“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг ажиллуулах сайн менежмент хийхгүй байна. Тус компанийн эзэмшилд байдаг ордуудын төмрийн хүдрийг экспортлох зорилгоор хувийн хэвшлийнхэн концессын гэрээ байгуулсан бололтой. Үйлдвэрийг хөгжүүлэх биш, хүдэр экспортлоход л анхаарлаа хандуулж байна гэж боддог” хэмээн Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Батжаргал ярилаа. Тэрбээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Ц.Даваасүрэн өмнө нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг удирдаж байхдаа ган туйван худалдаж авах аж ахуйн нэгжийг төдөн тонн хаягдал төмөр авчирч өг гэдэг байсан. Аж ахуйн нэгжүүд биднээс хаягдал төмөр худалдаж аваад, тэднийд нийлүүлэн ган туйван хийлгэдэг байлаа. Энэ бол маш сайн менежмент байсан” гэв. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” компани бол хаягдал төмөр боловсруулах манай улсын хамгийн том үйлдвэртэй аж ахуйн нэгж. Тиймээс жилд 100 мянган тонн төмөр боловсруулах хүчин чадалтай энэ үйлдвэр хаягдал цуглуулж, нийлүүлдэг компанийнхны анхаарлын төвд байнга байдаг юм.
...Тэгэхээр ган туйвангийн хэрэглээнийхээ 20 хүрэхгүй хувийг дотооддоо үйлдвэрлэж байна гэсэн үг. Мөн манай улс жилд 80 орчим мянган тонн ган бөмбөлөг хэрэглэдэг аж...
Хүдэр боловсруулан төмөр гарган авч болно. Мөн тоног төхөөрөмж, эдлэл хийсэн төмрийг дахин боловсруулах боломжтой. Ерөөс төмөр болон өнгөт металл нь устаж алга болдоггүй материал юм. Төмрийг хэд хэдэн удаа боловсруулж, эд хэрэгсэл, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн материал хийж болно. Тиймээс төмөрлөгийн үйлдвэрлэлийн нэгэн нөөц нь хаягдал төмөр. Манай улсад жилд 150-180 мянган тонн хаягдал төмөр гардаг аж. Дахивар авах цэгийн ченжүүд өмнөх жилүүдэд дунджаар 130 орчим мянган тонн хаягдал төмөр цуглуулдаг байжээ. Уул уурхай хөгжиж, овор томтой техник хэрэгсэл ашиглах болсноор төмрийн хаягдал нэмэгдсэн. Улаанбаатарт хаягдал төмөр худалдан авдаг 130 орчим цэг үйл ажиллагаа явуулдаг гэнэ. Тэдний цуглуулсан төмөр эдлэл, өнгөт металлыг худалдаж аваад цааш нь төмөрлөгийн үйлдвэрүүдэд нийлүүлдэг 10 компани байдаг аж. Монгол Улс жилд 500-600 мянган тонн төмөр эдлэл хэрэглэдэг гэсэн баримт бий. Тэгэхээр нийт хэрэгцээнийхээ гуравны нэгийг хаягдал төмрийн нөөцөөр бүрдүүлэх боломжтой нь харагдана. Манай улс 1998 оноос өмнө нь БНХАУ руу хаягдал төмөр их хэмжээгээр экспортолж байсан түүхтэй. Тухайн үед хаягдал төмрийн нөөцгүй болох дөхөж байсан гэдэг.
Үүнийг мэдэрсэн улстөрчид дээрх онд УИХ-ын тогтоол батлуулж, “Шар айраг, ундааны хаягдал лаазнаас бусад хаягдал хар болон өнгөт төмөрлөг /ширэм, төмөр, ган, зэс, гууль, хөнгөн цагаан, тэдгээрийн хайлш/ цутгамал болон анхдагч бусад хэлбэртэй хар болон өнгөт төмөрлөг, зориулалтын дагуу ашиглагдахгүй байгаа хар болон өнгөт төмөрлөгөөр хийсэн сэлбэг, бүтээгдэхүүн хилээр гаргахыг хориглоно” гэсэн заалт тусгасан. Энэ нь төмрийн нөөцөө гадагш алдахгүйн тулд гаргасан төрийн шийдвэр байв. Үүнээс хойш хаягдал төмөр хилээр гаргаагүй гэдэг. Харин өнгөт металл хил давуулсаар байгааг эх сурвалж дуулгав. Дахивар авах цэгүүд жилд 150-180 мянган тонн хаягдал төмөр цуглуулдгийг дээр дурдсан. Тэгвэл зэс, гууль 1000, хөнгөн цагаан, хайлш 10 мянган тонныг цуглуулдаг байна. Аж ахуйн нэгжүүд цуглуулсан зэс, гуулиа нууцаар хил давуулж гаршжээ. Манайх зэс, гуулиа өмнөд хөрш рүү ачуулдаг ч гаалийн бүртгэл дээр ямар ч тэмдэглэгээ байдаггүй. Угаас гаргахыг хориглосон материал учраас хулгайн замаар хил давуулдаг гэсэн үг.
Харин хөнгөн цагаан, хайлшаар бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох боломжтой. Тиймээс аж ахуйн нэгжүүд хөнгөн цагаан, хайлшаар тогоо, авто замын хурд сааруулагчийн хавтан хийж хил давуулдаг. Нүглийн нүдийг гурилаар хуурна гэгчээр нөгөөх нь тогоо, хурд сааруулагчийн хавтангийн хэлбэртэй боловч цул хайлш, хөнгөн цагаан байдаг. Тэд өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нэр зүүж, гаалийн татвар төлдөггүй нь бүр хоржоонтой. Д.Батжаргал “Төр, засгаас дэмжвэл өнгөт металл боловсруулах жижиг оврын үйлдвэр байгуулах боломжтой. Зөвхөн хар төмөрлөгийн үйлдвэрлэл гэлтгүй өнгөт металлаа ч өөрсдөө боловсруулах шаардлага бий” гэж ярьсан. Хэрэгтэй нь хэрэгтэй. Харин зах зээлийн нөхцөл, боломж нь таатай байх болов уу.
Төмрийг дотор нь хар төмөр, ган, ширэм, нимгэн төмөр гэж ангилдаг. Төмөрлөгийн үйлдвэрүүд хар төмрийг кг-ыг нь 300 төгрөгөөр авч байна. Хятадын хөрөнгө оруулалттай ган туйван буюу арматурын үйлдвэрүүд ийм үнээр хамгийн сайн чанарын хар төмөр худалдаж авдаг гэнэ. Чанартай төмрөө хайлуулаад, шууд арматур цуйвчихдаг. Нэмэлт бодис хийж, чанарыг нь сайжруулдаггүй аж. Иймээс “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийнхээс хямд үнэтэй арматур зах зээлд нийлүүлдэг. Барилга, үйлдвэрлэлийн салбарынхан Хятадын хөрөнгө оруулалттай компанийн арматурын чанарт эргэлзэх нь бий. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” чанар муутай хар төмрийг кг-ыг нь 200 төгрөгөөр худалдан авдаг гэнэ. Мөн ган, ширэм, нимгэн төмрийг кг-ыг нь 150 төгрөгөөр худалдаж авдаг. Ингээд “төмрийн хогоо” хайлуулж, ган туйван үйлдвэрлэнэ. Чанарыг нь сайжруулахын тулд олон төрлийн бодис хольдог аж. Энэ нь үйлдвэрлэлийн зардлыг өсгөдөг гэж “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийнхэн тайлбарладаг.
Тус компани ашигтай ажиллахын тулд нэг тонн арматураа 2.5 сая төгрөгөөр борлуулах шаардлагатай гэсэн мэдээллийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныханд өгчээ. Гэтэл Хятадын хөрөнгө оруулалттай жижиг үйлдвэрүүд тонн арматураа 1.5-1.6 сая төгрөгөөр борлуулдаг. Тиймээс тэднийх өнгөрсөн жилд тонн ган туйвангаа 1.85 сая төгрөгөөр борлуулжээ. Тонн төмрийг 200 мянган төгрөгөөр худалдан авч, бүтээгдэхүүн үйлдвэрлээд 2.5 саяар худалдахгүй бол ашиг гарахгүй байгаа шалтгааныг нь хожим хөндөх болно.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” өнгөрсөн жил 25 мянган тонн арматур үйлдвэрлэжээ. Бусад үйлдвэр 30 мянган тонныг хийсэн. Дотооддоо нийт 55 мянган тонн арматур үйлдвэрлэсэн хэрэг. Манай улс жилд 300-350 мянган тонн ган туйван хэрэглэдэг гэсэн албан бус судалгаа бий. Тэгэхээр ган туйвангийн хэрэглээнийхээ 20 хүрэхгүй хувийг дотооддоо үйлдвэрлэж байна гэсэн үг. Мөн манай улс жилд 80 орчим мянган тонн ган бөмбөлөг хэрэглэдэг аж. Гэтэл нийт хэрэглээ нь 400 мянган тоннд хүрэх юм байна. Хаягдал төмрийн нөөцөөрөө зөвхөн ган бөмбөлөг, арматур үйлдвэрлээд байхад импортыг орлож, ажлын байр нэмэгдүүлэн, хүнд үйлдвэрлэл хөгжүүлэх боломжтой нь эндээс харагдана. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” зэрэг томоохон үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллавал хаягдал төмрийн нөөцөө бүрэн боловсруулах боломжтой. Хэрэгцээ буюу бүтээгдэхүүний эрэлт байна. Нөгөө талаас үйлдвэрлэлийн хүчин чадал бий. Харин юу дутаад байна вэ.