БНСУ-д зорчоод ирэхэд нь Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу тусгаарлахыг эсэргүүцсэн МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийн балгаар МИАТ ХК-ийн коммер эрхэлсэн дэд захирал Ш.Гантулгыг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ. Ц.Бат-Энх шинэ коронавирусийн халдвар тархсан БНСУ-ад зорчоод Японоор дамжин хоёрдугаар сарын 27-нд ирсэн тухай цахим мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Халдвар тархсан газраас ирж буй иргэдийг Улсын онцгой комиссын шийдвэрээр тодорхой хугацаагаар тусгаарлан, үзлэг шинжилгээ хийж, халдвар авсан, эсэхийг тогтоож байгаа. Гэтэл Ц.Бат-Энх УОК-ын энэхүү шийдвэрийг эсэргүүцэн, тусгаарлагдахаас татгалзсанаас гадна МИАТ-ийн онгоцонд суухдаа “онгоцны үйлчлэгч нарын сануулгыг зөрчиж, “Танай захиралтай чинь ярьсан. Би бизнес ангиллын суудалд сууна” хэмээсээр тухалсан аж. Ийнхүү авирласан Ц.Бат-Энхэд хариуцлага тооцохыг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд даалгаад буй бөгөөд нарийн бичгийн даргын ажлаас нь чөлөөлөх, эсэхийг МАН-ын бага хурлаар шийдэх юм. Харин түүнд бизнес ангиллын суудалд суулгах зөвшөөрөл өгсөн гэх МИАТ ХК-ийн коммер эрхэлсэн дэд захирал Ш.Гантулгыг тус компанийн өнгөрсөн баасан гарагт хуралдсан ТУЗ-ийн хурлаас үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасныг эх сурвалжууд батлав. ТУЗ-ийнхөө эл шийдвэрийг үндэслэлгүй гэж үзсэн Ш.Гантулга шүүхэд хандахаар болж буй сурагтай.
Бэлтгэсэн: Г.Равжаа