм болдог аж. М.Ариунтуяа өрхийнхөө төсвийг ариг гамтай зарцуулж, зарлага бүрээ тооцон, хуримтлал үүсгэхийг ч хичээдэг бөгөөд доорх мэдээллийг өгсөн юм.
Тэднийх гурван сард 25 кг гурил, нэг хонины мах хэрэглэдэг гэлээ. Мөн нэг сард тав орчим кг цагаан будаа иддэг гэв. Хашаандаа дөрвөн ам метр бүхий зуны хүлэмжид өргөст хэмх, улаан лооль, навчит байцай, найм орчим ам метр талбайд байцай, лууван, сонгино, саримс тарьдаг аж. Намарт хураасан ургацнаасаа 40-50 шил ногооны дарш бэлтгэдэг бөгөөд төмснөөс бусад ногоог худалдан авдаггүй. М.Ариунтуяа нэг сарын хүнс, ахуйн хэрэглээний зардал, цахилгаан, ус, хог, утасны төлбөрөө 300 000-350 000 төгрөгт багтаахыг зорьдог. Тэрбээр илүү зардал гаргахгүйг хичээн хэрчсэн гурил, хөлдөөсөн бууз, банш худалдан авдаггүй бөгөөд махаа бөөнд нь авчихдаг гэв. Харин хоёр хүүхдийнхээ сар бүрийн 40 000 төгрөгийг хадгаламжид хийн хуримтлуулж байжээ.
Коронавирусийн тархалтын улмаас хөл хорио тогтоосон нь өрхийн орлого, зарлагад нь хэрхэн нөлөөлж буй талаар “Бага насны хүүхдүүдтэй тул ажилдаа өдөр бүр очих шаардлагагүй, гэртээ байна. Үндсэн цалин буюу 600 000 гаруй төгрөг авч байгаа. Манайх хоёрдугаар сараас хойш хоёр сард нэг шуудай гурил, нэг хонины мах иджээ. Бас цахилгааны төлбөр хүйтний улиралд нэг сард 30 000 орчим гардаг байсан ч 45 000-50 000 болж өссөн байна. Учир нь гэрт байнга хүнтэй, шалаа халааж байснаас шалтгаалсан. Манай хэрэглээний зардал сүүлийн гурван сарын хугацаанд 40-50 хувиар нэмэгдлээ. Хоёр хүүхэд маань өглөө гараад л сургууль дээрээ үдийн унд, хоол идчихдэг, би гэрээсээ бэлтгээд явдаг тул хүнсэнд бага мөнгө зарцуулахад нөлөөлдөг” хэмээн ярив. Тэрбээр хүүхдийн мөнгө аравдугаар сар хүртэлх хугацааны нэг сая, хувьцааны ногдол ашиг хоёр хүн 160 000 гаруй төгрөг авах болсон нь (бага хүүхэд нь хувьцаагүй) дундаж орлоготой иргэдэд том дэмжлэг болохыг онцолж байв.
Хан-Уул дүүргийн иргэн Н.Энхболдынх зургаан ам бүлтэй. Эхнэр нь багш, өөрөө уламжлалт эмнэлгийн бариа заслын сувилагч бөгөөд хүүхдүүд нь 3-13 насных. Өрхийн нэг сарын орлого нь 1.5 сая гаруй төгрөг боловч гэрийн эзэгтэй дөрвөн жилийн хугацаатай цалингийн зээл авсан тул дээрх мөнгөний 40 орчим хувийг нь суутгуулдаг аж. “Ковид-19”-өөс үүдсэн хөл хорионы улмаас өрхийн орлого нь буураагүй ч зардал нь бараг 50 хувиар нэмэгдсэнийг дурдлаа. Тэднийх зөвхөн цалингийн орлогодоо найдаж суулгүйгээр мөнгө олж болох бүхий л боломжийг ашигладаг гэнэ. Эзэгтэй нь монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй, дунд сургуулийн ахлах ангиудад хичээл заадаг тул үдээс хойш зарим үед илүү цагаар ажиллах боломж бүрддэг аж. Тиймээс хувийн хэвшлийн бага сургуулиудад монгол хэлний хичээл болон төгсөгчдөд эсээ хэрхэн бичиж сурахыг заадаг бол гэрийн эзэн дуудлагаар тариа, дусал, бариа засал хийн нэмэлт орлого олдог юм байна. Гэхдээ олон хүүхэдтэй, тэд нь бүгд сургууль, цэцэрлэгт явдаг учраас сарын орлогоо арай ядан хүргэдгийг онцлов. Н.Энхболдынх орон сууцны лизингэд сард 520 000, автомашины зээлд сард 310 000 төгрөг зарцуулдаг аж. Байрны мөнгө хүйтний улиралд буюу 10-4 дүгээр сард 50 000-60 000, цахилгаан, ус, интернэтийн төлбөрт сард нийт 90 000 гаруй төгрөг өгдөг гэлээ.
Мөн нийт орлогынхоо 40 орчим хувийг хүнс авахад зарцуулдаг бол хүүхдүүд болон өөрсдийнхөө нэр дээр хадгаламж нээлгэж амжаагүйгээ дурдсан юм. Тэднийх хөдөө малтай учраас мах авахад төдийлөн их мөнгө зарцуулдаггүй нь давуу тал боловч олсон орлого нь сар сардаа л яг хүрэлцэн, зарим үед танил талаасаа мөнгө зээлэх шаардлага гардаг байна. Гэрийн эзэгтэй И “Олон хүүхэдтэй айлын орлогын дийлэнхийг хүнсэнд зарцуулдаг. Нөхөр бид хоёр ажил ихтэй, илүү цагаар ажиллан гэртээ оройтож ирдэг тул бэлэн бүтээгдэхүүн авч хоол хийх нь цөөнгүй. Ер нь миний тооцоолж буйгаар улирал бүр хүнсний бүтээгдэхүүний үнэ өсдөг. Иргэд махны үнэ нэмлээ гэж их ярьдаг ч ургамлын тос, элсэн чихэр, шар, цагаан будааны үнэ бага хэмжээгээр байнга л өсчихсөн байдаг. Хоёр жилийн өмнө шар будаа нэг кг нь 2500 орчим төгрөг байсан бол өдгөө 4000-5000, цагаан нь кг тутамдаа 1000 төгрөгөөр өсчихсөн байгаа. Эмч, багш нарын цалинг жил бүр тодорхой хувиар нэмдэг ч хэрэглээний үнийн өсөлтийн улмаас худалдан авалтын хэмжээ, чанар сайжирдаггүй, хуримтлал үүсгэж чаддаггүй” гэлээ.
Зарим өрхийн орлого, зарлагын талаар “Одонтой ээжүүдийн групп” зэрэг фэйсбүүк хуудсаар дамжуулан бичил судалгаа хийв. Уг судалгаанд 150 гаруй айл оролцжээ. Эдгээр өрхийн 63.5 хувь нь 5-7, 18.6 хувь нь 7-9, 10.9 хувь нь 3-5 ам бүлтэй. Сарын дундаж орлогоор нь ангилбал 39.6 хувь нь 800 000, 28.6 нь 800 000-1 000 000, 19.5 хувь нь 1-1.5 сая төгрөгийн орлоготой гэжээ. Түүнчлэн цалингаас өөр орлогогүй 63, цалингаас гадна сард 300 000 хүртэлх төгрөгийн ашиг олдог өрх 20.8 хувийг эзэлжээ. Нэмэлт орлогыг хувиараа такси үйлчилгээ үзүүлэх, хичээл заах, гар дээрээс бараа, бүтээгдэхүүн борлуулах зэргээр олдог гэв. Дээрх айлуудын 65 хувь нь хадгаламжгүй гэсэн бол 20 гаруй хувь нь бага зэргийн хуримтлал үүсгэсэн гэж хариулсан. Улмаар цалин орлогынхоо 34 орчим хувийг зээлийн төлбөр, 30 гаруйг нь хүнс авахад, 15-ыг нь ахуйн хэрэглээ буюу байр, цахилгааны төлбөрт зарцуулдаг гэнэ.
Өрхүүдийн нэг хувь нь л заримдаа гэр бүлээрээ кино үзэж, хүүхдүүдээ тоглоомын төв, парк руу дагуулан явж, гэрийн багш хөлсөлж, фитнес, гоо сайхны үйлчилгээ авдаг байсан гэв. Хөл хорионы улмаас сүүлийн дөрвөн сард дээрх айлуудын 30 хувийнх нь орлого 30 гаруй хувиар буурчээ. 23 хувь нь орлогынхоо 50, 9.3 хувь нь 70 хувиа алдсан гэсэн бол 21 орчим хувийнх нь цалин, орлогод өөрчлөлт ороогүй юм байна. Харин хэрэглээнийх нь зардал 2-4 дүгээр сард дунджаас 30-40 хувиар өссөн гэж дээрх өрхүүдийн хоёрны нэг нь дүгнэсэн бол 50 гаруй хувиар нэмэгдсэн гэж 33.3, 50-70 хувиар өссөнийг 9.2 хувь нь онцлов. Үүнээс гадна 50 гаруй хувь нь “Хүүхдийн мөнгө” өрхийн орлогод нэмэр болдог. 100 000 төгрөг болгосон нь том тусламж гэлээ. 21.3 хувь нь хүүхдэд нь зориулсан мөнгийг хадгалдаг, 29.7 хувь нь эл мөнгө амьжиргаанд нь тодорхой хэмжээгээр дэмжлэг болдог гэдгийг дурдсан байв. Түүнчлэн инфляц өрхийн орлогыг нь өсгөхгүй байхад нөлөөдлөг, эсэхийг тодруулахад, 40 орчим хувь нь бараа, бүтээгдэхүүний үнэ сар, улирал тутам тодорхой хэмжээгээр “чангардаг”. Энэ нь өрхийн төсөвт илэрхий “дарамт” учруулдаг гэлээ. Харин 6.7 хувь нь инфляц шууд нөлөөлдөг, эсэхийг тооцоолоогүй, 5.9 хувь нь сайн мэдэхгүйгээ илэрхийлэв.
Мөн дээрх айлуудын 60 гаруй хувь нь өрхийн орлого, зарлагаа нарийвчлан тооцож, хөтөлдөггүй, цалингаа үндсэн зээлүүддээ зарцуулаад үлдсэнийг нь сарын хэрэглээндээ зориулаад таардаг гэж хариулсан юм. 15 орчим хувь нь аль болох мөнгө хураахыг зорьж, сард 20 000-50 000 төгрөгийг хадгаламжид хийдэг аж. Цаашид ямар нэгэн байдлаар хөл хорио тогтоон, иргэд ажилгүй болж, өрхийн орлого улам багасвал юу хийж, хэрэгжүүлбэл зохих талаарх асуултад 154 айлын 50 гаруй хувь “Орлогоо хэрэглээндээ зарцуулаад дуусдаг. Зарим үед их, бага хүүтэй зээл авч амьжиргаагаа залгуулдаг учраас хадгаламжтай болж чадахгүй, хүүхдүүд өсөхийн хэрээр зардал бүр их нэмэгдэх тул хэрхэхийг хэлж мэдэхгүй” гэж хариулав. Тэдний 20 хувь орчим нь ямар нэгэн байдлаар хуримтлал үүсгэх ёстой юм байна, зардлаа танаж, ариг гамтай байх учиртайг ойлгосон гэжээ. Харин 10 хувь нь илүү өндөр цалинтай, эдийн засгийн хямралд бага өртөхүйц ажил мэргэжил сонгох, боловсролдоо хөрөнгө оруулах нь зүйтэй гэсэн байв. Үүнээс гадна дээр дурдсан бүх айлын төлөөллөөс “Хүүхдийн мөнгө”-ний нэмэгдэл, хувьцааны ногдол ашиг, нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлт зэргээс хэдий хэр орлого олох болон уг мөнгийг хуримтлуулах боломжтой, эсэхийг лавлахад “Сайн тооцож үзээгүй ч нэмэлт орлогоо хадгалж сураагүй юм байна. Магадгүй илүү тансаг бараа, бүтээгдэхүүн худалдан авч, төлөвлөөгүй зардал гаргадаг” гэж дийлэнх нь хариулсан.
Үндэсний статисикийн хорооноос гаргасан өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын тайланд дурдсанаар манай улсын өрхийн нэг сарын дундаж орлого 1.4, зарлага нь 1.3 сая төгрөг гэжээ. Айл өрхүүдийн дундаж орлого жил ирэх бүр өссөөр дээрх дүнд хүрсэн боловч зардал нь мөн нэмэгдсээр байгаа юм. Хэрэв өрхийн орлогоо өсгөхийг хүсвэл иргэд олсон мөнгөө ариг гамтай зарцуулахаас гадна сар бүрийн орлогынхоо 30 хүртэлх хувийг тогтмол хадгалах, ажилгүй болсон тохиолдолд 2.5 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн хуримтлалтай байвал зохихыг эдийн засагчид зөвлөж буй. Тэгвэл Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас гаргасан өрхийн орлого, хуримтлал, хямралын үеийн эдийн засгийн талаарх судалгаанд 10 000 орчим иргэнийг хамруулахад тэдгээрийн 72 хувь нь хадгаламжгүй, 10 гаруй хувь нь нэг сар орчим хэрэглэх мөнгөтэй гэсэн байна. Хадгаламжгүй, эсвэл маш бага хэмжээтэй мөнгөтэй байгаа нь иргэд бага цалинтайгаас гадна өрхийн төсөв зохион, зардлаа хянадаггүй, нэмэлт орлого олбол төлөвлөөгүй зүйлд зарцуулдагтай холбоотой биз ээ. Мөн өнөөдрийн орлогыг байнгын мэтээр бодож, цалин хөлс нь тасрахгүй юм шиг ханддаг нь нөлөөлдөг аж.