Өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Тавантолгойн цахилгаан станц” төслийг төрийн өмчийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр болсон. Уг станцыг “Эрдэнэс Тавантолгой” компанийг түшиглэн байгуулж, төрийн өмчийн Тавантолгойн цахилгаан станцаас Оюутолгойг эрчим хүчээр хангана гэж мэдэгдсэн билээ.
“Оюутолгой”-н 66 хувийг эзэмшдэг, Нью-Йорк, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Turquoise hill resources” компани өнгөрсөн хоёрдугаар сарын 17-нд дээрх станцын ТЭЗҮ-ийг Засгийн газарт хүргүүлж буйгаа мэдэгдсэн. Тодруулбал, 300 МВт-ын хүчин чадалтай станц барихад 924 сая ам.доллар шаардлагатай гэж тооцсоноо дурдсан. Тэгвэл Засгийн газар станц барихад шаардлагатай хөрөнгө оруулалт 30, эрчим хүчний өртөг 50 хувь бага байх боломжтой гэж тооцоолсноо мэдээлсэн билээ. Энэ талаар Эрчим хүчний яамнаас тодруулахад “Төслийн санхүүжилтийг зээлээр босгоход санхүүжилтийн, менежментийн, даатгалын, зөвлөх үйлчилгээний зэрэг шууд бус зардал гардаг. Станцын хүчин чадал 450 МВт учир нэгж чадалд ногдох хөрөнгө оруулалт багасна. Төвийн бүсийн эрчим хүчний системд цахилгаан нийлүүлэх учраас үйлдвэрлэлийн хэмжээ, суурилагдсан хүчин чадал ашиглалт, ашигт ажиллагаа илүү байх тул бүтээгдэхүүний өртөгт нөлөөлнө хэмээн тооцсон. Шаардлагатай санхүүжилтийг гаргах боломжтой гэж Сангийн яам үзсэн” гэв. Тус компани санхүүжилтийн зардлыг 180-200 сая ам.доллар болно хэмээн тооцоод байсан аж. Санхүүжилтийг төрөөс гаргахад зээлийн хүү төлөхгүй зэрэг нь дүнд нь нөлөөлөх талтай. Мөн даатгалын зардлыг бууруулах, эсвэл даатгуулахгүй байж магадгүй бололтой. “Оюутолгой” компани хамгийн ихдээ 250 МВт-ын эрчим хүч ашиглах бол үлдсэнийг нь дээрх бүсийн системд нийлүүлнэ хэмээн салбарын яамныхан тооцож буй.
Уг цахилгаан станцыг төрийн хөрөнгөөр барих шийдвэрийг “Оюутолгой” компанид танилцуулсан бөгөөд дотооддоо хэлэлцсэний дараа хариу өгнө гэжээ. Засгийн газар болон “Оюутолгой” компани Тавантолгойн цахилгаан станцыг барьж байгуулах талаар Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын гэрээг 2018 оны арванхоёрдугаар сарын 31-нд байгуулж байсан. Үүнд станцын бүтээн байгуулалтын ажлыг 2020 оны нэгдүгээр улиралд эхлүүлж, 2023 онд ашиглалтад оруулна хэмээн тусгаж байв. Салбарын яамны мэдээлснээр энэ онд зохион байгуулалтын ажлыг хийж, гүйцэтгэгчийг сонгон, гэрээ байгуулах бөгөөд 2024 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй. 450 МВт-ын хүчин чадалтай станцыг 42-48 сар барьдаг жишиг бий аж. Станцыг хэн барих нь дээрх хугацаанд нөлөөлөх нь. Тодруулбал, хятадууд өдөрт 14, европчууд найман цаг ажилладаг байна. Өөрөөр хэлбэл, хаанахын, хэдэн ажилчныг оролцуулах нь станцыг ашиглалтад оруулах хугацаанд нөлөөлнө гэсэн үг. Ташрамд дурдахад, төслийг хариуцсан нэгжээс захиалж хийлгэсэн ТЭЗҮ-ийг “Оюутолгой” компани өнгөрсөн онд шинэчилжээ.