“Taobao Zahialga” фэйсбүүк хуудаснаас нэгдэх хүсэлт илгээжээ. Taobao.com бол Хятадын цахим жижиглэн худалдааны тэргүүлэгч сайт. Энэ цахим талбарт монголчуудын ёжлон хэлдгээр нохойн битүү туурай, ногоон хурганы арьснаас бусад бараа, бүтээгдэхүүн цөм бий. Taobao. com нь дэлхийн тэрбумтан Жек Магийн байгуулсан alibaba.com-ын худалдааны салбар цахим хуудас. Үүнээс гадна tmall.com цахим худалдааны сайтаар хятадууд өргөнөөр үйлчлүүлж, худалдаа хийдэг. “Taobao Zahialga” цахим хуудаснаас нэгдэх хүсэлт илгээсэн нь тус сайтад тавьсан бараа, бүтээгдэхүүнийг монголчуудад танилцуулж, худалдан авах сонирхлыг нь төрүүлэх арга. Хэрэв уг хуудсанд нэгдээд, бараа, бүтээгдэхүүнийг сонирхон худалдаж авах шийдвэр гаргавал монголчууд маань таны өмнөөс taobao.com-оос захиалга хийж өгөх нь. Өөрөөр хэлбэл, дундын зуучлалын бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байна гэсэн үг. Нөгөөтээгүүр, энэ нь Монголд хил дамнасан цахим худалдааны бизнес хэдийн хөгжиж эхэлснийг харуулах жишээ.
БНХАУ дэлхийн цахим худалдааны хандлагыг тодорхойлно гэж шинжээчид дүгнэж байна. Хятадууд захиалсан бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэгчид өдөрт нь хүргэх мэдээллийн технологи болон ложистикийн сүлжээ бүрдүүлж чадсан учраас тэр. Хэрэглэгч тусгай бар кодын тусламжтайгаар захиалсан бараа нь хаана явж буйг интернэтээс харчихдаг гэхээр цахим худалдааг өндөр түвшинд хөгжүүлсэн нь ойлгогдоно. Мэргэжилтнүүд ирээдүйд худалдааны 70-80 хувийг цахимаар хийнэ гэж таамаглаж байгаа юм. Хүүхнүүд хөлөө чилтэл дэлгүүр хэсэх биш, нүдээ аргатал гар утас, компьютер ширтэн гэрээсээ бараа, бүтээгдэхүүн худалдан авах цаг айсуй. Бараа, бүтээгдэхүүнээ дэлгүүрийн лангуунд тавьж, худалдвал тодорхой зардал гаргах нь ойлгомжтой. Ингэхээр үнэ нь нэмэгдэж таарна. Үйлдвэрийн агуулахад буй барааг цахимаар худалдаж авбал үнэ хямд байх нь дамжиггүй. Тиймээс өндөр үнэтэй брэндийн дэлгүүрүүд моодноос гарч, цахим худалдаа ноёрхох нь.
Худалдааны өөрчлөгдөж буй чиг хандлагад Монгол Улс бэлэн үү. Гадаад төдийгүй дотоодын худалдаа цахим ертөнц рүү шилжих нь эргэлзээгүй боллоо. Даяаршин буй дэлхийн чиг хандлагад хөл нийлүүлэхийн тулд хамгийн түрүүнд эрх зүйн зохицуулалт хийх шаардлагатай байх нь. Иргэд, бизнесийнхэн аль хэдийн цахимаар гадаад, дотоод худалдаа хийж эхэлсэн. Гэвч манайд Цахим худалдааны тухай хууль байхгүй. Уг хуулийг баталснаар цахим худалдаанаас үүсэх эрсдэлийг хааж, хөгжлийг нь түргэтгэх юм. Өдгөө бүрэн эрхээ хэрэгжүүлж буй Засгийн газар хуулийн төсөл боловсруулаад, УИХ-аар хэлэлцүүлж амжихгүй биз. Харин удахгүй болох сонгуулийн үр дүнгээр эмхлэн байгуулагдах Засгийн газрын яаралтай барьж авах ажлын нэг нь энэ яалт ч үгүй мөн.
Цахим худалдааг хийхэд бизнесмен, хэрэглэгчтэй нүүр тулж уулзахгүй. Хүргэлтийн үйлчилгээ ашиглаж хоорондоо холбогдоно. Хэрэглэгч өөрт тохирох хэмжээтэй хувцас цахимаар худалдан авлаа гэж бодъё. Гэтэл хүргэлтийн үйлчилгээгээр ирсэн хувцас жижиг, эсвэл том хэмжээтэй байвал яах вэ. Хэрэглэгч барааг буцаах шаардлага гарна. Гэтэл бизнесмен буцааж авахгүй гэвэл хэрхэх вэ. Хэрэглэгч хохироод үлдэх үү. Үүнийг эрх зүйн зохицуулалтаар шийдэж, хэнд нь хариуцлага хүлээлгэх “зам”-ыг зааж өгөх ёстой. Илгээмж хүргэлтийн компани бараа, бүтээгдэхүүнийг тээвэрлэх замдаа эвдэх, эсвэл үрэгдүүлбэл хэн хариуцлага хүлээх вэ гээд зохицуулалт хийх өчнөөн харилцаа гарах нь ойлгомжтой. Эдгээрийг зохицуулж байж, эмх цэгцтэй хэрэглэгчид хүрсэн бизнесийн харилцаа үүсэх учиртай.
Олон улсыг хамарсан цахим худалдааны нэгдсэн зохицуулалт хийхэд ихээхэн ярвигтай байгаа аж. Дэлхийн худалдааны байгууллага өдий хүртэл цахим худалдааны хэлэлцээрийг баталж чадаагүй нь хэд хэдэн шалтгаантай гэнэ. Манай улс зохиогчийн эрхийг хамгаалах, импорт, экспортын татварыг шударгаар хураах, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах механизмыг хэрхэн бүрдүүлэх нь тодорхойгүй байгаа учраас “гацжээ”. Бараа, бүтээгдэхүүний мэдээлэл цахим талбарт нээлттэй тавигдах тул дуурайлган хийх магадлал маш өндөр. Мөн бизнесмен, хэрэглэгч нар бараагаа ямар үнээр худалдах тохиролцоо хийснийг тодорхой мэдэх боломжгүй учраас импорт, экспортын татварыг үнэн, зөвөөр хураах боломжгүй аж. Мэдээж хэрэг хил дамнах ч юм уу, холын зайнаас худалдаа хийх учраас хэрэглэгч хохирох магадлал өндөртэй.
Уг нь харилцан худалдаа хийдэг орнуудын эрх зүйн зохицуулалт ижил төстэй байх шаардлагатай. Ийм л нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хүн төрөлхтөн Дэлхийн худалдааны байгууллагыг үүсгэж, 160 орон гишүүнээр элссэн. Цахим худалдаа нь өргөн хүрээг хамарсан ойлголт учраас толгой байгууллага нь хүртэл нэгдсэн зохицуулалт хийж чадахгүйд хүрчээ. Тиймээс манай улс ямаршуу нийтлэг үндэслэлийг баримжаалж Цахим худалдааны тухай хуулийг боловсруулах вэ. Ази, Номхон далайн орнуудын цаасгүй худалдааны хэлэлцээр байгуулсан. Зарим мэргэжилтэн үүнд нэгдсэний дараа цахим худалдааны эрх зүйн зохицуулалтаа боловсруулах хэрэгтэй гэж үзэж буй.
Цахим худалдаа Монголд хэрхэн хөгжиж байна вэ. Бүдүүлэг хэлбэрээр, бизнесмен-хэрэглэгч, бизнесмен-бизнесмен хоорондын итгэлцэлд тулгуурлан хөгжиж байгаа гэхэд хилсдэхгүй. Аймаг, сумын төвийн дэлгүүрийн эзэд Улаанбаатарт биеэр ирж бараа, бүтээгдэхүүнээ худалдан авахаа больсон. Фэйсбүүкээр видео чат хийж, бараагаа сонгоод, төлбөрийг нь банкаар шилжүүлж байгаа. Харин хүргэлтийг нь орон нутгийн тээврийн жолооч нар гүйцэтгэдэг хэвшил тогтжээ. Энэ бол цэвэр итгэлцэлд тогтож буй цахим худалдаа. Улаанбаатарт худалдаачид хүргэлтийн үйлчилгээ нэвтрүүлсэн. Фэйсбүүк хуудсаараа дамжуулан бараагаа танилцуулаад, утсаар захиалгаа аван хүргэж өгч байна. Тэгвэл цахим гадаад худалдааг дээр дурдсанчлан дундын зуучлагчид мөн л фэйсбүүк хуудсаар дамжуулан гүйцэтгэж байгаа. Цахим худалдааг дагаад илгээмж хүргэх үйлчилгээ ихээхэн хөгжих нь илэрхий боллоо.
Цахим худалдааны шинэ хандлагатай нийцүүлэн МҮХАҮТ-ынхан “Хил дамнасан цахим худалдаа” төслийг өнгөрсөн жил санаачилсан. Уг төсөл нь ӨМӨЗО-ы Баяннуур аймагт Монголын үндэсний үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнийг танилцуулах павильон нээснээр эхэлсэн юм. Хятадууд тус павильонд ирж, манай бараа, бүтээгдэхүүнтэй танилцаад, худалдан авахыг хүсвэл цахимаар захиалга өгч, худалдаа хийх шийдэл юм. Манайхан анхны чингэлэг барааг өнгөрсөн оны сүүлчээр тийш нь ачуулсан. Төслийн хүрээнд энэ жил зургаан хотод Монгол бараа, бүтээгдэхүүний павильон нээхээр төлөвлөсөн ч “Ковид-19” өвчнөөс шалтгаалан ажлаа хойшлуулжээ. Эл төсөл монгол бараа, бүтээгдэхүүнийг цахим худалдааны талбарт нэвтрүүлэх нэг алхам байв.
Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Олон улсын эрх зүйн болон Иргэн, эдийн засгийн эрх зүйн секторын “Цахим худалдааны олон улсын эрх зүйн зохицуулалт” судалгааны тайланд “Ойлгомжтой, оновчтой хууль, эрх зүйн орчинтой байх нь цахим худалдаанд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, цаашилбал түүний хөгжлийг урамшуулахад чухал үндсэн нөхцөл болно. Өдгөө хүчин төгөлдөр мөрдөж буй эрх зүйн бүтэц нь цахим худалдаанд ерөнхийдөө ашиглаж болох ч ийм систем байхгүй үед боловсруулсан. Одоогийн байгаа, цаасан дээр суурилсан зарим эрх зүйн систем нь зохицуулах боломжгүй, дэлхийн цахим худалдаанд сөргөөр нөлөөлөх тодорхой бус байдлыг бий болгох, бизнесийнхэн болон хэрэглэгчдийн дунд цахим худалдаанд итгэх итгэлийг нэмэгдүүлж чадахгүй байх магадлалтай. Тохиромжтой зохицуулалт чухал гэдгийг хүлээн зөвшөөрснөөр улс орнуудын Засгийн газар цахим худалдаанд нийцсэн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шинэчлэл хийж байна” гэж дурдсан байв. Мэдээллийн технологийн хөгжлийг даган өргөжин тэлж буй цахим худалдааг зохицуулах эрх зүйн орчин бүрдүүлэх нэн шаардлагатайг дээрх судалгаа нотлон харуулжээ.