“Корона хямрал”-ын үед Олон улсын валютын сангаас дэлхий нийт эдийн засагтаа ямар арга хэмжээ авах талаарх зөвлөмжүүдийг цаг үеийн нөхцөлд нь тохируулан гаргаж байна. Хамгийн сүүлд гаргасан зөвлөмжид төсвийн болон валютын нөөцтэй улс, буурай эдийн засагтай орны авах арга хэмжээ ялгаатай байх ёстойг сануулжээ. Өөрөөр хэлбэл, нөөцгүй орон, нөөцтэйгөө дуурайж, хэрээс хэтэрсэн арга хэмжээ авч болохгүйг зөвлөсөн хэрэг. Хүн төрөлхтөн коронавирус тархахаас сэргийлж, хөл хорио тогтоосноос үүссэн эдийн засгийн хямралын үед хамгаалах-хамгаалах-дэмжих гэсэн тактикаар ажиллаж байна гэж ерөнхийлөн дүгнэж болно. Үүссэн хүндрэлтэй нөхцөл ийм тактикаар ажиллахыг дэлхий дахинд тулгаж байна.
Улс орнууд нэгдүгээрт, иргэдээ аюулт өвчинд нэрвэгдэхээс сэргийлсэн эрүүл мэндийн хамгаалах арга хэмжээ авч байгаа. Хоёрдугаарт, хөл хорио тогтоосноор иргэдийнх нь орлого багасаж, амин зуулгаа залгуулж чадахгүйд хүрэхээс болгоомжилсон арга хэмжээ авч эхэллээ. Гуравдугаарт, эдийн засгаа их хэмжээгээр агшаахгүй, ажлын байраа хадгалж үлдэхийн тулд дэмжих бодлого хэрэгжүүлж байна. Хамгаалах-хамгаалах-дэмжих арга хэмжээ авахад бүгд тодорхой хэмжээний зардалтай. Эдийн засгийн хүчин чадал, онцлогоос нь хамаарч, улс орнуудын зарцуулах мөнгөн дүн ялгаатай байх нь дамжиггүй. Цар тахлын аюул бүх орны эдийн засагт ачаа болж буй нь нийтлэг үзэгдэл болсон.
Монгол Улс эдийн засгийн буурай хөгжилтэй, хурааж хуримтлуулсан мөнгө бага. Тиймээс чадал тэнхээ, жаахан биендээ тохируулсан арга хэмжээ авахаас аргагүй. Тухайлбал, Канад, Сингапур шиг иргэдийнхээ орлогыг хамгаалахын тулд бэлэн мөнгө тараах хөтөлбөр хэрэгжүүлж чадахгүй. Валютын нөөцтэй орнууд байдал бишидвэл мөнгө тараана гэж зарлаж байна. Манай Засгийн газраас “Корона хямрал”-ыг сөрөх арга хэмжээ авахад 5.1 их наяд төгрөгийн санхүүжилт хийхээ зарласан. Эл мөнгөөр эхний ээлжинд долоон арга хэмжээг санхүүжүүлэхээр болсныг уншигчид мэдэж буй. Ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд түүхий эд бэлтгэхэд нь зориулж, 300 тэрбум төгрөгийн санхүүжилт хийх гэж буйг эс тооцвол нийгмийн даатгалын татвараас чөлөөлөх, Ажилгүйдлийн сангаас ажил олгогчид дэмжлэг үзүүлэх гэх мэт долоон арга хэмжээний дийлэнх нь иргэд, аж ахуйн нэгжийн орлогыг хамгаалах бодлого юм. Одоо эдийн засгийг дэмжих бодлого хэрэгжүүлэх нь чухал.
Монголбанк бодлогоо зөөлрүүлэх, банкуудын заавал байлгах нөөцөөс мөнгө чөлөөлөх, зээлийн төлбөрийг хойшлуулах, санхүүгийн гүйлгээний шимтгэлийг бууруулах гэх мэт мөн л долоон арга хэмжээ аваад байна. Төвбанкны мөнгөний бодлогын хүүг нэг хувиар бууруулсан шийдвэрийг эдийн засагчид сайшааж буй. Бусад орны Төвбанк эдийн засгаа санхүүжилтээр дэмжихийн тулд бүгд ийм арга хэмжээ авлаа. Монголбанк мөнгөний бодлогынхоо хүүг дахиад нэг хувиар бууруулах орон зай бий гэж эдийн засагчид тооцжээ. Тус банкны Мөнгөний бодлогын хороо удахгүй хуралдаж, хүүгээ бууруулах талаар хэлэлцэх гэнэ. Мөнгөний бодлогоо дахиад бууруулах нь баттай бололтой. Энэ бол Төвбанкны зүгээс “Корона хямрал”-ын үед авч хэрэгжүүлж буй эдийн засгийг дэмжих арга.
Тэгвэл төсвөөс эдийн засгийг дэмжих ямар арга хэмжээ авах гэж байна вэ. Олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, нөлөө бүхий эдийн засагчид хямралын үед төсвийн бодлогоор эдийн засгаа дэмжих нь хамгийн шуурхай, үр дүнтэй арга гэж зөвлөж буй. Дэлхийн эдийн засгийн хямралын өмнөх сургамжууд ч ийм арга хэмжээ авахыг хүн төрөлхтөнд “зааж өгсөн”. Гэтэл манай Засгийн газарт эдийн засгийг дэмжих тодорхой хөтөлбөр алга. Аль салбараа санхүүжилтээр дэмжих нь тодорхойгүй. Энэ талаар Санхүү, эдийн засгийн их сургуулийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан “Цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хямралын талаар Сангийн яамнаас хийж байгаа мэдээллийг харахад Монгол Улсын аль, аль салбарт ямар цохилт өгчихөөд байна вэ, цаашдаа яаж үргэлжлэх магадлалтай талаар хийсэн тооцоолол байхгүй нь ажиглагдсан. Сангийн яам макро түвшний судалгаа хийж, сангийн бодлогоор эдийн засгийг дэмжих гол институт. Тиймээс аль салбартаа “амь тариа” хийвэл эдийн засагт тулгарсан хүндрэлийн нөлөөг саармагжуулах, цаашлаад ажлын байраа хадгалах талаар судалгаа хийж, дэмжих хөтөлбөр боловсруулан УИХ-аар хэлэлцүүлэг хэрэгтэй” гэв. Мөн тэрбээр нэмж, “МҮХАҮТ-ынхны хийснээс өөр хямралын нөлөөллийн талаарх тоймтой судалгаа алга. Засгийн газар эдийн засгийг хамгаалах талд сайшаалтай арга хэмжээ авсан. Харин хямралын нөлөөг сөрөх бодлого сул байна” хэмээсэн.
Засгийн газраас хямралыг сөрөх 5.1 их наяд төгрөгийн багцын 1.7-гоор нь эдийн засгаа хамгаалах, 3.4-өөр нь хямралыг зөөллөх буюу дэмжих бодлого хэрэгжүүлнэ хэмээн тайлбарласан. Эдийн засгийг хамгаалах бодлогууд тодорхой болсон. Харин дэмжих бодлого сул байгаа нь үнэн. Тиймээс Сангийн сайдаас эдийн засгийг дэмжих хөтөлбөр боловсруулахыг шаардъя. Хямралыг сөрөх 5.1 их наяд төгрөг манай улсын өнгөрсөн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 17, энэ оны төлөвлөсөн төсвийн орлогын 43 хувьтай тэнцэх мөнгө. Жижиг эдийн засагтай манай оронд ийм хэмжээний мөнгө хямралыг сөрөхөд багадахгүй. Хамгийн гол нь эдийн засгийг дэмжих санхүүжилтээ оновчтой хийх шаардлагатай. Байгаа онохгүй бол хямралын нөлөөг саармагжуулж чадахгүй.
Эдийн засгийн хямрал бүр онцлогтой байдгийн судлаачид тогтоожээ. Азийн 1997 оны санхүүгийн хямрал валютын ханшийн уналтаар өдөөгдөн санхүүгийн зах зээлээр дамжин, эдийн засагт нөлөөлж байсан гэнэ. АНУ-ын моргейжийн зах зээлийн “сүйрэл” дэлхийн эдийн засгийн 2009 оны хямралыг үүсгэсэн. Эл хоёр хямрал эдийн засгийн марко түвшинд голлон нөлөөлсөн байна. Тэгвэл хөл хорио тогтоосноос үүдсэн “Корона хямрал” хэрэглээний бууралтаас шалтгаалан, жижиг, дунд үйлдвэрт голлон нөлөөлж буй аж. Өндөр хөгжилтэй, үйлдвэрлэл хөгжсөн Япон, Хятад гэх мэт орон хямралыг сөрөхийн тулд жижиг, дунд үйлдвэрүүдээ санхүүжилтээр дэмжиж байна. Өөрөөр хэлбэл, хямралыг саармагжуулах тэдний бай тодорхой гэсэн үг. Харин манай улсад жижиг, дунд үйлдвэрлэл дорвитой хөгжөөгүй. Тиймээс “сөрөх” санхүүжилтийг тийш нь чиглүүлбэл өндөр үр дүнд хүрэх нь эргэлзээтэй. Иймээс Засгийн газар аль салбарыг дэмжихээ тодорхойлж чадахгүй, тээнгэлзэж байж ч магадгүй.
Манайд зам, байшин гэх мэт хатуу дэд бүтэц барих төслүүд ажлын олон байр бий болгодог. Тэгэхээр бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлж буй компаниудаа дэмжих шаардлагатай ч юм уу. Энэ өнцгөөс нь харвал төсвийн тодотгол хийхгүй гэж гүрийж буй Сангийн сайдын зөв ч юм шиг. Төсвийн тодотгол хийж, хөрөнгө оруулалтыг “царцаахгүй” бол сургууль, цэцэрлэг, соёлын төв, конторын барилга, зам, гүүр барьж буй компаниуд ажлын байраа хадгална. Нөгөөтээгүүр, зөвхөн тендерт ялсныг нь дэмжлээ гээд эдийн засаг өсөхгүй. Нийгмийн биш, бизнесийн зориулалтаар хатуу дэд бүтэц барьж буй компаниудыг ч санхүүжилтээр дэмжих шаардлага тулгарна.
Ерөнхийлөгч Х.Баттулга онцгой нөхцөлийн сан байгуулах санал гаргасан. Зарим судлаач сан байгуулаад, эдийн засгаа дэмжих хөтөлбөрийг санхүүжүүлэх нь зөв гэж үзэж буй. УИХ дахь сөрөг хүчин буюу АН-аас арилжааны банкуудаар дамжуулж, жилийн гурван хувийн хүүтэй зээл олгох шугам нээе гэсэн санал гаргалаа. Санал нь “Арилжааны банканд мөнгө өгөх гэлээ” гэсэн эсэргүүцэлтэй тулав. Монголд санхүүжилтийг хамгийн хариуцлагатай бөгөөд найдвартай дамжуулах бүтэц нь банк гэдгийг санах хэрэгтэй. Улстөрчид “Зээлийн хүүгээ бууруулах ёстой” гэж банк руу “шүлсээ үсэргэх” болсон. Өндөр эрсдэлтэй зах зээлд, хадгаламж эзэмшигчийн өндөр хүүтэй мөнгийг дамжуулан зээлж буй гэдгийг нь мартах учиргүй. Тэд банк руу харах өнцгөө өөрчилбөл таарах биз ээ. Сан байгуулаагүй ч санхүүжилт хийж болно. Арилжааны биш, Хөгжлийн банкаар ч дамжуулах боломжтой. Энэ бол чухал асуудал биш. Харин аль салбараа дэмжвэл хямралыг хохирол багатай давах вэ гэдэг нь чухал. Улстөрчид, эдийн засагчид энэ сэдвийг судалмаар, хэлэлцмээр байна.