Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, шатахууны үнэ буурсантай холбогдуулан мэдээлэл өглөө. Дэлхийн зах зээлд энэ он гарснаас хойш газрын тосны ханш хоёр дахин буурч, 30 ам.долларт хүрсэн нь дотоодод шатахууны үнийг хямдруулах нөхцөлийг бүрдүүлсэн. Улмаар шатахууны жижиглэн худалдааны үнэ дээд тал 350 төгрөгөөр хямдраад байна. Зах зээлийн төлөвөөс харахад газрын тосны үнэ цаашдаа өсөх хандлагатай байгаа аж. Тиймээс шатахууны үнийг тогтворжуулахын тулд санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашиглахаар АМГТГ-аас судалгаа хийж эхэлсэн байна. Ц.Эрдэнэбаяр “Шатахууны үнийг тогтворжуулахын тулд санхүүгийн үүсмэл хэрэгслийн опцион, фьючерс гэрээ хийх төрлийг ашиглахаар судалж байна” гэв. Опцион гэж нэг тал нөгөөдөө тухайн барааг тодорхой хугацаанд тохиролцсон үнээр худалдан авах, эсвэл худалдах эрх олгох гэрээг хэлдэг аж. Фьючерс гэж хоёр тал тогтсон үнээр тодорхой стандартчлагдсан барааг ирээдүйд товлосон өдөр арилжих гэрээг хэлдэг байна. Төрийн бус зарим байгууллагынхан шатахууны үнийг 600 төгрөгөөр бууруулахыг шаардаж буй. Ц.Эрдэнэбаяр “Газрын тосны үнэ буурсан ч шатахуун худалдан авдаг валютын ханш өссөн. Үүнээс гадна компаниудын ашиг, хэрэглэгчдэдээ олгох урамшуулал гэх мэт олон зүйлийг шингээж үнэ тогтоодог. Тиймээс өндөр дүнгээр бууруулах боломжгүй” гэж ярив.
Шатахууны үнэ 10 жилийн өмнөх дүндээ хүрч хямдрав. Газрын тосны үнэ 10 жилийн өмнөхөөс гурав дахин буурсан. Гэвч тухайн үед 1265 төгрөгтэй дүйж байсан ам.долларын ханш 2790-д хүрчээ.