Сүхбаатар аймагт ченжүүд нэг кг ноолуурыг 70 мянган төгрөгөөр худалдан авч байна. Зүүн аймгийн малчид ямаагаа хэдийн самнаад эхэлжээ. Ченжүүд “Малчид ноолуураа тушаагаад эхэлсэн. Гэхдээ бага хэмжээгээр л бидэнд борлуулж байна” гэж ярив. Манай улсын зүүн гурван аймгийн малчид түрүүлж ямаагаа самнадаг онцлогтой. Тус бүс нутагт хаврын урь эрт орж, цаг агаар тогтуун, дулаан болдог тул ямаагаа түрүүлж самнадаг юм. Ноолуур нь ч чанар сайтай. Тиймээс ноолуурын хамгийн өндөр ханш тэнд тогтдог билээ.
Эхлээд зүүн, дараа нь төвийн, хожим баруун бүсийн аймгууд ямаагаа самнадаг. Энэ нь цаг агаартай холбоотой. Өөрөөр хэлбэл, баруун аймгуудад бусад бүсээс арай хожуу урин дулаан болдог гэсэн үг. Баруун аймгуудын ямааны ноолуурын дийлэнх нь хялгас ихтэй, бүдүүн ширхэгтэй байдаг. Чанар нь ийм муу учраас үйлдвэрлэгчид, экспортлогчид хямд үнээр худалдаж авдаг юм. Зүүн аймгийнхантай харьцуулбал баруун бүсийн малчид 30 орчим хувийн хямд үнээр ноолуураа борлуулдаг билээ. Энэ бол зах зээлд олон жил үргэлжилж буй зүй тогтол.
Хятадууд манай улсын ноолуурын ханшийг тогтоодог жишигтэй байв. Тэгвэл энэ жил коронавирусийн тархалтын улмаас манай улс өмнөд хилээ хаасан. Ингэснээр хятадууд ирж ноолуур худалдан авах боломж хязгаарлагдаад байна. Харин дотоодын ченжүүд 70 мянган төгрөгөөр анхны ханшийг тогтоосныг дээр дурдав. Хятадууд өнгөрсөн жил зүүн гурван аймгаас нэг кг ноолуурыг 135 мянган төгрөгөөр худалдан авч, түүхэн дээд ханш тогтоосон. Үүнтэй харьцуулбал ноолуурын ханш энэ онд бараг хоёр дахин буурчээ. Зах зээлийн жамд нь найдаж үлдээвэл кг ноолуурын үнэ 70 мянган төгрөгөөс огцом уруудах магадлал тун өндөр. Хятадууд орж ирээгүй учраас ноолуурын эрэлт бага байх юм. Үндэсний үйлдвэрүүд 2000 тонн ноолуур худалдаж авахад хүчин чадалд нь бараг элбэгдэнэ. Гэтэл малчид энэ жил 10 мянган тонн ноолуур бэлтгэх төлөв бий. Эрэлт хийгээд нийлүүлэлтийн зөрүү асар их байгааг анхаараарай.
Эдийн засагч Ц.Лут-Очир энэ талаар “Монголын ноолуурын 75 хувийг худалдан авагч БНХАУ, Итали ноолуур бодохтой манатай байгаа. Гол хэрэглэгч барууны орнууд энэ жил тансаг хэрэглээ болох ноолуур байтугай даавуун цамц авч чадахгүй гэртээ хоригдож байгааг тооцож байна уу. Тэдний орлого нь хэвээр болов уу. Наадмаар ноолуурын үнэ нэг кг нь 20 мянган төгрөгт хүрэхийг үгүйсгэх аргагүй. Үнэтэй ноолуур дарсан “Говь” компани, бусад үйлдвэр өрсөлдөх чадваргүй болж, дампуурах юм биш биз. Ийм зүйл бүү болоосой” хэмээн фэйсбүүк хуудсандаа бичжээ. Тэрбээр ноолуурын үйлдвэрлэлийн салбарт үүсэж болох эрсдэлийг ийн харав. Цар тахлын улмаас эдийн засгийн төлөв тааварлахын аргагүй болсон энэ үед эрсдэлээ сайтар тооцох нь зүйтэй.
Ноолуурын үнэ 70 мянгаас эхэлж байгаа бол Засгийн газар 100 мянган төгрөгөөс бууруулахгүй гэж мэдэгдсэн. Тодруулбал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан өнгөрсөн лхагва гарагт Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулахдаа ингэж хэлсэн юм. Засгийн газрын хуралдаанаас ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд түүхий эдээ бэлтгэхэд зориулж Хөгжлийн банкнаас 300 тэрбум төгрөгийн санхүүжилт олгуулах шийдвэр гаргасан. Уг зээл жилийн 12 хувийн хүүтэй байх аж. Засгийн газраас зээлийн хүүгийн татаасанд 30 тэрбум төгрөг зарцуулах санхүүжилтийг шийдэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгаад буй. Эл санхүүжилтийг шийдсэнээр үйлдвэрлэгчдийн зээлийн хүү жилд есөн хувь болж буурах гэнэ. ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Батхүү боловсруулах үйлдвэрийнхэн кг ноолуурыг 100 мянган төгрөгөөс дээш үнээр авсан тохиолдолд зээлийн хүүг нь татаас олгож хөнгөлөх бодлого баримталж буйгаа дуулгав. Хэрэв үүнээс бага үнээр худалдаж авбал зээлийнх нь хүүг гурван хувиар хөнгөлөхгүй гэнэ. Нэг кг ноолуурыг 100 мянган төгрөгөөр худалдаж авахгүй л бол санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхгүй нь бололтой дог.
Эрх баригчид сонгуулийн өмнө малчдаас оноо авахын тулд үнийн босго тогтоож байна гэж зарим эдийн засагч үзлээ. Ор үндэслэлгүй хардлага биш байж мэдэх юм. Ноолуурын зах зээлд хоёр үнэ тогтож байх шиг. Зах зээлийн үнэ тогтсон. Тун удахгүй Засгийн газрын үнэ тогтоно. Дахин сануулахад, зах зээлийн үнэ 70, Засгийн газрынх 100 мянган төгрөг. ХХААХҮЯ-ныхан ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд зээл олгох журмаа “бичиж” буй гэнэ. “Замын зураг” нь тодорхой гарангуут Хөгжлийн банк санхүүжилтийг нь хуваарилаад, үйлдвэрлэгчдэд шилжүүлэх байх. Бүх малчин ирэх сарын сүүлчээр ямаагаа самнана. Энэ бол ноолуурын нийлүүлэлтийн оргил үе. Олонх малчин ноолуураа самнаж эхлэх үед Засгийн газар тогтоосон үнээ “тунхаглах” болов уу.
Үйлдвэрлэгчид кг-ыг нь 100 мянган төгрөгөөр худалдаж авна гэж тооцвол 300 тэрбумаар 3000 тонн ноолуур худалдан авах боломжтой. Мөн компаниуд өөрийн эх үүсвэрээс ноолуур худалдаж авна. Монголд ноолуур боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн хийх иж бүрэн цогцолбор үйлдвэр 15 байдаг. Тэд 100 орчим тэрбум төгрөгөөр түүхий эд бэлтгэнэ гэсэн тооцоо бий. Дотоодын үйлдвэрүүд нийт 4000 орчим тонн ноолуур бэлтгэх санхүүжилтийн эх үүсвэртэй болсон гэсэн үг. Гэвч манай улсын боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадал бага. Боловсруулах үйлдвэрүүд 9100 тонн ноолуур угаах, 4350 тонныг самнах, 1680 тонныг ээрэх хүчин чадалтай. Манай үйлдвэрүүд ээрэх хүчин чадалдаа баригдаад хувцас, хэрэглэл олныг хийж чаддаггүй. Нэхэх, сүлжих хүчин чадлынхаа 60 хувийг л ашигладаг юм. Үйлдвэрүүд ээрэх хүчин чадлынхаа 40 хувийг ашигласан тохиолдол ч бий. Угааж, самнасан ноолуураа ээрч, утас хийж байж нэхэж, сүлжин хувцас, хэрэглэл үйлдвэрлэх учиртай. Ээрэх хүчин чадал нь бага учраас үйлдвэрлэлийн бусад боломжоо хаадаг билээ. Тиймээс л үйлдвэрүүд хүчин чадалдаа тохируулан 2000 орчим тонн ноолуур бэлтгэнэ гэж таамагласан юм.
Хөгжлийн банкны мөнгөөр 2000 тонн ноолуур худалдаж авна гэж тооцъё. Засгийн газрын малчдын саналыг татах “мөрөөдөл” биелбэл ноолуурын ханш хэсэг хугацаанд 100 мянган төгрөгт хүрэх бололтой. Санхүүжилт нь хязгаартай тул бүх ноолуурыг кг тутмыг нь 100 мянган төгрөгөөр худалдаж авч чадахгүй. Өөрөөр хэлбэл, эрэлт үүсгэж чадахгүй гэсэн үг. Засгийн газрын үнээр 2000 тонн ноолуур худалдаж авсан тохиолдолд малчдад борлуулах шаардлагатай 8000 тонн түүхий эд үлдэнэ. Нийлүүлэлт их үед түүхий эдийн үнэ хямдардаг жамтай. Эдийн засагч Ц.Лут-Очирын таамагласнаар кг ноолуурын үнэ 20 мянган төгрөгт ч “шалдаа буух” юм биш үү. Коронавирусийн тархалт намжиж, хятадууд ирж ноолуур аваасай гэж хүсэх л малчдад үлджээ. Ингэхгүй бол ноолуур нь хог болж мэдэх нь. Монголын хөдөө аж ахуйн биржийн гүйцэтгэх захирал Х.Баатар “Ноолуураа зарах гэж яарах хэрэггүй” гэж малчдад захиад байгаа. Тэрбээр өвчин намжиж, хятадуудын ченжүүд иртэл хүлээ гэж хэлээд байгаа бололтой. Дэлхийн эдийн засаг “уруудаж”, олон улсын зах зээлд бүх төрлийн түүхий эдийн үнэ хямдарч байна. Хятадууд ноолуурын үнийг өмнөх жилүүдийнх шиг өсгөө ч үү, үгүй ч үү. Юутай ч малчид зах зээлийн, Засгийн газрын гэсэн хоёр өөр үнээр ноолуураа борлуулах бололтой.