- Б.Эрдэнэбат хүүхдүүдийнхээ 10 тэрбумын хадгаламжийг татав -
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны жижиг банкуудын хувь заяа шил шилээ даран бүрхэг болов. Өнгөрсөн жил “Капитал” банкны хувь заяаг Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайхан шийдэж, бүрэн эрхт төлөөлөгч томилоод, эд хөрөнгийг нь худалдан борлуулж байна. Үзүүлэлтээрээ бусдыгаа бодвол арай дээр байсан уг банкийг татан буулгасан ч Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг буцааж авч чадахгүй байгаа нь өдгөө хүртэл олны анхааралд байсаар. Түүний араас “Чингис хаан” банк дахь Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгөтэй холбоотой хээл хахуулийн хэрэг олны анхаарал татсан хэвээр. Хамгийн сүүлд “Ариг” банкны үйл ажиллагаа доголдсон нь тус банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийг түгшээх боллоо. Арилжааны банкуудыг шигших бодлого Төвбанкнаас явуулж буй гэлцдэг. Тиймдээ ч активаа өсгөх, өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагаа өндөрсгөж буй. Зарим арилжааны банканд Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг байршуулахаа больчихвол уг нь шигшигдэж, чанартай хэдэн банк үлдэнэ гэх бодолтой нэг бус хүн бий. Илүүг үл нуршин “Ариг” банк санхүүгийн хүндрэлд орж, Монголбанкнаас бүрэн эрхт төлөөлөгч томилогдох болсон шалтгааныг өгүүлье.
ХАДГАЛАМЖ ЭЗЭМШИГЧИД МӨНГӨӨ ТАТСАНААР АКТИВ НЬ БУУРЧЭЭ
“Ариг” банкны санхүү хүндэрсэнтэй холбоотойгоор тус банкны хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг энэ сарын 19-нд хуралдуулахаар бүрэн эрхт төлөөлөгч нь товлон, хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаад байгаа. Тус банканд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн тушаалаар бүрэн эрхт төлөөлөгч нэгдүгээр сарын 25-нд томилсон юм. Банкны тухай хуулийн 48.1.15-д “Банкны тухай хууль тогтоомж, Монголбанкнаас тогтоосон дүрэм, журам, шийдвэрийг зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй нөхцөл байдал үүссэн, банкны тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаагүй, эсхүл найдваргүй, хэвийн бус үйл ажиллагаа явуулсан бол Монголбанкнаас нөхцөлт удирдлагын арга хэмжээ авах”-аар заасан байдаг. Мөн хуулийн 49.1-т “Монголбанк нь энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь банкны үйл ажиллагааг сайжруулах, найдвартай, тогтвортой удирдлагыг сэргээхэд хангалтгүй гэж үзсэн, эсхүл энэ хуулийн 3.1.16-д заасан нөхцөл үүссэн тохиолдолд банканд нөхцөлт удирдлагыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, бүрэн эрхт төлөөлөгч томилж болно” гэснийг үндэслэн Д.Ганбатыг бүрэн эрхт төлөөлөгчөөр томилоод байгаа юм.
Чухам яагаад ийм арга хэмжээ авах болов гэдгийг эх сурвалжуудаас тодруулахад “Ариг” банкны үүсгэн байгуулагч, “Эрэл” компанийн Б.Эрдэнэбат болон “Улаанбаатар импэкс” буюу “Номин холдинг”-ийн тэргүүн Ш.Баярсайхан нарын маргаанаас үүдэлтэйгээр тус банк санхүүгийн хүнд байдалд орсон. Б.Эрдэнэбат нь хувь нийлүүлэгч Ш.Баярсайханыгаа залилснаас болсон бололтой” гэсэн мэдээлэл бидэнд өгөв. Үүнийг бид лавшруулан чухам болсныг тодрууллаа. “Улаанбаатар импэкс” ХХК-ийн захирал, “Ариг” банкны хувьцаа эзэмшигч Ш.Баярсайхан анх цагдаагийн байгууллагад хандан Б.Эрдэнэбат болон тус банкны гүйцэтгэхзахирлын үүргийг орлон гүйцэтгэгч Р.Наранбаатар нар эд хөрөнгө завшиж, бусад хувьцаа эзэмшигчээ залилж байгаа тухай гомдлыг 2019 онд гаргасан аж.
Түүнээс гадна Монголбанкнаас тус банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх, ТУЗ-ийг нь хуралдуулах талаар сануулан хандаж байсан ч ямар нэг арга хэмжээ аваагүй гэнэ. Тиймээс хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг хамгаалах үүднээс Монголбанк бүрэн эрхт төлөөлөгчөө илгээсэн бололтой. “Ариг” банкны цахим хуудас дахь мэдээлэлд дурдсанаар “Дэм санхүүгийн нэгдэл” ХХК-ийн 100 хувийг эзэмшигч Б.Эрдэнэбат нь банкны хувьцааны 60.46, “Улаанбаатар импэкс”-ийн 100 хувийг эзэмшигч Ш.Баярсайхан банкны 39.54 хувийг эзэмшдэг юм байна. “Дэм санхүүгийн нэгдэл” нь банк, cанхүүгийн салбарт төвлөрөн ажилладаг бол “Улаанбаатар импэкс” нь “Номин холдинг” ХХК-ийн охин компани бөгөөд импортлогчид, үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхээр ачаа тээвэр, тээвэр зууч, гаалийн баталгаат агуулахын үйлчилгээний салбарт ажилладаг гэжээ.
Бидэнд олдсон мэдээллээр “Ариг” банкны өөрийн хөрөнгийн хэмжээ 35 тэрбум төгрөг байгаа бөгөөд Монголбанкнаас 2018 онд уг хөрөнгийг 50 тэрбум төгрөгт хүргэх шаардлага өгсөн ч гол хоёр хувьцаа эзэмшигчийн маргаанаас үүдэн өнөөг хүртэл уг болзлыг биелүүлээгүй гэнэ. Тэдний маргаанаас үүдэлтэйгээр хадгаламж эзэмшигчид нь ч мөнгөө татаж, Монголбанк зарим үйл ажиллагааг нь хязгаарласнаар “Ариг”-ийн санхүү дэнжигнэх болсон юм байна. Тухайлбал, өөрийн хөрөнгөө 35 тэрбумд хүргэтэл 20 саяас дээш дүнтэй хадгаламж татах, шинээр зээл олгохгүй байх, банкны баталгаа, батлан даалт гаргахыг нь хязгаарласан аж. Түүгээр ч зогсохгүй 2019 оны зургадугаар сард 150 тэрбум байсан актив нь хадгаламж эзэмшигчид мөнгөө татсанаар 120 гаруй тэрбум болтлоо буурсан талаар эх сурвалжууд мэдээлэв.
Б.ЭРДЭНЭБАТЫН КОМПАНИУД ХӨГЖЛИЙН БОЛОН ХААН, ХАС БАНКНААС АВСАН ЗЭЭЛҮҮД НЬ ЧАНАРГҮЙ
“Ариг” банкны толгой компани болох “Дэм санхүүгийн нэгдэл”-ийн эзэн Б.Эрдэнэбатыг “Эрэл”-ийн захирал, Эх орон намын дарга гэдгээр нь уншигчид сайн мэднэ. Тэрбээр “Эрэл” компанийнхаа бүх хувьцааг эхнэр Д.Сэргэлэнгийнхээ нэр дээр шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, “Эрэл”-ээсээ хамааралгүй болсон гэсэн үг. Энэ нь УБЕГ-ын лавлагаа, цахим хуудсанд нь тодорхой бий. Хүмүүсийн ам дамжсан яриагаар “Эрэл” нь санхүүгийн хүнд байдалд орж, Хөгжлийн, Хаан, Хас банкнаас нийт 140 тэрбум төгрөгийн зээл авсан нь чанаргүй ангилалд багтсан нь “Ариг” банкныхаа өөрийн хөрөнгийг ч нэмэгдүүлж чадах, эсэх нь эргэлзээтэй байгаа. Түүгээр ч зогсохгүй Б.Эрдэнэбат нь эхнэр Д.Сэргэлэн, хүү Э.Жаргалан, Э.Тэмүүлэн, Э.Тэмүүжин, охин Э.Өүлэн нарынхаа нэр дээр “Ариг” банканд байсан 10 тэрбум орчим төгрөгийн хадгаламжийг татсан, хамаарал бүхий компаниудынхаа нэрээр тус банкнаас чанаргүй зээл ихээр авсан нь эрсдэлд оруулсан гэж өгүүлэх хүн цөөнгүй байна.
Б.Эрдэнэбат, Ш.Баярсайхан нарын хөрөнгийн маргаан, нэгнийгээ залилсан хэргийн үндэс нь банк болон “Байшин үйлдвэрлэх комбинат-1” (БҮК-1) үйлдвэрт хөрөнгө оруулсантай холбоотой гэнэ. Тэд анх 2016 оны арваннэгдүгээр сард хамтран ажиллах гэрээ байгуулж, “Ариг” банкны хувьцааг эзэмших болсон аж. Тэдний байгуулсан гэрээнд “Ариг” банканд 27.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж банкны 49 хувийг, БҮК-1 үйлдвэрт 20 тэрбумыг оруулан 20 хувийг нь эзэмшүүлэх, улмаар тус үйлдвэрийн хөгжлөөс шалтгаалан нэмж хөрөнгө оруулах, эсвэл оруулсан мөнгөө 1.59 хувийн хүүтэйгээр Ш.Баярсайхан буцаан авах талаар гэрээ байгуулсан юм байна. Гэтэл Б.Эрдэнэбат “Ариг” банканд оруулсан хөрөнгийг БҮК-1 үйлдвэрт оруулсан гэж тооцон хувьдаа авч ашигласан нь бусдыг залилсан хэргийг нь шалгах явцад тодорхой болжээ.
Түүгээр ч зогсохгүй Ш.Баярсайханыг төөрөгдүүлж, “Эрэл” ХХК-ийн охин компани болох “БҮК-1” үйлдвэрийг улсын бүртгэлд бүртгэлтэй аж ахуйн нэгж гэж танилцуулахаас гадна тоног төхөөрөмжийг нь Хөгжлийн банкны барьцаанд тавьснаа ч нуусан нь хууль сахиулах байгууллагынхны шалгалтын явцад тодорхой болсон гэнэ. Өдгөө “Эрэл”-ийн үүсгэн байгуулагч, “Дэм санхүүгийн нэгдлийн” захирал Б.Эрдэнэбатад холбогдох бусдын эд хөрөнгийг залилж, мөнгө угаасан хэргийг цагдаагийнхан шалгаж дуусаад яллах дүнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэх санал гаргаж, НПГ-т хүргүүлсэн байна. Түүнийг Эрүүгийн хуулийн 17.3-2.2-т заасан “Бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилж ноцтой хохирол учруулсан”, 18.6-2.2 дахь хэсгийн “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах хэргийг байнга тогтвортой үйлдсэн” гэх үндэслэлээр яллагдагчаар тооцсон гэнэ.
Бэлтгэсэн: Г.Равжаа