Европын комисс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй хангалттай тэмцдэггүй хэмээн үзэж 12 улсыг “хар жагсаалт”-д оруулж магадгүй байгаа тухай “Reuters” мэдээлэв. Тодруулбал, санхүүгийн системд аюул учруулж болзошгүй гэж үзэн Монгол, Панам, Бахам, Барбадос, Ботсвана, Маврики, Камбож, Мьянмар, Никарагуа, Зимбабве, Ямайка, Гана улсыг багтаах магадлалтай аж. Шийдвэрийг хараахан эцэслээгүй агаад өнөөдөр танилцуулахаар төлөвлөжээ. Европын Холбооны хуулийн дагуу гишүүн орнуудынх нь банк болон санхүүгийн бусад байгууллага дээрх жагсаалтад орсон улсуудын харилцагчдад илүү хатуу хяналт тавьдгийг дурдсан байв. Жагсаалтад багтсан орнуудад ирэх аравдугаар сараас ийм арга хэмжээ авч эхлэх нь. Мөн хэрэв ийм жагсаалтад орвол компаниуд Европын Холбооноос шинээр санхүүжилт авах боломжгүй болох гэнэ. Одоогоор уг жагсаалтад Афганистан, Ирак, Вануату, Пакистан, Сири, Йемен, Уганда, Тринидад ба Тобаго, Иран, Хойд Солонгос багтаж буй. Ташрамд дурдахад, Европын комисс санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх шинэ байгууллага бий болгох аж. Эргэн сануулахад, Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)Монгол Улсыг өнгөрсөн аравдугаар сард мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр стратеги хангалтгүй гэж үзэн “саарал жагсаалт”-д оруулсан билээ.