Хүн төрөлхтөн хүнсээ хөрс шороо, газраас ургуулдаг. Газар нь тэнгэрийн “харьяат” учир байгаль, цаг уурын нөлөө, хур тунадасны хэмжээ хүмүүсийн өлсөх, эсэхийг шийдэх нь бий. Гэхдээ гар хөдөлбөл ам тосдохын үлгэрээр тэнгэр хангайтай “тэмцэлдэн”, уралдсаар бид үрээ суулгаж, ургацаа хураан, гурил, төмсөө үйлдвэрлэсээр байна. Манай улсад шинжлэх ухааны үндэслэлтэй газар тариаланг хөгжүүлсэн 60 жилийн хугацаанд хүнсний ногоо, жимс, жимсгэнийн талбайг бараг 100, төмснийхийг 58.7, үр тарианы талбайн 1.24 хувийг усалгаатай болгожээ. Энэ нь газар тариалангийн нийт талбайн 12.5 хувийг механик аргаар усалж байгаа дүн юм.
Усалгаатай талбайн хэмжээнд улаан буудайнх өчүүхэн бага хувийг эзэлж буй нь дээрх тооноос харагдана. Тиймээс жилийн жилд буудайн тариалалтаас ургац хураалт хүртэлх хугацаанд тун их хөдөлмөр, анхаарал, шаарддаг. Тэгвэл энэ хаврын улаан буудай болон бусад таримлын тариалалтын бэлтгэл ажил, ургацын таамаг, цаг уурын төлөвийг хэрхэн үнэлж байгаа бол.
Манай улсад аймаг, сум, суурин газрын ойр орчмын 156 хэсэгт, 1500 гаруй аж ахуйн нэгж улаан буудай, 27 000 орчим иргэн, аж ахуйн нэгж төмс, хүнсний ногоо, бусад таримал тариалж байна. Тэд өнгөрсөн онд үр тариа 400 000 гаруй, төмс 190 000, хүнсний болон нарийн ногоо 100 000 орчим тонныг хураан авчээ. Энэ нь манай улсын үр тариа, төмсний хэрэгцээг бүрэн хангасан бол хүнсний, нарийн ногооны хэрэглээний 60 хувьтай дүйцсэн дүн аж. Харин энэ хавар урьд жилүүдийнхээс илүү хариуцлагатай байж, бүтээмжтэй ажиллах учиртайг төр, хувийн хэвшлийнхэн хаана хаанаа зөвшөөрөх байх. Цар тахал дэгдсэн учраас тэр. Үүнтэй холбоотойгоор хүнсний хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангах, экспортын бүтээгдэхүүнд найдахгүй байх, хилийн хорио цээр удаан үргэлжилсэн ч хүнсний хомсдолд өртөхгүйгээр тооцон хаврын тариалалтыг эхлүүлэх нь. Юуны түрүүнд, айл бүр атар газар эзэмших буюу өрх бүр үйлдвэрлэгч болж, өөрсдийн хүнсээ базаах уриалгыг салбарын яамнаас дэвшүүлжээ.
Айл өрхүүд хашаандаа, зуслангийн газартаа төмс, хүнсний ногоо тарих, хүлэмж байгуулах, шинээр газар эзэмшихийг бүх талаар дэмжих гэнэ. Нийт тариалангийн талбайг 15 хувиар нэмэх зөвлөмж, санамжийг ч орон нутгуудад хүргүүлэв. Голын ай сав, үржил шимт хөрс, өмнө нь тариалан эрхэлж байгаад атаршсан газруудыг боломжит нөхцөлөөр иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгох, тариалан эрхлэхийг нь дэмжин, үр, бордоо, ургамал хамгааллын бодис зэргээр хангахыг үүрэг болгожээ. Энэ хавар нэмэгдүүлсэн дүнгээр төмс 11 000, хүнсний ногоо 9000, тос болон тэжээлийн ургамал 71 000 орчим га талбайд тарихаар төлөвлөсөн аж. Мөн 360 000 орчим га-д улаан буудай тарьж, хүлэмжийн хэмжээг 20 га-гаар өсгөх юм байна. Ингэснээр хүнсний болон нарийн ногооны импортын хэмжээг 20 хүртэл хувиар бууруулж, улаан буудай, гурил, үрийн нөөцийг дотоодоосоо бүрэн бэлтгэхээр тооцжээ. Иргэд, аж ахуйн нэгжүүд 700 га талбайд хүрэлцэхүйц хүнсний ногооны үрийг харьяа сум, дүүргийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас авч болох бол ОХУ-аас улаан буудайн 5000 тонн элит үр авсныг дотоодын нөөцтэйгөө нийлүүлснээр тариалалтад хүрэлцэхийг ХХААХҮЯ-наас мэдээлэв. Тус яаманд харьяалагддаг техник, тоног төхөөрөмжүүдийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох тул сонирхсон иргэд, аж ахуйн нэгж Хөдөө аж ахуйг дэмжих санд хандаж болох нь.
Манай улсын газар тариалангийн салбарт улаан буудайн тариалангийн механикжуулалтын түвшин 85, төмснийх 70, хүнсний ногооных 50 орчим хувьтай байдаг юм байна. Үүнийг дээшлүүлж, гар ажиллагааг халан, бүтээмжийг өсгөх зорилготой гэдгийг холбогдох мэргэжилнүүд дурдаж байлаа. Түүнчлэн өнгөрсөн өвөл нийт нутгаар цас их унаж, түрүү жилийнхтэй нь харьцуулахад өдгөө хөрс чийгтэй байгаад газар тариалангийн салбарынхан олзуурхаж буй юм. Цаг уур, орчны шинжилгээний газраас тавдугаар сард газар тариалангийн голлох бүс нутгаар хур тунадас орно гэсэн нь шар тос л гэсэн үг. Харин зургадугаар сард олон жилийн дунджаас илүүтэй халах төлөвтэй учраас хөрсний чийг хамгаалах ажлыг сайтар хийж, манайд нутагшсан, ганд тэсвэртэй, түргэн болцтой сортын үрээр буудай тариалах зэргийг агротехнологийн энэ хаврын зөвлөмжид дурджээ. Гэхдээ нэг сум, баг зэргэлдээ талбайд ч хөрсний угтвар чийг болон темпаратурын хэмжээ харилцан адилгүй байх тохиолдол цөөнгүй тул тухайн газар, талбайд тохирсон аргачлал боловсруулж, мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг дагах нь чухал гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна. Үүнээс үзэхэд, энэ хаврын тариалалтыг эхлүүлэх ажлын бэлтгэлийг ханган, төлөвлөгөөгөө боловсруулж дуусжээ. Айл өрхүүд өөрсдийн хүнсний хэрэгцээг хангахыг зорихоос гадна шаардлагатай тохиолдолд улсаас дэмжлэг авч болох нь. Товчхондоо, хэн хүнгүй хичээн ажиллаж, гараа хөдөлгөн, газартайгаа “нөхөрлөх” л үлдлээ.
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Ц.БОЛОРЧУЛУУН: Зээл, тусламж хүссэн 25 000 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн материалыг шийдвэрлэхээр ажиллаж байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Болорчулуунаас зарим зүйлийг тодрууллаа.
-Хаврын тариалалтын бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?
-Үрээ хараахан суулгаж эхлээгүй ч техникийн бэлэн байдлаа хангах ажлыг орон даяар эхлүүлсэн. Энэ жил бид хүнсний ногоо болон төмсний тариалалт, хураалтын механикжуулалтын түвшнийг 10 хүртэл хувиар өсгөхөөр төлөвлөн, иргэд, аж ахуйн нэгжүүдэд боломжит нөхцөлөөр тоног төхөөрөмж олгоно. Хүсэлтийг нь хүлээн авсан. Нийт 3000 орчим трактор, техникийг талбайд ажиллуулах тооцоотой бөгөөд энэ тоо нэмэгдэх магадлалтай. Мөн Хөдөө аж ахуйг дэмжих сангаас хөнгөлөлттэй зээл, үр, шатахууны дэмжлэг үзүүлдэг. Энэ онд сарын гурван хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай 150 тэрбум төгрөг аж ахуйн нэгжүүдэд олгохоор шийдвэрлэсэн.
-Зээл, тусламж авахаар хэдэн аж ахуйн нэгж хандаад байна. Ямар шалгуур тавьж байгаа вэ?
-Одоогоор 25 000 орчим компани зээл тусламж, тоног төхөөрөмжийн дэмжлэг авах хүсэлтээ ирүүлсэн. Холбогдох албад нь хүлээн авч, Хөгжлийн банканд зээлийн материалыг нь хүргүүлээд байна. Улаан буудай, төмс, хүнсний ногоо, хүлэмжийн тариалан эрхлэгч хэн ч зээл авах боломжтой. Гэхдээ мэдээж банкны шалгуурт нийцсэн, тогтвортой үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж байх шаардлагатай.
-Манайд улс усалгаатай талбайн хэмжээ бага, эрс тэс уур амьсгалтай нь улаан буудайн ургацын хэмжээг бага байлгахад нөлөөлдөг. Буудайн ургацыг нэмэгдүүлэхийн тулд ямар ажил хийж байгаа бол?
-Том хэмжээний талбайд, масс үйлдвэрлэлээр буудай тариалдаг тул нэлэнхүйд нь механикаар услах хэцүү. Дэлхий нийтэд ч буудайн тариаландаа бүхэлд нь усалгааны систем нэвтрүүлчихсэн улс байхгүй. Манайх боломжийн хэрээр усалгааны систем нэвтрүүлж буй бөгөөд өнгөрсөн онд 4.5 мянган гаруй га усалгаатай талбайгаас үр тариа хураасан бол өнөө жил эл дүнг 2000-3000-аар өсгөхөөр төлөвлөсөн. Мөн нэг га талбайгаас авах ургацын хэмжээг өсгөхийн тулд шимт болон био бордоог шаардлагатай цаг хугацаанд нь хэрэглэх, хөрсний агрохимийг тодорхойлж, шинжилгээний үр дүнг практикт ашиглах заавар, зөвлөмж аж ахуйн нэгжүүдэд хүргүүлээд байна.
-Улаан буудайн чанар, ургацын хэмжээ гурилын үйлдвэрийн шаардлагад нийцэхгүй байх нь буудайн эрэлт үүсгэн, үрийн нөөц бүрдүүлж чадахгүйд хүргэдэг. Энэ жил бүх таримлын үр, шинэ ургац хураатал гурилын түүхий эдийн нөөц хангалттай байна уу?
-Өнгөрсөн жил намар бороо оройтож, их орсны улмаас будаа боловсорч гүйцэлгүй, ногоон түрүү ихтэй ургац хураасан. Тиймээс ургацын тодорхой хувь нь гурилын үйлдвэрийн чанарт нийцэлгүй тэжээл, спирт болсон. Гэхдээ байгаль цаг уурын хараат нөхцөл, ялангуяа тариа боловсрох, ургац хураалтын үед ямар эрсдэл үүсэхийг таашгүйг мартаж болохгүй. Харин үрийн нөөцөд санаа зоволтгүй, тариалахаар төлөвлөсөн талбайд хүрэлцэхүйц хэмжээнд бий.
-Энэ хаврын тариалалт ямар онцлогтой вэ. Юунд анхаарах шаардлагатай бол?
-Мэдээж халдварт өвчин тархсаны улмаас цаашид ямар эрсдэл үүсэх талаар судалгаа хийн, нийтээрээ хүнсний хомсдолд өртөхгүй байх, аль болох дотоод нөөц бололцоогоо ашиглахыг зорьж байна. Тиймээс ч дээр дурдсан зээл, тусламжийг олгохоор төлөвлөсөн юм. Үүнээс гадна төрөөс чадлынхаа хэрээр дэмжин, ажиллах нөхцөл боломжийг нь хангахаар зорьж буйг аж ахуйн нэгжүүд, иргэд онцгой үзэж наанадаж өөрсдийн орлого ашиг, цаанадаж улс орны хүнсний хэрэгцээг тасалдуулахгүй байлгах талаар идэвхтэй ажиллах хэрэгтэй. Хаана, хэнд юу хэрэгтэй болов, ямар саад тулгарч буйгаа харьяа сум, аймаг, дүүргийн холбогдох албанд уламжилж, тусламж, дэмжлэг авахад нээлттэй. Өөрөөр хэлбэл, аль аль талдаа хичээж байж л арвин ургац хураана гэдгийг анхаарах нь зүйтэй.
ДЭЛХИЙН ЖИШИГ
Улаан буудайн ургац дээд амжилт тогтооно гэж таамаглажээ
Дэлхийн үр тарианы үйлдвэрлэл энэ жил шинэ дээд амжилт тогтоон, 2.22 тэрбум тонн болно гэж Олон улсын үр тарианы зөвлөлөөс таамаглажээ. Үр тарианы хэрэглээ эрс өсөж, 2.19-2.23 тэрбум тн болсны улмаас нөөц нь 607.9-604.6 тэрбумд хүрч, буурах гэнэ. Харин улаан буудайн дэлхийн нөөц юуны түрүүнд Хятад, Энэтхэгийн ургацын хэмжээ нэмэгдэхтэй холбоотойгоор түүхэн дээд амжилт тогтоож, 283.2 сая тн болох аж. Энэ жил ургац 768.5 сая тн байна гэж тус зөвлөл таамагласан гэнэ.
ОХУ-д энэ жил 80 сая тн улаан буудай хураахаас 38.4-ийг нь экспортлохоор төлөвлөжээ. Эл үзүүлэлтээрээ тус улс тэргүүлэх бол хоёр, гуравдугаарт орох Европын Холбоо 27.8, АНУ 26 сая тн улаан буудай худалдах аж. Өнгөрсөн оныхтой хариуцуулахад тэргүүлэгч гурваас зөвхөн Орос экспортоо 5.4 сая тн-оор өсгөх бол Европын Холбоо, АНУ тус бүр 4.8, 1.2 сая тн-оор бууруулахаар төлөвлөсөн байна.
Үнийн хувьд нэг тонн улаан буудай 200 ам.доллар байх аж. Эл үзүүлэлт өнгөрсөн жил 190-192 ам.доллар байсан гэнэ. Олон улсын үр тарианы зөвлөл улаан буудайн нөөцийн дээд хэмжээг тогтоохоор таамагласан учраас гарааны үнэ хангалттай өндөр буй аж. Шинэ төрлийн коронавирустэй холбоотойгоор байдал эрс сайжирч, ложистикийн хүндрэл учрахгүй, эрэлт буурахгүй болбол үнэ багасаж магадгүй гэж шинжээчид үзэж байна. Хэрэв таамаг нотлогдвол нэг тн улаан буудай 190 ам.доллар, түүнээс доош үнэлэгдэж магадгүй гэнэ.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас 2020 оны улаан буудайн үйлдвэрлэлийг 2019 оны эцсийн үзүүлэлтэй харьцуулаад 763 сая тн байхаар таамагласан аж. Тус байгууллага Европын Холбоо, Украин, АНУ-ын ургац тариалангийн талбайн хэмжээ багассантай холбоотойгоор буурна гэж үзжээ. Гэхдээ эдгээр улсад буурсан үзүүлэлтийг ОХУ, Энэтхэг, Пакистаны үйлдвэрлэлийн өсөлтөөр нөхөх боломжтой гэсэн байна. Энэтхэг, Пакистаны ургацын хэмжээнд хортон шавжны халдлага, борооны улирлын байдал нөлөөлж болзошгүй. Хятад улс 130 сая гаруй тн улаан буудай хураана гэж төлөвлөснөө цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор хэмжээгээ 4.3 сая буюу 1.5 хувиар бууруулжээ.
Бэлтгэсэн:З.Гал
ИНФОГРАФИК
ХУРААСАН ТӨМС, ХҮНСНИЙ НОГОО, ҮР ТАРИА, ТЭЖЭЭЛИЙН УРГАМАЛ (жилээр, мянган тонн)
УЛСЫН ХЭМЖЭЭНД ҮР ТАРИА, БУУДАЙ ТАРИАЛСАН ТАЛБАЙ (га-гаар)
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА
“Хор, бордоо, техник гурваа бэлтгэчихсэн байхад сайн ургац авч чадна”
Урин цаг наашилж, үр тариа, төмс, хүнсний ногоогоо үрслүүлэх тариаланчдын завгүй өдрүүд иржээ. Өнгөрсөн онд манай улс 387 мянган га-д улаан буудай тариалсан бол энэ онд 360 мянган га-д ургуулахаар төлөвлөөд буй аж. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын дэгдэлтээс үүдэн онцгой дэглэм тогтоосон энэ үед үндсэн нэр төрлийн үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний хангамж, нөөцийг нэмэгдүүлэх, газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай 138 дугаар тогтоол Засгийн газраас баталсан. Өдгөө тариан талбайд үрслэгээ ямар байгаатай танилцах, мөн Засгийн газрын тогтоолын дагуу аж ахуйн нэгжүүдэд хэрхэн дэмжлэг үзүүлж буйг сурвалжлахаар Төв аймгийн Аргалант сумын нутаг, социализмын үед Атрын сангийн аж ахуйн нэгээхэн хэсэг байсан, Шувуун давааны аманд үйл ажиллагаа явуулдаг “Хос бэрс” компанийн тариан талбайг зорилоо. Өнгөрсөн зун бараг өдөр өнжилгүй бороо орсны улмаас тариа нялхарсан. “Усан бороонд угаалгасаар байгаад болц нь хоцорч, талбайн хорт ургамлыг усалж, буудай, шарилж зэрэгцэн ургаснаас болж алаг цоог тариа хурааж авсан “бүтэлгүйхэн” жил байлаа” гэсээр тэндхийн агрономич Б.Эрдэнэчимэг биднийг угтсан юм.
Өнгөрсөн жил хашир ухаанаа ашиглаж чадалгүй багагүй тариагаа дутуу болгож, нэлээд газрыг үерт автуулсандаа халаглах тэрбээр “Тариалалт эхлэх хараахан болоогүй. Бид засварын ажлаа эхлүүлээд байна” гэсээр тариан талбай руугаа зүглэлээ. Аргалант сумын нутгийн 1700 га талбай тэдний компанийн эзэмшилд байдаг гэнэ. Өнгөрсөн жил 430 га-д улаан буудайн үр суулгасан бол энэ жил 400 га-д тарихаар болжээ. Бусад талбайд нь ногоон тэжээл, тосны ургамал тариалахаар төлөвлөсөн хэдий ч өнгөрсөн жил хөрс нь үерт урссан учир арчилгаа багагүй хийх хэрэгтэй болсон аж. Ижил өнгийн хувцас, хэрэгсэлтэй засварчин залуус трактор, комбайны эрэг, боолт мушгиж, машин, техникээ янзалж байв. Энэ жил тэд техник хэрэгсэлдээ багагүй анхаарал хандуулж байгаа гэнэ. Учир нь хаврын тариалалт, намрын ургац хураалтад хүн хүч бага байдаг учир сайн зассан техник л тэдний ажлыг “нугалдаг” гэж агрономич Б.Эрдэнэчимэг хэллээ. Тэд комбайн буюу үрлэгчийн бөгжөө хуучин дугуйгаар бүрээд бараг дуусаж байв. Газраа хагалж, үрээ суулган, дээрээс нь дэр чигжээс хийдэг эл техникийн төмөр дугуйг резинээр бүрснээр үр хөрсөндөө илүү гүн суудаг аж. Ингэснээр цацсан буудайн гарц нэмэгддэг аж. “Хос бэрс” компанийнхан 2011 онд техникээ бүрэн шинэчилжээ.
Тэдний компанийнхан өнгөрсөн жил багагүй хохирол амссан тухайгаа агрономич Б.Эрдэнэчимэг “Сургамж өгсөн жил болсон” хэмээн ярив. Уржнан жил тэднийхэн 600 гаруй тн улаан буудай хураан авсан бол өнгөрсөн жил 300 гаруйг л авчээ. Мөн 550 га талбайд тосны ургамал тарьсан боловч үерт урсаж 100 тн ургац л хураасан гэнэ. Тосны ургамлын үр үнэтэй учир багагүй хохирол амссан болохоор энэ жил аюулаас сэрэмжилж 290 га-д ногоон тэжээл тарихаар болжээ. Буудайн тариалалтаа энэ сарын 15-наас эхлэх бөгөөд техникээ засаж дуусвал тосны ургамал тарих үлдсэн талбайгаа бэлтгэхээр төлөвлөсөн байна.
Агрономич Б.Эрдэнэчимэг “Өнгөрсөн жилийн балаг борооноос болсон ч бидний буруу бас багагүй. Тариагаа үхүүлчих вий гээд хор цацаагүй юм. Уржнан жил хор цацаагүй ч тариа сайн ургасан болохоор түүн шигээ санасан. Хур их орж, хөл газрын ургамал тариатай зэрэгцэж ургасан нь хатуу ташуур боллоо. Өнөө жил ийм алдаагаа давтахгүй, хор цацах төлөвлөгөөтэй байна. Наадмаас өмнө нэг л удаа хор цацчихвал болно. Зэрлэг ургамал ургуулахгүйн тулд усанд хийж, шингэлэн цацдаг “Алмаз” гэдэг хор хэрэглэх ёстой. Энэ нь хөл газрын ургамлыг устгадаг хэрнээ буудайг гэмтээдэггүй, өндөр технологийн “ухаалаг” бүтээгдэхүүн. Зарим компани бордоотой хольж цацсан нь үр дүнтэй болсон гэсэн. Тиймээс энэ жил бордоогоо ч бас сайн хийхээр төлөвлөсөн. Одоогоор 61 тн үр аваад байна. Энэ жил үр олдохгүй, багагүй зовоолоо. Юмыг яаж мэдэх вэ, өнгөрсөн жилийн алдаагаа давтлаа гэхэд багадаа 400 тн улаан буудай хураах байх. Гэхдээ хор, бордоо, техник гурваа янзалчихсан байхад уржнан жилийнх шигээ ургац авч чадна” гэв. Төв аймагт байдал хаа сайгүй ийм байгаа аж. Тэдний талбайн замын хойд талд дөрвөн ч газар буудай тариалдаг аж. Тэд ч мөн адил тариалалтаа эхлээгүй, бэлтгэл ажлаа хангасан, ер нь тус сумынхан бүгд л иймэрхүү байгаа гэж агрономич хэлж байв.
Аргалант сумын нутгаар урин цагт тогоруу нүүдэллэн өнгөрдөг. Тэд тариан талбайд саатаж, чамгүй хохирол учруулдаг аж. Ойр ойрхон байрлах олон тариан талбайн нэгээс хөөгдөөд нөгөөд нь очиж хооллодог гэнэ. Ховор зүйлийн шувуу тул үргээгээд, зарим үед хооллоод явуулдаг аж. Гэхдээ тогоруунаас илүү хөнөөлт амьтан бол мал гэж Б.Эрдэнэчимэг хэллээ. Тэрбээр, “Сүүлийн үед малчид хариуцлагатай байж, малаа хашиж хамгаалах нь өмнөхөөсөө дээрдсэн. Хэлээд ч ойлгохгүй малчид бас бий. Мал тариан талбайд орж ирснээр хөрс сэндийлж, хөл газрын ургамал ургах нөхцөлийг бүрдүүлдэг. Тариалалтад хөл газрын ургамал хэрхэн сөргөөр нөлөөлдгийг дээр дурдсан. Тиймээс малчид минь бага ч болов хариуцлагатай байвал сайн сан” гэв.
Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай Засгийн газар 138 дугаар тогтоол баталсныг дээр дурдсан. Харамсалтай нь төрөөс тариалан эрхлэгчдэд бодитой, үр дүнтэй дэмжлэг үзүүлдэггүй талаар тус компанийнхан хэлж байв. Өнөөг хүртэл энэ компанийнхан төрийн дэмжлэг нэг ч удаа авч үзээгүй гэнэ. Тариалан эрхлэгчдийн хамгийн том бэрхшээл нь цаг агаар. “Төр нь ЦУОШГ-ынхантай хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Бүтэн жилийн цаг агаарын мэдээг бид урьдчилан мэдэж, хэдийд үрээ суулгах, хэзээ хураахаа тохируулна. Тэгвэл хохирол ч бага амсана” гэж Б.Эрдэнэчимэг ярьсан юм.
Бэлтгэсэн:Ж.Туул
БАЙР СУУРЬ
-Энэ жил хэчнээн хэмжээний талбайд хэдэн төрлийн үр тариа, хүнсний ногоо тариалах вэ. Хэдий хэрийн ургац авч, улсын нөөцийн хэдэн хувийг бүрдүүлэх вэ?
УЛСЫН ХЭРЭГЦЭЭТ ҮР ТАРИАНЫ 50- 60, ХҮНСНИЙ НОГООНЫ 28-35 ХУВИЙГ ҮЙЛДВЭРЛЭДЭГ
Б.МӨНХТӨР: (Сэлэнгэ аймгийн ХХААГ-ын дарга)
-Аймгийн хэмжээнд 182.3 мянган га талбайд ургац тариална. Үүнээс улаан буудай 142, тэжээлийн ургамал 12.5, тосны ургамал 12.5 мянга, төмс 2471, хүнсний ногоо 2729, жимс жимсгэнэ 126 га талбайд тарих юм. 279 аж ахуйн нэгж, 161 иргэн ургац тариалах бэлтгэлээ хангасан. Хөдөө аж ахуйг дэмжих сангаас үр, ургамал хамгааллын бодис, бордоо, шатахууныг 30 хувийн урьдчилгаатай, хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож эхэлсэн. Манай аймаг жил бүр улсын хэрэгцээт үр тарианы 50-60, төмс, хүнсний ногооны 28-35 хувийг үйлдвэрлэдэг. Энэ жилийн төлөвлөгөөгөөр улсын хэмжээнд улаан буудайн 42, төмсний 16.5, хүнсний ногооны 29.6 хувийг хангана. Өнөөдрийн байдлаар улаан буудай 700, төмс 78, хүнсний ногоо 84 га талбайд тариаллаа. Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 4040, Онцгой байдлын ерөнхий газрын улсын нөөцөөс 1415 тн үр авсан.
ТӨМС, ХҮНСНИЙ НОГОО ТАРИАЛЖ ЭХЭЛСЭН
Б.БЯМБАЖАВ: (Ховд аймгийн ХХААГ-ын дарга)
-Манайх энэ хавар 3900 га талбайд тариална. Үүнээс үр тариа 180, төмс 688, хүнсний ногоо 102.1, тэжээлийн ургамал 510, жимс, жимсгэнэ 569 га талбайд суулгахаар төлөвлөсөн байгаа. Одоогоор төмс, хүнсний ногооныхыг эхлүүлсэн. Малын тэжээлийг бага буюу 510 га-д тариална. Ирэх сарын 1 гэхэд тариалалтаа дуусгахаар төлөвлөсөн. Аймагтаа малын тэжээлийн томоохон үйлдвэр байгуулахаар ажиллаж буй ч төсөв, тодорхой шалтгааны улмаас түр саатсан. Цаг агаар энэ хавар тогтвортой байна. Сүүлийн жилүүдэд ургацаа төлөвлөсөн хэмжээгээр авч буй.
НЭГЖ ТАЛБАЙГААС 40 ЦЕНТНЕР ХҮРГЭЖ УРГАЦ ХУРААДАГ
Д.ТӨМӨР-ОЧИР: (Увс аймгийн ХХААГ-ын дарга)
-Тариалалтын бэлтгэлээ хангалаа. Энэ жил урьдчилсан байдлаар 27 мянга га талбайд гэсэн захиалга ирсэн. Манайх сүүлийн гурван жил ургацаа төлөвлөсөн хэмжээнээс давуулан авч буй. Нэгж талбайгаас багадаа 10, дундаж буюу ихэнхдээ 20-25, зарим тохиолдолд 40 центнер хүргэж хураадаг. Урьдчилсан байдлаар нэгж талбайгаас 11.7 центнерийг авна гэж төлөвлөдөг юм. Үр тариа, хүнсний ногоо, түүний үр, жимс, жимсгэнэ тариалж байгаа. Манайд дөрөвдүгээр сард цас орсон болохоор одоогоор чийглэг байна. Сүүлийн жил, ялангуяа өнгөрсөн зун хур бороо элбэгтэй байсан учир ургац сайн авсан. Газар тариалангийн чиглэлээр манайх хүнсний ногооны зургаан төрлийн үр тарьдаг. Үүгээрээ улсын хүнсний ногооны үрийн нөөцийн 95 хувийг бүрдүүлдэг. 36 иргэн, аж ахуйн нэгж тус нөөцийг бүрдүүлэн тариалдаг юм. Манай аймгийнхан чацаргана, чацарганы модны суулгац их үржүүлдэг. Нэг жилд 700-800 тонн чацаргана хураан авч байна.
ШИНЭ УРГАЦАА ЗАХ ЗЭЭЛД ГАРГАСАН
Ц.АЛИМАНТУЯА: (Төв аймгийн ХХААГ-ын мэргэжилтэн)
-Манай аймаг энэ жил 124.4 мянга га талбайд ургац тариална. Үүнээс буудай 85, төмс 7.8, хүнсний ногоо 1.6, тэжээлийн 11.5, тосны ургамал 10.5, жимс, жимсгэнийг 54 мянган га талбайд тарих юм. Тариалалтыг өнгөрсөн сарын 25-нд эхлүүлсэн. Одоогоор үр тариа 1264, тосны ургамал 800, төмс 221, хүнсний ногоо 47.4 га-д тариаллаа. Манайд үр тарианы 221, тэжээлийн ургамлын 321, төмсний 1613, хүнсний ногооны 1000, жимс, жимсгэнийн 500 гаруй иргэн, аж ахуйн нэгж үйлдвэрлэл эрхэлдэг. Төв аймаг өнгөрсөн сарын 27-нд хаврын тариаланчдын зөвлөгөөнөө цахимаар зохион байгуулсан. Энэ жил 318.7 мянган тонн ургац авахаар төлөвлөж буй. Манайх 7.2 га-д буюу өвлийн хүлэмжид өнгөрсөн нэгдүгээр сараас ургац тарилсан. Өнгөрсөн гурав, дөрөвдүгээр сараас шинэ ургацын ногоо зах зээлд гаргаад байгаа. 2018, 2019 онд төлөвлөсөн ургацынхаа 80-90 хувийг хангасан. Төмс, хүнсний ногооны хувьд төлөвлөгөөгөө давуулан биелүүлж байгаа. Манайх хүнс, тэжээлийн ургамлын үйлдвэрлэлээр улсдаа тэргүүлдэг. Өнгөрсөн онд Төв аймаг улсын хэмжээнд үр тарианы 22, төмсний 55, хүнсний ногооны 15.3, таримал тэжээлийн 40 хувийг үйлдвэрлэсэн.
ЦАГ АГААРТ ЗОРИУДААР НӨЛӨӨЛӨХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Б.ОЮУНТУНГАЛАГ: (Орхон аймгийн ХХААГ-ын газар тариалангийн үйлдвэрлэл, техник, технологи хариуцсан мэргэжилтэн)
-Энэ онд 4371 га талбайд ургац тариална. Үүнээс улаан буудай 3500, төмс 343, хүнсний ногоо 313, тэжээлийн ургамал 200, жимс, жимсгэнэ 15 га талбайд тариалах юм. Ирэх намар буудай 5600, төмс 4111, хүнсний ногоо 3753, тэжээлийн ургамал 400, жимс, жимсгэнэ 10 тонныг хураан авах зорилготой. Өдгөө хоёр сумын 10 гаруй аж ахуйн нэгж, 1000 орчим айл, өрх газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэхээр бэлтгэлээ хангалаа. Хаврын тариалалтыг технологийн хугацаанд чанартай гүйцэтгүүлэх зорилгоор 150 тонн үрийн улаан буудайг тариалахад зарцуулах 11 460 литр орчим шатахууны захиалгыг ХХААХҮЯ, Хөдөө аж ахуйг дэмжих санд хүргүүлсэн. Мөн дөрвөн төрлийн ургамал хамгааллын бодис, 3700 га талбайд үр тариа тариалах, 3800 га-д уринш боловсруулахад шаардагдах шатахууны захиалга өглөө. Одоогоор Хөдөө аж ахуйг дэмжих сангаас таван аж ахуйн нэгж 100 орчим тонн үрийн улаан буудайг зээлийн гэрээгээр худалдаж авсан. Хаврын тариалалтад 125 техник гаргахаар бэлдээд байна. Цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлыг 4.5 сая төгрөгөөр зохион байгууллаа. Үүний хүрээнд “Орхон бороо-I” экспедиц өнгөрсөн сарын 18, энэ сарын 2-нд үүлэнд зориудаар нөлөөлсөн. Үүний үр дүнд Баян-Өндөр, Жаргалант сумд хоёр удаа бага хэмжээний тунадас орлоо.
ТАЛАРХАЛ
Гаалийн байгууллагын ахмад ажилтан асан, бидний хайртай хүү, сайн ах, халамжит эцэг Ү.Анхзул цаг бусаар таалал төгсөж бидэнд учирсан уй гашууг хуваалцсан талийгаачийн дотны анд нөхөд, байгууллага, хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Талийгаачийн ээж, аав, дүү нар, үр хүүхэд, төрөл төрөгсөд нь