УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнийг яллагдагчаар татах саналаа АТГ-аас прокурорт дахин хүргүүлсэн тухай эх сурвалжууд мэдээллээ. НПГ-т ирүүлсэн дээрх хүсэлтийг өдгөө хянаж буй гэнэ. Энэ удаа түүнийг Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг буцаан төвлөрүүлээгүй, бусдад давуу байдал олгож, их хэмжээний хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар тооцон шалгах санал АТГ-ын мөрдөгчид гаргасан сурагтай. С.Эрдэнийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхад нь НДЕГ-ын даргаар Ц.Уртнасан ажиллаж байсан юм. Тус газрын даргаар ажиллаж байсан Ц.Уртнасан, Санхүү, бүртгэлийн газрын дарга асан Ч.Чулуунчимэг нарыг НДЕГ-ын харилцах дансны жилийн эцсийн үлдэгдлийг Нийгмийн даатгалын санд буцаан төвлөрүүлээгүй, “Капитал” банканд давуу байдал олгож тус сангийн хөрөнгийг шамшигдуулсан гэх хэрэгт холбогдуулан яллагдагчаар тооцон цагдан хориод буй. Уг хэрэгт холбогдуулан шалгахын тулд НПГ-т санал ирүүлсэн юм байна. Ташрамд дурдахад, Ч.Чулуунчимэг нь С.Эрдэнийн сонгуулийн штабт ажиллаж байгаад сайд болсных нь дараа дээрх албан тушаалд томилогдсоныг зарим эх сурвалж хэлдэг. С.Эрдэнийг яллагдагчаар татах саналаа АТГ-аас хоёр дахь удаагаа прокурорт гаргаж буй нь энэ. Өмнө нь энэ оны нэгдүгээр сард НПГ-т хүргүүлсэн ч хяналтын прокурор нь уг саналтай танилцаад зарим зүйлийг тодруулах шаардлагатай гээд зохих ажиллагаа хийлгэх даалгавар бичин буцаасан талаар бид мэдээлсэн. УИХ-ын гишүүн С.Эрдэнийг “Дархан гурил тэжээл” ХК-ийн хуучин элеваторыг Хөгжлийн банкны хөрөнгөөр засаж улсад хохирол учруулсан гэх хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлж байсан юм.
Бэлтгэсэн: Г.Равжаа