Коронавирус тархаад буй энэ үед алтны ханш 2008 онд санхүүгийн хямрал нүүрлэж байснаас илүү үнэд хүрэх, эсэхийг шинжээчид ажиглаж байна. Өнгөрсөн даваа гарагт шар металлын фьючерс ханш сүүлийн долоон жил хагасынхаа дээд түвшинд хүрснийг kitco.com цахим хуудсанд онцлов. Тэгвэл найдвартайд тооцогддог уг металлын спот ханш өчигдөр сүүлийн найман жилийнхээ дээд түвшинд хүрснийг “Reuters” дамжууллаа. Тодруулбал, алтны ханш 0.4 хувиар өсөж, унци нь 1721 ам.доллартой тэнцсэн нь 2012 оны арваннэгдүгээр сараас хойших дээд үзүүлэлтэд тооцогдов.
Унци алтны ханш 2000 ам.долларт хүрч өсөхийг үгүйсгэхгүй хэмээн шинжээчид таамагласан тухай marketwatch.com цахим хуудсанд бичжээ. Тухайлбал, “Sprott” компанийн гүйцэтгэх захирал Петер Гросскопф “Энэ жилийн эцэс, эсвэл ирэх оны эхээр унци алтны ханш 2000 ам.долларт хүрвэл гайхах зүйлгүй. Алтны ханш өнгөрсөн сард ихээхэн өссөн. Техник шинжилгээгээр богино, дунд, урт хугацаанд алтны ханш өснө гэж бид тооцсон. Санхүүгийн системд доголдол үүсвэл алт хадгалсан байхыг хэн ч хүснэ” хэмээн тэмдэглэжээ. Мөн “Citi research”-ийн Таваарын хэлтсийн дарга Эдуард Морс “Богино хугацаанд унци алтны ханш 1725 ам.доллар байна гэж тооцсон. 2020-2021 онд шилжих үед энэ дүн 2000 ам.долларт хүрэхийг үгүйсгэхгүй. Хөрөнгө оруулагчид алтыг сонирхсон хэвээр байгаа” гэж ярьжээ. Мөн тэрбээр “Хөгжиж буй зах зээлтэй зарим орны Төвбанк алт худалдан авах хэмжээгээ бууруулж байгаа. Энэ л алтны үнэд нөлөөлөх талтай” хэмээн дурдав. Тэгвэл “Aberdeen standard investments” сангийн тэргүүн Стевен Данн “Ковид-19” тархсан нь алтны ханшид хамгийн ихээр нөлөөлж байгаа. Уг таваарын тээвэрлэлт ч саатах тал ажиглагдаж байна” гэв.
Нью-Йоркийн “Comex” биржид энэ он гарснаас хойш буюу дөрвөн сар гаруйн хугацаанд уг таваарын ханш 17 хувиар өсөөд байна. Энэ нь 2011 оны түүхэн дээд үзүүлэлтээс 10 хувь доогуур гэсэн үг. Тус биржид ирэх зургадугаар сард нийлүүлэх алтны ханш найман ам.доллароор өсөж, унци нь 1761.5 “ногоон”-той тэнцсэн нь 2012 оны аравдугаар сарын 11-нээс хойших хамгийн өндөр дүнд тооцогдлоо. “Ковид-19” улс орнуудын эдийн засагт ихээхэн нөлөөлж байгаатай энэ нь холбоотойг шинжээчид дурджээ. “Goldman sachs”-ынхан хөгжиж буй орнуудын эдийн засаг энэ улиралд өмнөх гурван сарынхтай харьцуулахад 35 орчим хувиар агшина гэж таамагласан тухай “Bloomberg” уламжлав. АНУ-д гэхэд ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо нэмэгдсээр байгаа төдийгүй төсвийн алдагдал нь түүхэн дээд түвшинд хүрч магадгүй гэнэ. UBS банкны мэдээлэлд улс орнууд мөнгөний бодлогоо зөөллөж, эдийн засгаа дэмжих арга хэмжээ авч, бодлогын хүүгээ бууруулж буй нь алтны ханшид эергээр нөлөөлж байгааг тэмдэглэжээ. Бас сангуудын алт худалдан авах хэмжээ нэмэгдэж буй агаад “SPDR gold shares”-ийн нөөц гэхэд 1009 тонн давсан нь 2013 оны дунд үеэс хойших хамгийн өндөр дүн болсон аж. АНУ-д эдийн засгаа дэмжихээр нэмж 2.3 их наяд ам.доллар, Европын Холбоо 0.5 их наяд евро зарцуулах болсныг мэдээллийн хэрэгслүүд уламжиллаа.