Энэ онд улсын хэмжээнд улаан буудай 360 000, тосны болон тэжээлийн ургамал 83 200, төмс 16 000, хүнсний ногоо 11 600, жимс, жимсгэнэ 7300 орчим га талбайд тариалах тооцоог Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргажээ. Хаврын тариалалтын ажлын бэлтгэлийг технологийн дагуу хийж буй бөгөөд “Хүнсээ бэлтгэх нь бүх нийтийн үйлс”, “Өрх бүр хүнсээ бэлтгэе” уриатайгаар тавдугаар сарын эхний 10 хоногт багтаан эхлүүлэх гэнэ. Тиймээс тариалангийн бүс нутгуудад баримтлах ерөнхий зөвлөмж гаргаснаа ХХААХҮЯ яам мэдээллээ. Ирэх зургадугаар сард нийт нутгаар олон жилийн дунджаас агаарын хэм 1.5-2 градусаар дулаан, хур тунадас бага байх төлөвтэй тул хөрсний чийг тэр хэрээр алдагдаж болзошгүй гэв. Тиймээс хангалттай чийгтэй хөрсөнд 3.5, багатайд нь гурван сая ширхэг соёолох чадалтай үр тариалах хэрэгтэй аж. Үүнд тухайн бүс, талбайд зохицсон, манайд нутагшсан, “Дархан-144”, “Дархан-181”, “Бурятская-34”, “Арвин” зэрэг үрээр тариалахыг зөвлөсөн байна. Мөн үрийн норм бага буюу 2.5 ширхгээр соёолох чадвартай, эрт болон дундын болцтой, ганд тэсвэртэй үрийг тухайн талбайн бүсчлэл, онцлог, цаг уурын төлөвөөс шалтгаалан тарьж болох нь.
Нутагшуулж, нарлуулан, ариутгасан үрээр тариалах, усалгаагүй тариалангийн талбайг хагалж, элдэншүүлэхээс татгалзахыг зөвлөв. Түүнчлэн талбайгаа шаардлагатай тэжээлээр бордох, тариалсны дараа булдах, гуурстай талбайд тарих, эсэхээ орон нутгийн хэмжээнд шийдэх, хэрэв тарихаар бол үрийн хамт азотын бордоо хийх шаардлагатай гэлээ. Үүнээс гадна манай улсад 3-4 жил тутамд 1-2 удаа ган, хуурайшил тохиолдон, ургац алдаж буйг анхаарч, тариалангийн технологийг зөвхөн мэргэжлийн агрономичийн удирдлага, заавраар хэрэгжүүлэх ёстойг дурджээ. Дэлхий нийтэд цар тахал дэгдэн, цаашид ямар үр дүн дагуулах нь тодорхойгүй энэ үед аж ахуйн нэгж, айл өрх бүр боломжийн хэмжээгээр төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тарьж, хүнсээ базаах нь чухлыг онцлов.