Хан-Уул дүүргийн Газрын албаны дарга н.Мөнхбаатарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн уржигдар бусдаас хахууль авч байх үйлдэл дээр нь саатуулан хорьсон тухай мэдээлэл эх сурвалжууд өглөө. Түүнийг албан тушаалаа урвуулан бусдад газар эзэмшүүлэх гэрчилгээ олгохын тулд 80 сая төгрөгийн хахууль авсан хэмээн буруутгаж буй аж. Энэ талаар хууль сахиулах байгууллагынхнаас тодруулахад “Хан-Уул дүүргийн Газрын албаны даргыг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 48 цагийн хугацаагаар албадан саатуулсан нь үнэн. Мөрдөн шалгах ажиллагаа дөнгөж эхэлж буй учраас илүү мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. Хан-Уул дүүргийн нутагт 2016 оноос хойш газар олгох нэг ч захирамж Засаг дарга нь гаргаагүй бөгөөд гадаадын хөрөнгө оруулалттай нэг компанийн удирдлага газар эзэмших зөвшөөрөл олж авахын тулд бусдаар дамжуулан н.Мөнхбаатар даргад дээрх хэмжээний хахууль өгсөн гэсэн мэдээлэл манай ажилтнуудын дунд байна хэмээн тус дүүргийн ЗДТГ-т ажилладаг эх сурвалжууд өгүүлсэн юм.
Хан-Уул дүүргийн Газрын албаны даргыг цагдан хорьж шалгаж буйтай холбоотойгоор нийслэлийн Газрын албанд эрх бүхий албан тушаал хашиж байсан хүмүүсийг шалгаж эхэлсэн гэх мэдээлэл цацагдаж буй ч хууль сахиулах байгууллагынхан түүнийг нь үгүйсгэлээ.
Бэлтгэсэн: Г.Равжаа