Хүнсний ногооны импортын татварыг нэмэгдүүлснээр гадаадаас худалдан авч буй бүтээгдэхүүний үнэ өсөн, зах зээл нь хумигдан, дотоодын үйлдвэрлэгч, газар тариалан эрхлэгчдийг дэмжинэ хэмээн ХХААХҮЯ-ныхан тооцжээ. Улмаар ажлын байрыг олшруулж, салбарын бүтээмжийг дээшлүүлэх боломж бүрдэх аж. Хүнсний ногоо, жимс, жимсгэнийн үйлдвэрлэлд төрөөс зарцуулах хөрөнгө, техник хангамжийг нь сайжруулна гэлээ.
Импортын 10 хувийн татварыг 30 болгох тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр болсон юм. ХХААХҮЯ-ны Газар тариалангийн хөгжил, бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Болорчулуун “Хүнс үйлдвэрлэлийн салбар дахь импортын хамаарлыг бууруулах, эх орны бүтээгдэхүүнээр зах зээлээ хангахад дэмжлэг үзүүлэх нь төрөөс баримтлах үндсэн бодлого. Манай улс төмс, лууван, шар манжинг дотоодоосоо бүрэн хангадаг. Харин бусад төрлийн болон нарийн ногоо, жимс, жимсгэнийн нийт хэрэглээний 70 орчим хувийг импортолдог. Ер нь бүх төрлийн таримлын ургацыг өсгөх зорилгоор энэ онд улсаас жилийн гурван хувийн хүүтэй, 150 тэрбум төгрөг олгох юм. Мөн 700 га талбайд хүрэлцэхүйц хүнсний ногооны үрээр хангана, үр авах аж ахуйн нэгж, хувь хүн харьяа дүүргийнхээ хөдөө аж ахуйн газарт хандаарай. Үүний зэрэгцээ аж ахуйн нэгжүүдэд өвлийн хүлэмж барих дэмжлэг үзүүлж, ийм хүлэмж бүхий талбайн хэмжээг 20 га-гаар нэмнэ. Ингэснээр өвлийн хүлэмжийн одоо ашиглаж буй хэмжээг бараг хоёр дахин тэлэх юм. Гэхдээ татвар нэмсэн даруйд гадаад худалдан авалт багасаж, үндэсний үйлдвэрлэгчдийн тариалалт, нийлүүлэлт өснө гэж болохгүй. Дотоодын хангамж аажмаар өргөжин, яваандаа хүнсний зарим ногооны импорт тэглэгдэх байх” гэв.
Манай улсад аймаг, сум, суурин газрын ойр орчмын 156 хэсэгт 8688 аж ахуйн нэгж, 30 000 гаруй өрх, хувь хүн төмс, хүнсний ногоо тариалдаг юм байна. Өнгөрсөн онд 190 000 тонн төмс, 90 000 гаруй тонн хүнсний ногоо хураан авчээ. Энэ нь таван жилийн өмнөхөөс төмс 20, хүнсний ногооны хэмжээ 30 орчим хувиар өссөн дүн юм. Мөн жилд 5000 гаруй тонн нарийн ногоо тариалан, 15 000-16 000 тонныг импортолдог аж. Түүнчлэн 2017 онд гаргасан судалгаанд бид жимс, нарийн ногоог оролцуулан жилд 190 000 орчим тонн хүнсний ногоо хэрэглэдэг гэжээ. Сүүлийн гурван жилд тус бүр 80 000-90 000 тонн хүнсний ногоо хураасан байна. Энэ нь 100 000 тонныг гадаадаас худалдан авдаг гэсэн үг. Тиймээс энэ онд импортын татварыг нэмж, тариалалтад хөрөнгө, техникийн дэмжлэг үзүүлснээр хүнсний ногооны ургацыг 40 хувиар өсгөн, импортын дүнгийн 60-70 хувьтай тэнцэхүйц хэмжээнийхийг дотоодоос хангахаар төлөвлөсөн нь таатай мэдээ. Хүнсний ногооны ургацыг өсгөхийн тулд хөрөнгө, техникийн тусламжаас гадна тариалах талбайг бүх аймаг, сумд нэмэгдүүлэхийг зорьж байгаа гэсэн. 2013 онд “Чингис” бондын санхүүжилтээр зоорь барьсан аж ахуйн нэгж олон гэдгийг салбарын яам мэдээлсэн. Тэд зоорио зориулалтын дагуу ажиллуулахгүй байх, хадгалалтын өртгийг нь өндөр тогтоосноор ногоочдод ашиггүй байгаа зэрэг дутагдал илэрсэн юм билээ.
Тиймээс зоорийн эздэд санал хүргүүлсэн бөгөөд аж ахуйн нэгжүүд урт хугацаанд бүтээгдэхүүнээ хадгалах нөхцөл бүрдүүлэх, уян хатан үнийн бодлого баримтлахыг даалгажээ. Энэ нь дотоодын үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр хямд үнээр, стандартад нийцсэн байгууламжид хадгалах боломж бүрдүүлэх зорилготой юм байна. Гэхдээ төрөөс үзүүлж буй дэмжлэг, бодлого нь нийт иргэд, хэрэглэгчид өгөөжгүй байх, зөвхөн тухайн аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийг дэмжих, орлогыг өсгөх шалтгаан болоод өнгөрөх талтай гэх хүн ч бий. Тодруулбал, зах, худалдааны төвүүдэд дотоодод тарьсан нэг кг улаан лоолийг 10 000-11 000, өргөст хэмхийг 9000-10 000 төгрөгөөр борлуулж байна. Харин импортынх үүнээс бараг хоёр дахин хямд байгаа юм. Хэрэв татварыг нь өсгөсөн ч импортын бүтээгдэхүүний үнэ дотоодынхоос харьцангуй хямд хэвээр байвал их хэмжээний санхүүжилт олгосон нь үр дүнгүй болно гэхэд буруудахгүй болов уу. Нөгөөтээгүүр, татвар нэмсний улмаас зах зээл дэх хүнсний ногооны хоёрны нэгийг эзэлдэг импортын бүтээгдэхүүний хэмжээ илт багасах, дотоодын үйлдвэрлэгчид хангамжаа дийлэхгүй байх, үнэ хөөрөгдөх шалтгаан болж ч мэдэх юм. Нийлүүлэлт буурвал эрэлт өснө, эрэлт өсвөл үнэ нэмэгдэх магадлалтай.
Бэлтгэсэн: С.Цэрэндулам
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА
Төмс, лууван өрөөстэй, харин байцай, сонгино дуусжээ
Манай улсад хүнсний ногоо хадгалах орчин үеийн технологи, тоноглол бүхий зоорь жилээс жилд нэмэгдэж буйн нэг нь “Эрдэнэ энх трейд” компанийнх. Уг зоорь нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн XX хороо, 22-ын товчоо орчимд байдаг. Өдийд тэнд ямар ажил өрнөж байдаг талаар сурвалжлахаар очсон юм. 2-3 давхар, хэд хэдэн орцтой, улбар шар өнгийн байр тэр чигээрээ зоорь аж. Манаач нь “Цахилгаан тасарсан үеэр ирлээ дээ. Доторх нь сайн харагдахгүй болов уу” гэсээр угтсан юм. Гол хаалгаар нь ороход 20-иод хүн үрийн төмс ялгаж байлаа. Ялгасан төмсийг өөрсдийнхөө Зүүнхараа дахь ногооны талбай руу ачуулахыг нь ачуулж, худалдаж авъя гэсэн байгууллага, хүмүүст ч өгөх гэнэ.
Зоорь олон тасалгаатай бөгөөд төмс, лууванг хүнсний ногоо удаан хадгалахад зориулж Франц улсад тусгайлан хатаасан модоор хийсэн хайрцгуудад хийж, өндөр гэгчийн таазанд тулган байршуулжээ. Энэ хайрцагт 900 граммаас нэг тонн хүртэлх жинтэй ногоо багтдаг. Тухайлбал, төмсийг бага зэргийн чийгтэй байхад нь хийж, температурыг гурван градуст барихад аажим хатах бөгөөд арван сарын дараа ч гэсэн шинэхэн хэвээр байдаг аж. Зоорь бүхэлдээ автомат удирдлагатай тул гадаа хэчнээн хүйтэрч, эсвэл халсан ч доторх температур өөрчлөгдөхгүй аж
Манаач нь давхар үүрэгтэй. Зоорийн аюулгүй байдал талаас сонор сэрэмжтэй байхын зэрэгцээ автомат удирдлагад доголдол гарсан шинж илэрвэл удирдлагадаа мэдээлнэ. Захирал, эсвэл менежер доголдлын талаар удирдах дээд байгууллага болох Нидерландын компанид мэдэгдэхэд тэндээс инженерүүд нь засдаг аж. Эрүүл мэндийн салбарт ийм түргэн шуурхай үйлчилгээ, хамтын ажиллагаа байдгийг мэдэхээс хүнсний ногоо хадгалах арга, технологид энэ мэтийн дэвшил хэдийн нэвтэрснийг сая мэдсэндээ ичив. “Эрдэнэ энх трейд” компанийн үүсгэн байгуулагчид 1998 оноос улаан буудай, хүнсний ногоо тариалж эхэлсэн юм байна. Үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөтгөсөөр өнөөдөр өөрсдийн байгуулсан томоохон хэмжээний зоориндоо ч багтахгүй төмс, хүнсний ногоо хурааж авдаг хүчин чадал бүхий аж ахуйн нэгж болон хөгжжээ. Тус компани ургац хураах үеэр буюу есдүгээр сарын эхнээс арваннэгдүгээр сарын эхэн хүртэлх хугацаанд нийслэл, Зүүнхараагийн хооронд 14-15 машинаар хүнсний ногоо татдаг аж.
Төмс гэхэд гала, каскада, конкордо зэрэг сортоор нь тариалж, “Барс” худалдааны төвд дөрвөн цэгээр дамжуулан худалдахын сацуу цэцэрлэгүүд, цэргийн ангиудад гэрээгээр нийлүүлдэг. Мөн “Номадс” ресторан, “Шангрилла“ зочид буудал, “И март” дэлгүүр зэргийг хангадаг байна.
Сонгинын үрийг Нидерландаас, төмснийхийг мөн тус улсаас болон Германаас авдаг. Өөрөөр хэлбэл, тэдгээр улсынх гэхээр чанартай байдаг гэж үзээд хэрэглэгчид нь тогтвортой харилцаатай байдаг юм болов уу гэж санан асуухад нярав нь “Зоорь сайн болохоор чанараа алддаггүй” гэлээ.
Цэвэр цэмцгэр хашаанд өнөөх, ящик гэж хэлж заншсан хайрцгууд хэдэн зуугаараа өрөөстэй, “сул зогсолт” хийж байгаа нь шар болон хүрэн манжин, байцай дууссаных аж. Эднийд ийм франц хайрцаг 2000 гаруй байдаг ажээ.
Компанийн захирал Б.Чинбаяртай утсаар ярихад “Хөдөө явж байна. Манайхантай холбогдоорой” гэсэн юм. Зүүнхараад ажил ундарч байгаа бөгөөд өнөөдөр сонгино тарьж эхэлж буй. Компанийнхан тэнд 100 метр урт, 20 метр өргөн 20 ширхэг хүлэмжид өргөст хэмх тэргүүтэй ногоо тариалдаг байна. Бас шар болон хүрэн манжинг ч эрт ургацынхаар тарьж, нийслэлчүүдийн хүнсний хэрэгцээнд зориулдаг ажээ.
Бэлтгэсэн: Р.Оюунаа
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Б.ТУЯА: Импортын хүнсийг эрүүл мэндэд хортой гэж ойлгох нь өрөөсгөл
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Б.Туяагаас хүнсний ногооны импорт, тээвэрлэлт, хадгалалт, борлуулалтын үеийн стандарт, хяналт шалгалтыг хэрхэн явуулдаг талаар тодрууллаа.
-Хүнсний ногоо, жимс жимсгэнийн импорт болон хадгалалт, тээвэрлэлтийн үед ямар шаардлага тавьдаг вэ?
-МХЕГ-аас зургаан сарын хугацаанд хүчин төгөлдөр байх мэдээллийг аж ахуйн нэгжүүдээс шаарддаг. Энэ нь хагас жил тутамд тухайн борлуулагч гадаад дахь харилцагч, худалдан авагч байгууллагын талаарх мэдээгээ шинэчлэн, ирүүлдэг гэсэн үг. Харин экспортлогчид нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн, баталгаажсан үйлдвэр, аж ахуйн нэгж байх журамтай. Мөн хилээр бүтээгдэхүүн оруулж ирэхэд шууд үзлэг хийн, лабораторид шинжилдэг. Шинжилгээгээр хүнсний ногоо, жимснээс ургамлын өвчин, хортон шавж илрэх нь бий. Хэрэв хортон шавжтай болон бусад шаардлагад нийцээгүй бүтээгдэхүүн илэрвэл хилээр нэвтрүүлэлгүй буцаадаг. Тээвэрлэн авчирсан ногоо, жимсний 4-5 хувь нь буцаагдах нь бий. Ер нь хэрэглэгчдийн олонх нь БНХАУ-аас оруулж ирдэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг хүний эрүүл мэндэд хортой хэмээн ойлгодог нь ташаа юм. Манайх стандарт шаардлагыг тавин, шалгаж, цаад талын улсын байгууллагаар баталгаажсан бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлдэг.
-Тээвэрлэлт, хадгалалтын горимыг компаниуд хэр мөрддөг бол?
-Хэдэн жилийн өмнө, тухайлбал, Замын-Үүдийн боомтоор хүнсийг “УАЗ-469” автомашинд чихээд авчирдаг байсан нь өөрчлөгдсөн. Өдгөө бүтээгдэхүүн бүрийн чанарт тохирсон хөргөлттэй, бүхээгтэй, битүүмжлэлтэй тээврийн хэрэгсэл ашигладаг болсон.
-Зах зээл дэх хүнсний ногоо, жимсний хадгалалт, борлуулалтыг шалгах үед ихэвчлэн ямар дутагдал илэрдэг вэ?
-Бид хүнсний ногооны чанар аюул -гүй байдалд байнга хяналт тавин ажилладаг. Жил бүр улсын хэмжээнд гурван үе шаттай шинжилгээ хийдэг. 2019 онд 50 гаруй нэрийн, 3714 дээжийг шинжлэхэд 47 нь буюу 1.6 хувь нь стандартын шаардлага хангаагүй. Үүнд төмс, улаан лооль, өргөст хэмхэд ургамлын өвчин, сонгино, байцайнд хортон шавж илэрч байв. БНХАУ-аас оруулж ирсэн сонгино, дотоодод тарьсан тарвас, лууван, хулуунд нитритийн үлдэгдэл зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр байсан нь бий. Харин аюулгүй байдлын гол үзүүлэлтийн нэг болох пестицидийн үлдэгдэл импортын болон дотоодын ногоонд стандартаас хэтрээгүй байсан.
Улсын хэмжээнд нийт 210 гаруй мянган тонн багтаамжтай нүхэн, энгийн, механикжсан гэсэн гурван төр-лийн зоорь бий. Шалгалтад хамруулсан 104 зоорийн 76.6 хувь нь стандартын шаардлага хангасан. Энгийн болон нүхэн зоориудад бичил уур амьсгалыг автоматаар тохируулах боломжгүй тул горим алдагдан, хадгалалтын үед ургамлын өвчлөл ихсэж, хөгц, мөөгөнцөр үүсгэн, хорогдол их гарах нь бий.
Бэлтгэсэн: С.Цэрэн
БАЙР СУУРЬ
Хүнсний ногооны хэрэглээгээ дотоодоос бүрэн хангах боломж бий, эсэх, үүний тулд юунд анхаарах нь зүйтэй талаар газар тариалан эрхэлдэг аймгуудын мэргэжилтэн болон компанийн төлөөллөөс тодрууллаа.
ЗӨВ БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛБЭЛ ХЭРЭГЛЭЭГЭЭ ХАНГАХ БОЛОМЖТОЙ
С.ЭНХБОЛД (Төв аймгийн Жаргалант сумын газар тариалангийн мэргэжилтэн):
-Хүнсний ногооны үр өндөр үнэтэй байгаа нь ногоочдод бэрхшээл учруулж байгаа. Нэг га талбайд тарих байцайны үр гэхэд 1.2-1.3 сая төгрөг байх жишээтэй. Өдгөө хүнсний ногооны үр импортлох хэмжээ ч багасаж байх шиг байна. Ногоо тарихад шаардлагатай бага оврын тоног төхөөрөмж үнэтэй байгаа нь мөн хүндрэл үүсгэж буй. Жижиг техникийг Хятадад борлуулж буйгаас хоёр дахин илүү үнээр худалдаж байгаа нь ч бий. Нөгөөтээгүүр, хүнсний ногоо гэхээс илүү үр тариа тарих илүү сонирхолтой болсон. Хүнсний ногоо тарихад гар ажиллагаа ихтэй. Гэхдээ ногоо тарих сэтгэлтэй, чадвартай хүн манай сумд олон бий. Талбай ч хангалттай. Жаргалант сум гэхэд Монгол Улсын төмсний хэрэглээний гуравны нэгийг хангадаг. Товчхондоо, үр, техник, тоног төхөөрөмжийн асуудлыг шийдчихвэл, бодит дэмжлэг үзүүлж, зөв бодлого хэрэгжүүлэн, үр дүн гаргаж чадвал хүнсний ногоогоо дотоодоос хангах боломжтой. Намар ургацаа хураахад орлогоос нь эргэн төлүүлэх байдлаар санхүүгийн дэмжлэг үзүүлж ч болно шүү дээ. Хүнсний ногоо тарихад үр тарианд олгодог шиг хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй. Одоо бол хүнсний ногооны үрэнд ямар ч хөнгөлөлт үзүүлдэггүй.
ТАТВАР НЭМЭХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГА БАЙХГҮЙ
Б.ЧИНБАЯР (“Эрдэнэ энх трейд” компанийн захирал):
-Монгол Улс төмс, шар манжин, луувангийнхаа хэрэглээг дотоодоос хангадаг. 6-7 дугаар сард л лууван импортолдог. Манайх зарим төрлийн ногооныхоо хэрэгцээг бүрэн хангаж чаддаггүй. Хүнсний ногооны импортын татварыг нэмэх нь манай улсад зайлшгүй шаардлагатай зүйл биш гэж харж байна. Импортын татвар нэмэгдвэл сонгино, байцай, хүрэн манжин зэрэг ногооны үнэ лав өснө. Сэрүүн цаг уураас шалтгаалж Монголд сонгино тарихад тийм ч тохиромжтой биш юм шиг санагддаг. Манайд оройтож дулаарч, эрт хүйтэрдэг. Хятад сонгиныг бөөндөө кг-ыг нь 1000 төгрөгөөр борлуулж байна. Гэтэл Монголд тарьсан нь одоогийн байдлаар 5000-6000 төгрөгийн үнэтэй.
Иймээс хүмүүс хямдыг нь л худалдан авч байна. Манай компани сонгинын үрээ Нидерландаас авчирдаг, нэг кг нь 9000 орчим төгрөг буюу өндөр үнэтэй. Байцайны хадгалах горимоос шалтгаалаад цөөнгүй хүн хураан авсныхаа талыг нь муутгах тохиолдол гардаг. Ингэж муутгачихаар бөөнд нь кг-ыг нь 2000 төгрөгөөр зарахаас өөр аргагүй. Монгол байцайг шинэ жил хүртэл иддэг гэхэд болно. Хадгалалт даадаггүйгээс болоод “ясан” цагаан болчихдог. Гэтэл хятад байцай нов ногоон, кг нь 800-900 төгрөг. Энэ нь хүмүүсийн худалдан авалтад нөлөөлөх нь тодорхой. Ер нь хүнсний ногооны үнийг жилийн турш тогтвортой байлгахад анхаарах нь зүйтэй. Зээл авч чаддаг хэсэг нь л зоорьтой болчихсон ч түүнийгээ ногоогоор дүүргэж чадахгүй байгаа. Зарим нь үнэд оруулж байгаад борлуулна гэж хадгалж байгаад бүр өртэй үлдэх нь ч бий. Мөн хөдөө ажиллах хүн олддоггүй учраас бэрхшээл тулгардаг. Хөрс ялзмаггүй болж байгаа тул бордоогоор “нүддэг”. Ер нь хүнсний ногооны хэрэглээгээ дотоодоос бүрэн хангаж чадахгүй болов уу.
ЗЭЭЛИЙГ ТЭГШ, ХҮРТЭЭМЖТЭЙ ОЛГОВОЛ ҮР ДҮНД ХҮРНЭ
Б.МӨНХТӨР (Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга):
-Сэлэнгэ аймаг энэ хавар 144 мянган га талбайд улаан буудай, 1200 га-д арвай, 3000 га талбайд овъёос, 3287 га-д бусад үр тариа, 12 мянган га талбайд тэжээлийн ургамал, 21 мянган га-д тосны ургамал, 2495 га талбайд төмс, 2620 га талбайд хүнсний ногоо буюу нийт 191 мянга га талбайд тариалалт хийхээр төлөвлөн бэлтгэл ханган ажиллаж байна. Дэлхий нийтийг цочроож буй “Ковид-19”-өөр халдварласан тохиолдлын тоо манай улсад нэмэгдэж байгаатай холбоотойгоор аймгийн Засаг даргын санаачилгаар өрх бүр өөрсдийн хэрэгцээт төмс, хүнсний ногоог хашаандаа тарьж ургуулах уриалга гаргасан.
Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэснийг цаг үеэ олсон, зөв зүйтэй алхам гэж үзэж байгаа. Уг зээлийг тэгш, хүртээмжтэй олговол үр дүнд хүрэх болов уу. Сэлэнгэчүүдэд ногоо тарих туршлага, газар байна. Хөрөнгө мөнгө, үр, бордоо л дутагдана. Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхэлдэг өрхүүдийг дэмжсэнээр хэрэглээгээ дотооддоо хангах нөөц, боломж бидэнд бий. Гагцхүү шинэ ургацын ногоог худалдан борлуулах механизмд анхаарах нь зүйтэй. “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэж үг бий. Төмс, хүнсний ногоогоо жилийн турш хадгалах, үнийг нь тогтвортой байлгах нөхцөл бүрдүүлж, зоорь, агуулахын багтаамжийг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай.
ДЭЛХИЙН ЖИШИГ
Үйлдвэрлэгчдээ дэмжихийн тулд хүнсээ дотоодоос хангахыг эрмэлздэг
Дотоодын хүнсний ногооны хангамжаа дээшлүүлэх нь тухайн улсын үндэсний аюулгүй байдал, тэр дундаа хүн амын эрүүл мэндтэй холбоотой. Тиймээс ч эцэг, эх болон улсын тэргүүлэх зорилт болсон хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахын тулд дунд сургуулийн хүнсний хангамжид импортын бүтээгдэхүүн оруулдаггүй жишиг олон оронд байна. ОХУ-ын Засгийн газар дотоодын үйлдвэрлэлээ дэмжин, бодитойгоор өргөжүүлсний үндсэн дээр хүнсний зарим нэр, төрлийн бүтээгдэхүүний импортоо шат дараатайгаар хязгаарлаж байна. Тухайлбал, энэ сарын 3-ны шийдвэрээр өргөст хэмх, улаан лоолийн импортыг хязгаарлажээ. Урьд нь 2016 онд ийм жагсаалтад загас, давс, үхэр, тугал, тахианы мах, бяслаг, сүү, цагаан будаа, элсэн чихэр, дарс орсон. Тэр үед ОХУ нийт хэрэгцээнийхээ гуравны нэг хувийг дотоодоос хангадаг байсан учир ногоо, жимсийг уг жагсаалтад оруулаагүй аж. Импортын ногооноос татгалзсан нь эх орны үйлдвэрлэлийг дэмжих, хүлэмжийн ногооны салбарыг хөгжүүлэх, тэдгээрийн зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэжээ. Тус улсын жимс, ногооны холбооноос дэвшүүлсэн саналын дагуу салбарын яамнаас нь импортыг хязгаарлахаар шийдвэрлэжээ. Өнгөрсөн онд тус улс 104.5 сая ам.доллароор 100 мянга орчим тн өргөст хэмх импортолжээ. Хамгийн том нийлүүлэгч нь Хятад, Иран, Беларусь байв. 636.6 сая ам.доллароор 557.7 мянган тн улаан лоолийг Азербайжан, Турк, Хятадаас авсан байна. 2019 онд хүлэмжийн ногооны 1.14 сая тн ургац хураасан нь өмнөх оныхоос 14 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Энэ жил ургац хураалт зургаан хувиар ихсэж, 1.25 сая тн-д хүрнэ гэсэн таамгийг ХААЯ-наас нь гаргажээ.
Казахстанд “Kazakh export” компанийн тусламжтайгаар дотоодын үйлдвэрлэлээ дэмждэг. Ийм дэмжлэгтэйгээр зөвхөн өнгөрсөн нэг жилд тус улсын экспортлогч 70 аж ахуйн нэгж 400 тэрбум гаруй тенгегийн гэрээ байгуулжээ. Үндэсний экспортлогчдоо дэмжихийн тулд тус компани 90 тэрбум тенгегийн даатгалын баталгаа гаргасан байна. Эл үзүүлэлт 2017 онд 40, 2014 онд таван тэрбум тенге байв.
Япон дэлхийн II дайны өмнө цагаан будааныхаа 19, улаан буудайныхаа 42, шош, эрдэнэ шишийн 60, элсэн чихрийн түүхий эдийн 96 хувийг гадаадаас авдаг байжээ. Өдгөө өндөр хөгжилтэй орнууд дундаа хүнсээр дотоодын хэрэгцээгээ хангах түвшин нь доогуур үзүүлэлттэй. Импортын хүнсний хэмжээ тасралтгүй өсөх нь үндэсний үйлдвэрлэлийн хөгжилд сөргөөр нөлөөлж, Японы хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өөрийн өртөг олон улсынхаас хамаагүй өндөр байхад хүргэдэг. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар муу нь тус улсын хамгийн эмзэг цэг байв. Тиймээс хүнсний хэрэгцээгээ хангах түвшнийг дээшлүүлэх зорилгоор дотоодын зах зээлээ хамгаалах нь тус улсын гадаад худалдааны чухал бодлогын нэг юм. Импортыг орлуулах асуудлыг шийдэх үндсэн хүчин зүйл нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлж, өртгийг бууруулах гэнэ. Үйлдвэрлэлийн цар хүрээг тэлж, түүхий эдийн үнийг бууруулан, үр тарианы гарц, мал, амьтны ашиг шимийг дээшлүүлж, зардлаа багасгаснаар ийм үр дүнд хүрэх аж. Японы газар тариалангийн салбар нь энэ чиглэлээр хөгжиж буй ч дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрэхгүй байна. Одоо үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэх бүтцийн болон зохион байгуулалтын зэрэг цогц арга хэмжээ авч буй аж.