Монголын хар төмөрлөгийн үйлдвэрлэл зах зээлийнхээ хэрэглээг хангаж чадаж байна уу. Гангийн үйлдвэрлэл хөгжүүлнэ гэж олон жил ярилаа. Гэвч дорвитой дэвшил гаргасан зүйл алга. Хэрэглээ жил бүр өсөж байхад төмөрлөгийн үйлдвэрлэл дэвжсэнгүй. Дархан, Сэлэнгэ аймгийн бүсэд нэг тэрбум гаруй тонн төмрийн хүдрийн нөөц бий. Түүхий эд нь бэлэн байхад үйлдвэрлэл эрхлэхэд дөхөмтэй нь дамжиггүй. Мөн зах зээл ч бий. Гэвч төмөрлөгийн үйлдвэрлэл яагаад хөгжихгүй байна вэ. Уг асуултад хариулт хайж, төмөрлөгийн үйлдвэрийн талаар хөндөхөөр шийдлээ. Ингээд төмөрлөгийн хэрэглээ буюу зах зээлийнх нь дүр зургийг тодруулахыг хичээе.
Манай хар төмөрлөгийн үйлдвэрүүд туйван, ган бөмбөлөг, төмөр замын рейс (төмөр замын төмөр) хийх боломжтой юм. Өөрөөр хэлбэл, Монголд дээрх төрлийн бүтээгдэхүүнүүдийн зах зээл хангалттай бий гэсэн үг. Илүү өндөр технологи, боловсруулалт шаардсан төмөрлөгийн үйлдвэр хөгжүүлэх боломж хараахан бүрдээгүй гэж бодож байна. Энгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэгцээ хангаж чадахгүй манай улсад өндөр түвшний боловсруулалт хийх боломж хомс байх нь ойлгомжтой.
Арматур бол барилгын гол материал. Барилга олныг барих тусам ган туйвангийн хэрэглээ өснө. Манай улс өнгөрсөн онд 288 мянган тонн арматур хэрэглэжээ. Үүнээс 55.7 мянган тонныг нь дотоодод үйлдвэрлэсэн байна. Ингээд 232.7 мянган тонныг нь гадаадаас импортолсныг Барилга, хот байгуулалтын яамныхан дуулгав. Манай хар төмөрлөгийн үйлдвэрүүдийн суурилагдсан хүчин чадал тодорхойгүй. Мэргэжилтнүүд идэвхтэй ажиллаж буй үйлдвэрүүдийн хүчин чадал 200 мянган тоннд хүрсэн гэж таамагладаг. Тухайлбал, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” жилд 100 мянган тонн төмөр хайлуулах хүчин чадалтай. Гэхдээ хүчин чадлаа бүрэн ашиглаж чадахгүй байгаа. Тус үйлдвэр өнгөрсөн онд 25 мянган тонн төмөрлөг бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн гэнэ. Манай улсын арматурын хэрэгцээ 300 мянган тонн давах нь. Өөрөөр хэлбэл, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” шиг гурван үйлдвэр ажиллуулах боломж байна гэсэн үг.
Манай улс 2018 онд 78 мянган тонн ган бөмбөлөг хэрэглэжээ. Үүнээс 47 мянгыг нь импортолсон. Ойролцоогоор хэрэгцээтэй ган бөмбөлгийнхөө 60 хувийг импортолсон гэсэн үг. Уул уурхайн баяжуулах үйлдвэрүүд ашиглалтад орох тусам ган бөмбөлгийн хэрэглээ өснө. Уулын цулыг ган бөмбөлгийн хүчээр тээрэмдэн нунтаглаж, дараа нь ашигт малтмалыг нь ялган авч байгаа билээ. “Эрдэнэт үйлдвэр” жилд 32.6, “Оюутолгой” 40, ДЦС-ууд, алт, цайр, цементийн үйлдвэрүүд 18 мянган тонн ган бөмбөлөг хэрэглэдэг.
Манай улсын үйлдвэрүүд жилд 110.5 мянган тонн ган бөмбөлөг хийх хүчин чадалтай. Уг нь хэрэглээгээ хангах хүчин чадалтай үйлдвэрүүдтэй байгаа биз. Гэвч жилд 30 мянган тонныг үйлдвэрлэж, бусдыг нь гадаадаас импортолж байна. “Эрдэнэт үйлдвэр”-ийн ган бөмбөлгийн үйлдвэр жилд 50 мянган тонныг хийх хүчин чадалтай. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” жилд 25, “Орометалл” компани долоо, “Металиндустрал” гурав, “Бат Монгол хийц” 4.5, “Баян нексус” гурав, “Ричвилл гриндинг медиа” 15 мянган тонн ган бөмбөлөг үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Эдгээрээс “Эрдэнэт үйлдвэр”, “Орометалл”, “Баян нексус”, “Ричвилл гриндинг медиа” компани л өдгөө ган бөмбөлөг үйлдвэрлэж байгаа гэсэн.
Хар төмөрлөгийн үйлдвэрлэлд нэг томоохон зах зээл нээгдэж буй нь төмөр замын рейс. Манай улс нийт 4000 орчим км төмөр зам тавихаар төлөвлөсөн. Одоогоор Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлд төмөр зам тавих ажил эхлээд байна. Дээрх төслүүдийн хүрээнд 680 км төмөр зам тавих юм. Нэг км зам тавихад тус бүр нь 12.5 метрийн урт, 160 ширхэг рейс төмөр хэрэгтэй болно тооцъё. Ингэвэл 108.8 мянган ширхэг рейс төмөр шаардлагатай болох юм. Үйлдвэрүүд рейс төмөр хийх шинэ шугам нээвэл хангалттай зах зээлд хөл тавих нь.
Зах зээл нь байлаа гээд үйлдвэрлэл хөгжчихдөггүйг төмөрлөгийн үйлдвэрлэлийн жишээнээс харж болно. Үйлдвэрлэл эрхлэхэд технологи, хүний нөөц, удирдлагын ур чадвар, өрсөлдөөн, өртөг гэх мэт олон зүйлийн хамаарал бий. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” яагаад бүрэн хүчин чадлаараа дорвитой ажиллаж байна вэ. Энэ үйлдвэр жилд 60 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан ч удаа бий. Мэргэжилтнүүд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг өндөр зардалтай гэдэг. Тодруулбал, тэднийх зардлаа хасаад ашиг олохын тулд арматураа тонныг нь 2.4 сая төгрөгөөр борлуулах шаардлагатай тулгардаг аж. Тэгвэл зах зээлд 1.6 сая төгрөгийн ч үнэтэй арматур бий. Иймээс “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” үнийн өрсөлдөөнд цохиулдаг аж. Тэднийх тонн арматураа 1.85 сая төгрөгөөр борлуулахаар үнийг нь хямдруулсан ч барилгын компаниуд сонирхохгүй байгааг эх сурвалж дуулгасан.
Тус үйлдвэр хамгийн том буюу 140 мм-ийн ган бөмбөг хийх шугам нээсэн. Ингээд бүтээгдэхүүнээ “Эрдэнэт үйлдвэр”-т нийлүүлж байлаа. Гэвч ган бөмбөлөг нь хагараад байжээ. Өөрөөр хэлбэл, стандартын шаардлага хангахгүй ган бөмбөлөг үйлдвэрлэж байсан гэсэн үг. Тус үйлдвэрийн инженерүүд ган бөмбөлгийнхөө орц найрлагыг тохируулж, маркийг нь гаргаж авч чадахгүй байна гэж салбарынхан дүгнэдэг юм. “Оюутолгой”-д ган бөмбөлөг нийлүүлдэг компаниудын бүтээгдэхүүн ч голлогддог гэсэн. Хар төмөрлөгийн мэргэжилтнүүд өмнөд хөршийнхнөөс чанар муутай ган бөмбөлөг үйлдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрч байна. Тэгэхээр манайхан үнээс гадна чанараар ялагддаг ажээ. Өртгөө бууруулж, чанараа сайжруулж байж манайхан дотоодынхоо хар төмөрлөгийн зах зээлд ялахаас өөр замгүй бололтой.
Манай төмөрлөгийн үйлдвэрүүд бүгд хаягдал төмөр боловсруулдгаараа онцлогтой. Зарим үйлдвэр түүхий эдээ татаж авч чадахгүй байгаагаас шалтгаалж, хүчин чадлынхаа бага хэсгийг ашигладаг ч байж мэднэ. Хаягдал төмрөөс ган гаргаж авахад орц найрлагыг сайтар тохируулах шаардлага тулгардаг гэнэ. Харин төмрийн хүдрээ боловсруулж, ган үйлдвэрлэдэг болсон тохиолдолд чанар гологдох нь багасах аж. Манай улс жилд 500-600 мянган тонн төмөр бүтээгдэхүүн хэрэглэж буй гэнэ. Дэд бүтэц, үйлдвэрлэлийн салбарт хэрэглэдэг гол бүтээгдэхүүнүүдээр нь төлөөлүүлэн хар төмөрлөгийн зах зээлийн “хөрөг”-ийг тодруулахад ийм буюу.