“Эрдэнэс Тавантолгой” компанийн “1072 хувьцаа мэдээллийн төв”-өөс өчигдөр ээлжит цахим хурлаа зохион байгууллаа. Өнгөрсөн долоо хоногт тус төвийн утас руу 1276 хүн ярьсан бол 307 иргэн ирж мэдээлэл авсан гэв. Ингэснээр утсаар болон ирж 100 000 гаруй хүн мэдээлэл авчээ. Өдгөө дансаа нээлгэсэн иргэний тоо 2 036 000-д хүрсэн нь нийт хувьцаа эзэмшигчийн 80 орчим хувь аж. Ер нь 1072 хувьцаа эзэмших эрхтэй иргэдийн олонх нь 2011-2016 онд өөрт ногдох хувиас захиран зарцуулсан бөгөөд өдгөө 15 000 орчим хүний үнэт цаас бүрэн байгаа тооцоо гарчээ. Үүнээс гадна дээрх компани энэ сарын 20-25-нд 49 500 тонн нүүрс экспортолсноор нэгдүгээр сараас хойш 902 000 тонныг борлуулсан дүн болов. Ташрамд дурдахад, өнгөрсөн амралтын өдрүүдэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн уурхайд хэсэг уурхайчин эсэргүүцэл илэрхийлэн, жагссан. Энэ нь туслан гүйцэтгэгч TTJVCо компани нь 10 ажилчнаа үйлдвэрчний эвлэлд элссэн гэсэн шалтгаанаар халж, том оврын техникийнх нь жолооч “Эрдэнэс Тавантолгой”-н есөн хүнийг ажиллуулахгүй гэсэнтэй холбоотой гэнэ. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” ажилчдаа өөр хэсэгт шилжүүлсэн бол TTJVCо-гийн 10 хүн шүүхэд гомдол гаргахаар болжээ.