Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрөл тойрсон маргаан манай шүүх, хууль сахиулах байгууллагынхан хээл хахууль авдгийг илчилсэн. Авлига авч, хууль бус шийдвэр гаргасан шүүгч нартай холбоотой хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянаж буй бол тус шүүх дээрх хэрэгт хуурамч дүгнэлт гаргахад нөлөөлсөн ШШҮХ-гийн албан тушаалтны хэргийг өчигдөр хэлэлцэн шийдвэрлэлээ. Тодруулбал, тус хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын даргын албан тушаал хашиж байсан, цагдаагийн дэд хурандаа Д.Адилбаярт ГИХГ-ын дэд даргаар ажиллаж байгаад чөлөөлөгдсөн, цагдаагийн офицер асан Б.Цолмон хахууль өгч, дээрх ордын лицензийг эзэмшигч хятад иргэний гарын үсгийг хуурамч гэсэн худал дүгнэлт гаргуулсан хэрэгт холбогдсон юм. НПГ-аас тэдэнд Эрүүгийн хуулийн 22.4-4, 22.5-1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус шүүхэд шилжүүлсэн билээ.
Улмаар шүүгдэгч нар гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр болсон ч Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийнхэн үл ойшоосон. Давж заалдах шатны шүүхээс хэргийг нь анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болсноор ийнхүү өчигдөр 16.00 цагт хэлэлцэж эхэлсэн юм. Тус шүүхээс дэд хурандаа Д.Адилбаярыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсэн гэм буруутайд тооцон, төрийн албанд ажиллах эрхийг дөрвөн жил хасаж, 18 сая төгрөгөөр торгох ял оноожээ. Харин ГИХГ-ын дэд дарга асан Б.Цолмонг өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн буруутай гэж дүгнэн нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасаж, 13.5 сая төгрөгөөр торгох ял оноов. Тэдний хээл хахуульд өгч, авсан 40 сая төгрөгийн 35 саяыг Д.Адилбаяраас, таван саяыг нь Б.Цолмонгоос гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.
Бэлтгэсэн: Г.Орчлон