“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-ийг өдгөөгөөс жил гаруйн өмнө 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар болгон, Засгийн газар шууд хяналтдаа авсан. Өнөөдрийг хүртэл эл шийдвэрээ зургаан сарын хугацаагаар хоёр удаа сунган, УИХ-ын тогтоолоор онцгой дэглэм тогтоон үйл ажиллагааг нь үргэлжлүүлж буй. Онцгой дэглэмийн хугацаа өнгөрсөн сарын 13-нд дууссан бөгөөд өчигдөр Засгийн газар ээлжит хуралдаанаараа энэ талаар хэлэлцэж, Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн нэгдүгээр зүйлийг үндэслэн зургаан сараар дахин сунгалаа. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ийн үйл ажиллагаа хэвийн, тасралтгүй, ашигтай ажиллаж байгааг танилцуулсан байна. Ирэх зургаан сарын хугацаанд эдгээр компанийн 49 хувийн энгийн хувьцааг Хөгжлийн банк болон Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банканд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексель зэрэг эх үүсвэрээс суутган тооцох хэлцэл хийж, төрийн өмчид авах арга хэмжээг зохион байгуулах гэнэ. Түүнчлэн хууль, хяналтын байгууллагаас шалгаж байгаа, “Эрдэнэт үйлдвэр”-ийн эрх ашигт нийцээгүй гэрээг хүчингүй болгох, уг хэрэг, маргааныг шийдвэрлэхийн тулд онцгой дэглэмийн хугацааг сунгаж буй аж.
Бэлтгэсэн: У.Наран