Дэлхий нийтийг цочирдуулж буй шинэ төрлийн өвчнөөс ард олноо сэргийлэх ажлыг ЭМЯ-тай хамтран хийж буй Улсын онцгой комиссын хандивын санд нэг тэрбум төгрөг цугласан тухай саяхан мэдээлсэн. Дараахан нь АТГ-аас хандивын хөрөнгийн зарцуулалтын талаар ард түмэнд тайлагнахыг зөвлөв. Тэр нь ч зүй ёсных юм. Ингэхэд Улсын онцгой комисс хэзээ, яагаад хандивын данс нээсэн бэ. Тэдний зүгээс “Манайх хүнд байдалд орлоо. Хөрөнгө мөнгөний хомсдол үүслээ, туслаарай” гэж лав ил хэлээгүй.
Харин ЭМЯ-ныхан мэдээлэл хийж байхдаа “Цөөхүүл ажиллаж байна. Худал мэдээллийн араас хөөцөлдөж, нойртой, нойргүй хонож байгаа. Зохиомол ачаалал бүү үүсгэж хүндрүүлээч, хаана, хаанаа ухамсартай байя” гэж бол хэлсэн. Үүнээс хойш удалгүй хувь хүн, байгууллагууд УОК-т хаяглан хандив өгч эхэлсэн юм. Өр зөөлөн хүмүүс ЭМЯ-ныхны мэдээлэлд сэтгэл зовнихдоо энэ хоёр байгууллага хөрөнгө мөнгөний гачлантай байгаа мэтээр бодсон байх л даа. Тийм учраас ажилд нь тус болох зорилгоор хандив өгч эхэлсэн болов уу.
Нэг, хоёр байгууллага хандив өгч байгаагаа мэдэгдэн, мөнгөн дүн хэлж, гар барин, зургаа даруулсан байхыг харсан бусад нь хоцрох вий гэх шиг дуу, дуугаа авалцан сангийн дансанд мөнгө шилжүүлсээр байтал төд удалгүй тэрбум болжээ. Уг нь дээрх хоёр байгууллагын аль аль нь ард түмнээс хандив гуйгаагүй бөгөөд улс оронд тохиолдсон онцгой байдлын үед гамшгийн үед улсын төсөв, төрийн санхүүжилтээр үүрэгт ажлаа гүйцэтгэж байгаа билээ. Үүний зэрэгцээ “Сэрэлт” кинонд гардаг хөл нүцгэн хүү Бумаа хөгшин “Хүн юм өгч байхад аваач” гэж зандрахад орос эхнэрээс мөсөн чихэр авчихдаг шиг, УОК байгууллага, хувь хүмүүсийн өгсөн болгоныг гар тосон хурааж авсаар байна. Ийнхүү тэд нэг мэдэхнээ төсөв, төлөвлөгөөнд тусаагүй тэрбум төгрөгтэй болов. Түүнийгээ зарцуулж байгаа юу, хадгалж байгаа юу, одоогоор тодорхойгүй. Ялангуяа нэг хэсэг УОК-ын дарга бил үү, орлогч нь хөрөнгө мөнгө шамшигдуулсан хэрэгт шалгагдаад байсныг хэлэх үү, олон нийтээс очсон овоо хэдэн төгрөгийг яах бол гэсэн хар төрж байгаа юм. Юутай ч УОК сайн санасан хүмүүс, байгууллага хамт олны сая саяар өргөн барьсан бүрийг хүлээж авав. Ингэснээр эднийх санхүү болоод гамшгийн үед ажиллах хүчин чадлаар тааруухан юм байна гэсэн ойлголтыг нийгэмд бий болгов гэлтэй. Өөрөөр хэлбэл УОК, улмаар Засгийн газрын нийгэм дэх үнэлэмж ийм гэж хэлж болохоор.
БНСУ-д дуулиан тарьсан шашны гаж урсгалын “Шинжончи” сүмийн тэргүүн хариуцлага алдсанаа хүлээн зөвшөөрч, төр, засгаасаа уучлалт гуйн, аюулт өвчний эсрэг тэмцэх ажилдаа зарцуулаарай хэмээн хандив өгөхөд Засгийн газар нь хүлээж аваагүй. Энэ мэдээллийг сонссон хүмүүс “Ам руу алгадлаа даа” гэж байлаа. Нөгөө талаар тус улсын Засгийн газар ялангуяа буруу гарын нөхдөөс хандив авахдаа тулсан дорой биш гэдгээ нотолсон. Энэ үйл явдал манай улсын иргэд, байгууллагын зүгээс УОК-т хандив өгч, тус байгууллага өгсөн бүрийг хүлээн авч байгаагаас ялгаатай ч ерөнхийдөө хандив хэмээх өглөг, хөрөнгө өгсөн, авсан хоёрын хэнд нь ч нэг талаар төдийлөн таатай бус гэдгийг хэлээд өгөх шиг.
Сүүлийн үеийн өдөр дараалсан хандивууд хүүхэд, хөгшдийг ч сууж байх аргагүй болтол нөлөөлөв бололтой. Цагаан сар тэмдэглээгүй настан энэ баярт гэж хадгалж байсан хоёр сая төгрөгөө гаргаад өгсөн. Буурайд амин дэм авахаас эхлээд мөнгө хэрэгтэй л байгаа даа, уг нь. Улс орноо, ард түмнээ гэсэн сайхан сэтгэлтэй юм гэж хүндлэхийн сацуу “Яах нь вэ дээ” гэх бодол зэрэгцэнэ. Сургуулийн бага ангийн охин жилийн турш цуглуулсан 200 мянган төгрөгөө УОК-т хандивлав. Тус байгууллага мөн л авч орхисон. Хүн юм өгч байхад авахгүй гэлтэй биш гэх лүгээ адил. Бас 11 настай хэдэн хүүхэд нийлж мөнгө цуглуулж өглөө л гэсэн. Аав, ээж нь өгсөн байх. Тэд ажил хийж олоогүй нь лавтай. Сэтгэлийн хөөрөлд автсан бага насны хүүхдүүд буруу, зөрүү хөдөлж, алдвал яана. Хүүхдүүдээ гэсэн аав, ээжүүд дэмжээд мөнгө өгсөн гэж бодоход өсвөр насны жаалуудад ямар ойлголт үлдэх вэ. Улсдаа мөнгө хандивлах ёстой юм байна гэсэн бодол насан турш ой тооноос нь гарахгүй бус уу. Дайн, самууны үед гэрээ сахиж үлдсэн эхнэрүүд ээмгээ мулталж өгч байсан тухай түүхэнд бичээстэй байдаг. Өдгөө бол энх цаг. Шинэ төрлийн өвчинтэй тэмцэхэд хүүхэд, хөгшид гараа сайн угаагаад гэртээ тайван сууж байх ёстой, үүрэгтэй л юм. Хавтгайрсан хандив нэг талаар нэр төрөө өсгөх гэсэн ядмагхан хүсэлтэй хүмүүсийн уралдаан ч мэт. Энэ нь мөн л үнэлэмжийн хэмжүүр.
Мэдээж бусдад туслах сайхан. Гэхдээ хэрэгтэй цагт, яах аргагүй дутагдсан зүйлээр нь тусалж, дэмжих нь амь тариа хийхтэй адил чухал. Хандив сайн дурын үндсэн дээр, албадлагын чанартай бус байх ёстой бөгөөд өгсөн, авсан хоёр хоёул сэтгэл хангалуун байх нь үр дүнтэй гэж олон улсад үздэг байна.
“ДБЭТ-ын хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд аюулт тахал “covid-19”-өөс улс эх орон, ард иргэдээ хамгаалж, урьдчилан сэргийлэн, “цаг наргүй” ажиллаж байгаа УОК-ын хамт олонд гурван өдрийн цалингаа хандив болгон хүлээлгэн өглөө. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс ДБЭТ-ын хамт олонд талархал илэрхийллээ” гэсэн мэдээ байгаа юм. Мэргэжлийн урлагийн байгууллагынхан хэдэн төгрөгийн цалинтай билээ. Түүнээсээ гурван өдрийнхийг хандивлая гэж бүгд санал нэгдсэн үү. Нэрэлхүү нэг нь “Байгууллага байна даа, ядаж гурван өдрийнхөө цалинг өгөхгүй бол нэрийн хор” гэсэн байж ч магад. Хэрвээ хэн нэг нь тэгж уриалсан байлаа гэхэд дуучин, хөгжимчин, балетчин бүр дуртай нь аргагүй зөвшөөрсөн болов уу. Аль эсвэл нэгдсэн журмаар юм чинь өгөхгүй гээд яах билээ гэсэн байдлаар дуртай, дургүй гарын үсэг зурсан уу. Хэрвээ уран бүтээлчид дурамжхан зурсан бол албадлагын болно. Хандив нь хандивлагч болон хүлээн авагчийн аль алинд сэтгэл санааны хувьд дарамттай байх ёсгүй аж. Театр УОК-т хандив өгөх уралдаанаас хоцорчих гээд буй мэт, эс бөгөөс мэргэжлийн урлагийн байгууллагууд дундаас түрүүлж өгөхийг хичээсэн байж болох.
Дахин хэлэхэд УОК ажлаа л хийж байгаа. Засгийн газраас үүргийн дагуу хөрөнгө шийдэж өгч байгаа. Аль аль нь хүнд байдалд орсон тухай мэдээлээгүй. Тэгэх ч ёсгүй байх. Нөхцөл байдлыг өмнөд хөршийнхтэй адилтган авч үзэх аргагүй. Тус улсын иргэд 80, 90 мянгаараа өвдөж, хэдэн мянга нь цаг бусаар хорвоог орхиход сэтгэл нь өвдсөн нэрт жүжигчин Жэки Чан мэтийн хөрөнгөтнүүд нь гар сунгасан. Манай улсын тэтгэврийн эмээ, бага ангийн хүүхдийн сэтгэл, зүрх түүнийхтэй адил агуу юм. Харин УОК-ын хандивын санд хэмжээ, ёроол гэж алга. Сүүлийн үед байгууллага, иргэдээс УОК-т хандив өгсөн байдлыг ажиглаж байхад ийм сэтгэгдэл төрж, дүр зураг тодорч байв.
Хэд хоногийн өмнө Австрали улсын, сэлмээр тулалдах урлагийн алдарт тамирчин нь найз нөхдөөсөө аргагүй байдлаар хандив гуйсан юм. Түүний найз хятад залуу сэлмийн урлагт суралцахаар тус улсад, тамирчин найзындаа очиж л дээ. Гэтэл түүнийг гудамжинд явж байхад нь хэсэг залуу дэлхий дахинд хөнөөлт өвчин цацсан хятад хэмээгээд нүүр, нүдгүй балбаж орхижээ. Гавлынх нь ясны баруун хэсэг цуурсан тул баруун нүдийг нь хамгаалах мэс засал хийлгэхэд 6500 ам доллар нэн яаралтай шаардлагатай болоход найзууддаа хандсан нь тэр. Ердөө тэр өдөртөө хэрэгтэй мөнгө нь цугласан тул тамирчин нүүр номдоо “Найзууддаа баярлалаа. Мэс засалд шаардагдах хөрөнгө цугласан тул хандив цуглуулах ажлаа зогсоолоо” гэж бичсэн байв. Соёл, ёс суртахуун аж төрөх ёсных нь хэм, хэмжээ болсон улсын иргэн асуудалд ингэж хандаж байна. Үнэлэмж биш гэж үү.
Хандив гэдэг нь зориулалттай, хэмжээ, хязгаартай, цуглуулж дуусах хугацаа тодорхой, зарцуулалтын талаар эргээд тайлагнадаг хөрөнгө аж. Түүнээс бус данс нь үргэлж нээлттэй байж байдаг, хүн өгвөл авч л байдаг, ёроолгүй сав биш ажээ. АТГ-аас УОК-т зүй ёсны зөвлөмж хүргүүлжээ.