UBS банкны стратегич Жони Тевес унци алтны ханш 1600 ам.долларт хүрч өсөх боломжтой хэмээн үзэж буйг kitco.com цахим хуудсанд бичжээ. Улс орнуудын эдийн засгийн тодорхойгүй байдалд коронавирусийн тархалт голлон нөлөөлөхтэй холбоотойгоор уг металлын үнэ дээшилнэ хэмээн үзэж буй. Бөмбөрцгийн ДНБ-д энэхүү вирусийн тархалт хэрхэн нөлөөлөх нь одоо ч тодорхойгүй хэвээр, эцэслэн тооцоогүй байгааг тэмдэглэсэн Жони Тевес “UBS банкны шинжээчид дэлхийн эдийн засгийн өсөлт нэгдүгээр улиралд буурах нь тодорхой гэж үзсэн. Энэ нь алтны ханшид богино хугацаанд эергээр нөлөөлнө. Гэхдээ уг металлын ханш урт хугацаанд унци нь 1600 ам.доллартой дүйсэн хэвээр байхгүй болов уу” хэмээн дурдсан байна. “Saxo” банкны Таваарын судалгааны хэлтсийн дарга Оле Хансен “Дэлхийн эдийн засагт коронавирус яаж нөлөөлөхийг эдийн засагчид тооцохыг хичээсээр л байна.
Төвбанкууд бодлогын хүүгээ дахин бууруулахыг ч үгүйсгэхгүй” гэж ярьжээ. Хятадын Ардын банк өнгөрсөн даваа гарагт мөнгөний бодлогоо сулруулсан нь алтны үнэ нэмэгдэхэд хүргэх талтайг шинжээчид тодотгож буй билээ. Монтреалын банкны эдийн засагчид өмнөд хөршийн ДНБ-ийг энэ онд 5.25 хувиар тэлнэ хэмээн таамаглаж, өмнө нь тооцсоноосоо бууруулжээ. Тэд “Хятадын эдийн засаг дэлхийнхэд маш том нөлөөтэй. Тус улс дахь нөхцөл байдал дэлхийн эдийн засгийг энэ онд 0.2 хувиар агшихад хүргэх магадлалтай” гэж тэмдэглэсэн байв. Японы “Nomura” группийнхэн урд хөршийн эдийн засгийг 2020 онд 5.5 хувиар өснө хэмээн таамагласан нь төлөвийг нь мөн л бууруулсан гэсэн үг. Бүтээгдэхүүний борлуулалтынх нь багагүй хувь ногддог тул “Apple” компанийн орлого эхний улиралд буурах нь тодорхой гэдгийг олон улсын мэдээллийн агентлагууд дамжуулсан. Энэ нь АНУ, Азийн орнуудын хувьцааны индекс доошлоход нөлөөлсөн юм. Өнгөрсөн улиралд тус компанийн орлогын 15 хувь нь (13.6 тэрбум ам.доллар) Хятадад ногдсон дүн бий.
Хэдийгээр ам.долларын ханш сүүлийн дөрвөн сар гаруйнхаа дээд түвшинд хүрсэн ч алтны үнэд төдийлөн сөргөөр нөлөөлөхгүй байгааг “Reuters” уламжлав. Хятадад шинэ вирусээр халдварласан хүний тоо нэмэгдсэнтэй энэ нь холбоотой гэнэ. Тодруулбал, шар металлын спот ханш өчигдөр 1587 ам.долларт хүрсэн нь сүүлийн хоёр долоо хоногийнхоо дээд түвшинд тооцогдлоо. “CMC markets” компанийн шинжээч Маргарет Ян “Ам.доллар, алтны ханш эсрэг хамааралтай байдаг. Гэхдээ энэ цаг үед аль алиных нь ханш өсөж байна. Алтны эрэлт их байгаатай энэ нь холбоотой” хэмээн тэмдэглэжээ. Нөгөөтээгүүр, хедж сангууд найдвартайд тооцогддог алтнаас хэзээ ч татгалзахгүй гэж шинжээчид дурдаж буйг тэмдэглэх хэрэгтэй.