Иргэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны ногдол ашгийг хэзээ тараах вэ гэж асуун үнэт цаасны данс нээлгэсэн брокер, дилерийн компани руугаа утасдах нь ихэсжээ. Иргэдэд эзэмшүүлсэн 1702 ширхэг хувьцааны ногдол ашгийг тавдугаар сарын 1-нээс хуваарилна гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлага өмнө нь мэдэгдсэн.
Ингэснээр олон нийтийн дунд хүлээлт үүссэн юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэс Тавантолгой” компаниас үнэт цаасны дансаа банкны данстайгаа холбуулсан нэг сая орчим иргэний ногдол ашгийг Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвд шилжүүлсэн гэж мэдээлсэн. Уг мэдэгдлийн дараа иргэд үнэт цаасны компаниуд руу утасдах нь улам ихэссэн байна. Харин брокерууд ногдол ашгийг хэзээ хуваарилах талаар мэдээлэлгүй байгаа аж.
Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийнхөн одоогоор 1.8 сая иргэний үнэт цаасны дансыг нээлгээд байгаа аж. Үүнээс 700 гаруй мянган иргэний үнэт цаасны данс банкны данстайгаа холбогдсон гэнэ. “Эрдэнэс Тавантолгой” компаниас эхний ээлжид үнэт цаасны дансаа банкны данстайгаа холбуулсан иргэдийн ногдол ашгийг тараахаар 60 тэрбум төгрөгийг төрийн сангийн дансанд байршуулжээ. Өөрөөр хэлбэл, ногдол ашиг тараах эхний ээлжийн эх үүсвэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын гарт орсон гэсэн үг. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр Сангийн яамнаас ногдол ашиг тараах бүх мөнгийг бүхэлд нь шилжүүл гэж “Эрдэнэс Тавантолгой” компаниас нэхэж буй гэнэ. Хөрөнгийн зах зээлийн шинжээчдийн дунд “Сангийн яамныхан бүхэлд нь шилжүүл гэж нэхэж буй нь зөв. “Эрдэнэс Тавантолгой” компани төсөл, хөтөлбөр санхүүжүүлээд мөнгөгүй болж магадгүй”, “Эрх баригчид сонгуулийн оноо цуглуулах тохиромжтой үеийг хүлээгээд ногдол ашгийн мөнгийг дансандаа байлгасаар байна” гэх мэт байр суурь, таамаг хөвөрч байна.