- 1072 ширхэг хувьцааг эзэмшигч 96 480 төгрөгийн ногдол ашиг авах нь –
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргасныг мэдэгдлээ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-өөс нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг тараах шийдвэр гаргажээ. Хаалттай хувьцаат компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулж буй “Эрдэнэс Тавантолгой” 2.5 сая хувьцаа эзэмшигчтэй. Нэгж хувьцаанд 90 төгрөг хуваарилахад нийт 200 орчим тэрбум төгрөгийн ногдол ашиг тараах тооцоо гаргасан байна.
Тус компанийн 1072 ширхэг хувьцааг 2011 онд иргэн бүрт тараасан. Үүнээс хойш өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй зарим иргэний хувьцааг Засгийн газар бүхэлд нь худалдан авсан. Мөн “Сайн хувьцаа” хөтөлбөрийн хүрээнд зарим иргэнээс 330 ширхэг хувьцааг худалдан авсан билээ. Түүнчлэн сургалтын төлбөрөөс нь суутгах замаар зарим оюутны хувьцааг Засгийн газар хэсэгчлэн худалдан авсан юм. Ингэснээр тус компанийн 15 тэрбум ширхэг хувьцааны 85 хувийг төр, үлдсэнийг нь иргэд эзэмших болжээ.
Хэвлэлийн бага хурлын үеэр сайд Д.Сумъяабазар “Засгийн газраас чиглэл өгсний дагуу “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-өөс ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргалаа. Компани олсон ашгаасаа хөрөнгө оруулалт хийж, нүүрс баяжуулах болон кокс-химийн үйлдвэрээ барьсны дараа үүнээс ч илүү ногдол ашиг хуваарилах боломж бүрдэнэ” гэж онцлон тэмдэглэсэн юм. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өссөнөөр тус компани 2016 оноос ашигтай ажиллаж эхэлсэн. Гэвч 2011 оноос хойш үүссэн 800 орчим тэрбум төгрөгийн өр, төлбөрийг барагдуулах шаардлага үүссэн билээ. “Эрдэнэс Тавантолгой” компани 2018 оны аравдугаар сард Хөгжлийн банкнаас зээлсэн мөнгөө төлснөөр өр, төлбөрөө бүрэн барагдуулсан юм.
Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Өр, төлбөрөө хийх шаардлагатай байсан тул өмнөх жилүүдэд ногдол ашиг тараах боломж байгаагүй. Бид 2018 оны ашгаасаа нэгж хувьцаанд 25 төгрөгийн ногдол ашиг хуваарилах саналыг ТУЗ-дөө танилцуулж байсан. Гэвч Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх шаардлага Засгийн газарт тулгарсан учраас ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргаагүй. Манай компанийн ашгаар төмөр замын бүтээн байгуулалтыг санхүүжүүлсэн. Компани байгуулагдсанаасаа хойш 10 жилийн дараа анх удаа ногдол ашиг тараах гэж байна” гэв.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг эзэмшигч 96 480 төгрөгийн ногдол ашиг авах нь. Тэгвэл 750 ширхэг хувьцааг эзэмшигч 67 500 төгрөгийн ногдол ашиг авах юм байна (хэдэн ширхэг хувьцаа эзэмшиж буй хүн хэчнээн төгрөгийн ногдол ашиг авах талаарх мэдээллийг графикаас харна уу). Хувьцаа эзэмшигчид ногдол ашгаа авахын тулд аль нэг брокер, дилерийн компанид очиж, үнэт цаасны данс нээлгэх шаардлагатай аж. “Эрдэнэс Тавантолгой” компани хувьцаа эзэмшигчдийн хурлаа дөрөвдүгээр сарын сүүлчээр хийсний дараа буюу тавдугаар сараас ногдол ашгийг олгож эхлэх гэнэ.
Монголын коксжих нүүрс экспортлогч хамгийн том тус компани 2018 онд 707 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Тэгвэл өнгөрсөн онд борлуулалт нь сайн байснаар нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улсын төсөвт 760 тэрбумын татвар, хураамж төлжээ. Энэ үеэр 1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн Л.Наранбаатар “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ, хувьцаа эзэмшигчдийн хурал болон санхүүгийн мэдээллийг олон нийтэд дэлгэрэнгүй танилцуулахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас шаардав.