Улаанбаатар хотын Яармагийн дэнжид орон сууцны хотхон барьж буй нэгэн компанийнхан (нэрээ нууцлахыг хүсэв) төслөө зогсоожээ. Тэднийх санхүүжилтгүйн улмаас үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй болсон аж. Эл компанийнхан өнгөрсөн жилээс өөрийн хөрөнгө оруулалтаар орон сууцын барилгуудынхаа карказыг цутгаж, ханыг нь дүүргэсэн гэнэ. Харин энэ оноос банкны зээлийн санхүүжилтээр ажлаа үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байж. Улмаар “Голомт” банкнаас зээл авахаар өнгөрсөн жил урьдчилсан тохиролцоо хийжээ. Тус банкныхан шинэ он гарангуут хүссэн зээлээ авахыг тэднийхэнд сануулжээ. Өвөл барилга барих боломжгүй учраас хүү төлж, дэмий суугаад яах вэ гээд дээрх компанийн удирдлага зээлээ энэ сарын эхэнд авахаар банкны эдийн засагчидтай ярилцсан байна.
Тохиролцсон ёсоор зээл авахаар өнгөрсөн долоо хоногт “Голомт” банканд хандахад “Манайх одоо зээл өгөх боломжгүй” гэсэн хариулт сонссон аж. Банкны эдийн засагчид коронавирус тархаж, хөл хорио тогтоосноор эдийн засаг хүндэрч буй нь зээл олголтоо хумих болгоомжлол төрүүлж буйг учирласан гэнэ. Ингээд 10 гаруй туслан гүйцэтгэгч болон уг төслийг хэрэгжүүлэгч компанийн хэдэн зуун ажилчин, гэртээ адар ширтэн хэвтэхээс аргагүй болжээ. Эдийн засгийн хүндрэлийн үед бизнес “царцан”, ажлын байр эрсдэлд орж, иргэд орлогогүй болж буйн тодорхой жишээ энэ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүндрэлтэй үед эдийн засгаа дэмжих 5.1 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий долоон арга хэмжээг олон түмэнд танилцуулсан. Товчлон дурдвал, энэ сарын 1-нээс хойш зургаан сарын хугацаанд аж ахуйн нэгж, компаниудыг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, төсвөөс ямар нэг хамааралгүй, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчдын цалин, хөлсөнд хувь хүний орлогын албан татвар ногдуулахгүй, өмнөх жилд 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой байсан аж ахуйн нэгжээс орлогын албан татвар хураахгүй байхаар шийдвэрлэсэн. Түүнчлэн хорио цээрийн дэглэм хэрэгжүүлсэнтэй холбогдуулан үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурсан боловч ажлын байраа хадгалж буй хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн ажилтан бүрт гурван сарын хугацаанд сар бүр 200 мянган төгрөгийн дэмжлэг олгох, малчдын амьжиргааг дэмжих зорилгоор ноолуур худалдан авагч, бэлтгэгчдэд гурван хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас гаргах, хүүхдийн мөнгийг гурван сарын хугацаанд 10 мянгаар нэмэх, энэ сарын 15-наас бензин, шатахууны үнийг литр тутамд 300-гаас дээш төгрөгөөр бууруулах шийдвэр гаргасан.
Засгийн газрын долоон арга хэмжээг зарим эдийн засагч бизнесийг санхүүжилтээр дэмжиж, дарамтыг нь бууруулан, үйл ажиллагааг нь хамгаалах шийдвэр болж чадаагүй гэж шүүмжилж буй. Тухайлбал, эдийн засагч Б.Дөлгөөн “5.1 их наяд төгрөгийг зорилтот хэсэгт хүргэвэл олон аж ахуйн нэгж, мөн хувиараа бизнес эрхлэгчийг дампуурлаас аврах байлаа. Даанч байгаа оносонгүй. Нийт долоон арга хэмжээнээс нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй, 1.5 тэрбум төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжийг гурван сарын турш орлогын албан татвараас бүрэн чөлөөлөх гэсэн хоёр шийдвэр компани руу чиглэсэн. Судалгаагаар бизнес эрхлэгчдэд нэгдүгээрт, санхүүжилт, хоёрдугаарт, зээлийн хүүгийн дарамт өндөр байгаа нь тодорхой болсон. Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлж, нэмэр боллоо ч зээлдээ дарагдаад олон аж ахуйн нэгж хаалгаа барих нь. Зээлээ төлөөгүйгээс шалтгаалж дампуурвал компаниуд барьцаанд тавьсан бүх эд хөрөнгөөрөө хохирно” гэж ярив. Мөн тэрбээр “Өнөөдөр зээлийн үлдэгдлийн хэмжээ маш хурдтай багасаж байна. Эргээд шинэ зээл гарахгүй байгаа гээд хэлчихэд болно. Банк бус санхүүгийн байгууллагууд мөнгө гаргахаа бүр больсон. Хэчнээн сайн барьцаатай ч зээл олгохгүй байна. Иймээс Засгийн газраас бизнесийн эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Тэгж байж уналтыг удаашруулж, хохирол багатай давна” гэсэн юм.
Коронавирусийн тархалт хэзээ зогсож, хөл хориогоо цуцлан, амьдрал урьдын адил үргэлжлэх нь тодорхойгүй. Нийгэм, эдийн засгийн нөхцөл сараар биш, өдрөөр хувьсан өөрчлөгдөх боллоо. Тиймээс банкууд ирээдүйд тохиож мэдэх эрсдэлээс болгоомжлон зээл олгохоос татгалзаж байгаа. Эдийн засаг хүндэрч, зээлдэгч өрөө төлөхгүй бол нөгөө талд нь хадгаламж эзэмшигч хохирох магадлалтай. Эрсдэлээ тогтоож, тогтвортой байдлаа хадгалахыг эрмэлзэлж буй банкийг буруутгах аргагүй. Энэ тохиолдолд банкуудыг зээлээ эргүүлэн төлөхгүй байх вий гэсэн болгоомжлолоос “салгах” хэрэгтэй. Ингэх санхүүгийн механизм нь зээлийн баталгаа гарах билээ. Аж ахуйн нэгжүүдэд олгох зээлд нь Засгийн газраас батлан даалт гарвал банкуудын эрсдэл буурна. Жишээ нь, дээр дурдсан компанид Засгийн газар баталгаа гаргавал “Голомт” банк зээл олгоно. Санхүүжилттэй болчихвол хэдэн зуун ажилчин барилгаа барьж, орлоготой болох юм. Тэгэхээр аж ахуйн нэгжүүдийн зээлийг батлан даах нь эдийн засгийн хүндрэлийг давахад Засгийн газраас авч хэрэгжүүлэх найм дахь арга хэмжээ мөн.
Засгийн газарт зээлийн батлан даалт гаргах дэд бүтэц ч бий. УИХ-аас 2012 онд Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль баталж, хэрэгжүүлж эхлээд буй. Эл санг төсвөөс мөнгөжүүлж, зээлийн батлан даалт хийлгэвэл санхүүжилтгүй “гацсан” аж ахуйн нэгжүүдэд ажлаа байраа хадгалж үлдэхэд том дэм болох нь гарцаагүй. Уг нь Засгийн газраас Зээлийн батлан даалтын санд 500 аж ахуйн нэгжид 108 тэрбум төгрөгийн зээл олгох батлан даалт гарга гэсэн үүрэг өгсөн. Ийм хэмжээний мөнгөөр хувийн хэвшлээ санхүүжүүлээд эдийн засгийн хүндрэлийг давахгүй. Илүү их зээлд баталгаа гарах мөнгөөр санг “цэнэглэх” хэрэгтэй.
Банкууд Төвбанкны үнэт цаасыг 4.7 их наяд төгрөгөөр худалдан авчээ. Өөрөөр хэлбэл, тэдэнд зээл олгох боломжтой 4.7 их наяд төгрөг байна гэсэн үг. Тэгэхээр бизнесийг санхүүжүүлэх бэлэн мөнгө хангалттай байна гэсэн үг. Харин хөшүүрэг алга. Засгийн газраас зээлийн баталгаа гаргах нь энэ эгзэгтэй цаг үед санхүүжилтийг нэмэгдүүлэх хөшүүрэг болчихоод буй нь маргаангүй. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нэг их наяд төгрөгийн зээлд батлан даалт гаргах хэмжээний санхүүгийн эх үүсвэрийг Хадгаламжийн даатгалын корпорацаас Зээлийн батлан даалтын сан руу шилжүүлэх боломжтой гэж ярьсан. Энэ бол Төвбанкнаас гаргаж буй бизнесийн зээлийг нэмэгдүүлэх санал. Хэрэв зээлийн хэмжээг нэмэгдүүлж чадахгүй бол Монголбанкны бодлогын хүүг нэг, банкуудын заавал байлгах нөөцийн хэмжээг хоёр хувиар бууруулсан шийдвэрийн үр дүн гаргахгүй. Заавал байлгах нөөцийн хэмжээг багасгаснаар зээл олгох боломжтой 327 тэрбум төгрөгийн эх үүсвэр суларсан гэсэн. Гэвч банкууд зээл олгохгүй болохоор суларсан мөнгөний “ид шид”-ийг хэн хүртэлх билээ. Засгийн газраас зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх шийдвэр гаргах нь хүндрэлийг давах нэг арга гэдгийг олон баримт нотолж байна. Дахин сануулахад, Засгийн газраас хүндрэлийн эсрэг авч хэрэгжүүлэх найм дахь арга хэмжээ бол зээлийн батлан даалт юм.