Монголд ажил хөдөлмөр эрхлэхгүй байсан ч аж төрж болно. Ийм хүн хэдэн зуугаараа бий. Хамгийн гол нь энэ ажилгүйчүүд бусдын хөдөлмөрийг хувалз шиг сорж, зарим нь бүр дээрэм хийж, залилан мэхэлж, сүүлдээ яахаас ч буцахгүй болж, хүний амь бүрэлгэж буй. Тэдний нэг болох 25 настай залуугийн үйлдсэн хэргийг энд сийрүүлэн бичье. Энэ хэрэг нийгмийн сэтгэл зүй хэрхэн доройтож, хэвтэрт орсныг илтгэх биз ээ. Төр, засаг нийтийн боловсролд, аав, ээжүүд үр хүүхдийнхээ хүмүүжилд анхаарч, хаана хаанаа бодохгүй бол энэ байдал цаашдаа ч үргэлжилж мэднэ.
Эрүүл саруул, эрхтэн бүтэн ч Э ажил хийх хүсэлгүй. Тиймдээ ч тэр үү, 24 настайдаа дээрмийн хэрэг үйлдэж, шүүхээс тэнсэн харгалзах ял сонсож байж. Шүүхийн танхимд гэм буруутай, эсэхийг нь хэлэлцэж, “аавынд” хүргүүлэх шахсан нь түүнд ухаарал өгсөнгүй. Ялтай байх хугацаандаа буюу 2014 онд дээрэм, хүчингийн хэрэг үйлджээ. Тодруулбал, 2014 оны наймдугаар сард Сүхбаатар дүүргийн нутагт байрлах орон сууцын нэгэн хорооллын орчим явж байсан иргэн Ө-гийн “iPhone-5” гар утас, хэтэвч, 400 000 төгрөг, гоо сайхны хэрэгсэл, гар утасны чихэвч, цэнэглэгч, гэр, ажлынх нь түлхүүр, нүдний шил, өмсөж зүүсэн бүгдийг нь дээрэмдэж, хүчирхийлсэн байна. Тэр хэсэгтээ бүгж байгаад 2014 оны арванхоёрдугаар сард ичээнээсээ гарчээ. Энэ удаа Э Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс “Тоёота королла” маркийн суудлын автомашин хулгайлж, бусдад заржээ. Бас л баригдсангүй. Амташсан хэрээ 13 дахина гэгчээр хэд хоногийн дараа “Тоёота аллион” маркийн автомашин хулгайлж, бусдад 13 сая төгрөгийн хохирол учруулсан байна. Үүнээс гадна иргэн О-д хутга тулган хацар, завьжийг нь зүсэж, цүнх, хэтэвч, LG, “Nokia” маркийн гар утас, 89 000 төгрөг, цахим үнэмлэх, виза картыг нь дээрэмджээ. Ингэхдээ сүрдүүлж, картынх нь дугаарыг хэлүүлэхээ мартсангүй. Улмаар картанд нь байсан 330 000 мянган төгрөгийг ч хуу хамсан байна. Хэзээ ч баригдахгүй гэж эндүүрсэн Э маргааш нь дахиад л хутга, мэс хэрэглэн бусдад халдав. Тодруулбал, дүүрэг сэлгэн Чингэлтэй дүүргийн нутагт дээрмийн хэрэг үйлдсэн байна. Энэ удаа иргэн Н хохирогч болов. Тэрбээр Н-ын “Sam¬sung note-I” гар утас, 220 000 төгрөг, иргэний болон жолооны үнэмлэх, гоо сайхны хэрэгсэл, түлхүүр зэргийг нь дээрэмдэв. Ийнхүү хэд хэдэн дээрмийн хэрэг үйлдэж, бусдын бие махбодод гэмтэл учруулсан тэрбээр баригдалгүй явсаар 2015 он гаргалаа. Мөн л хутга барин дайрч, “Амийг нь бүрэлгэнэ” хэмээн нэмж 3-4 хүнийг дээрэмджээ.
Жишээ нь, Сонгинохайрхан дүүргийн нутагт иргэн У-д хутга тулган цүнх, түрүүвч, 1 040 000 төгрөгийг нь авчээ. Авснаа цөөн хоногт үрж дуусгасан Э дараагийн удаа илүү ихийг олохоор төвийн дүүрэгт ирэв. Улмаар Баянгол дүүргийн II хорооны нутаг, 18 дугаар байрны гадна зогсоолд байсан иргэн Б-гийн “Тоёота королла”-гийн цонхыг хагалаад унаж оджээ. Ингэж явахдаа А-тай танилцсан байна. Тэд хулгайн машиныхаа дугаарыг сольж, Орхон аймаг руу явжээ. Улмаар хулгайн хөлгөө иргэн Н-д өөрийн автомашин гэж итгүүлэн “Мөнгөний хэрэг болсон тул хямд зарна” хэмээжээ. Ингээд 3.6 сая төгрөгөөр зарахаар тохиролцож, зуучилсан иргэнд 500 000 төгрөгийн харамж өгсөн гэнэ. Энэ тухай гэрч Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “Би найз залуугаа Эрүүлжүүлэх байрнаас гаргаж авахаар хүлээж байтал танихгүй хүүхэн, залуу ирж яриа өдсөн. Тэд “Бид хоёр урьд шөнө Улаанбаатар хотоос ирсэн. Орхон аймагт таних хүн байдаггүй. Мөнгөний яаралтай хэрэгцээ гарчихлаа. Машинаа зарах гэсэн юм. Энд таньдаг хүний маань гар утас холбогдохгүй байна. Ядаж байхад нэг машинтай мөргөлдөөд, журмын хашаанд ороод зогсохгүй, өрөнд орчихлоо. Машинаа маш хямд өгнө. Зарж өгсөн хүнд нь 500 000 төгрөг өгье” гэсэн. Би найз залуугаа гарч ирэхээр нь хэлсэн. Ингээд машиныг нь танилдаа гурван сая гаруй төгрөгөөр зарж өгсөн. Тэд надад 500 000 төгрөг өгсөн. Тэгээд яарч байна гээд явчихсан” гэжээ.
Э, А нар Баянгол дүүргээс иргэн Б-гийн “Тоёота королла” маркийн машиныг хулгайлаад цагийн дараа Баянзүрх дүүрэгт осол гаргасан юм байна. Гэсэн ч хэргийн газраас зугтаж, улмаар Орхон аймаг орж, хулгайн машинаа худал хэлж зарсныг дээр өгүүлсэн билээ. Гэмт этгээдүүд тэнд хэд хоног бүгээд Улаанбаатарт буцаж иржээ.
Жил шахам бусдад хутга тулган, байгаа бүхнийг нь дээрэмдэн, амар хялбар аргаар амьдарч ирсэн Э энэ удаа хүний амиар наадахаар шийджээ. Шөнө дүлээр нийслэлд ирсэн А, Э нар Сонгинохайрхан дүүргийн XX хорооны нутаг дэвсгэрээс “Тоёота вилл” маркийн автомашинд гар өргөн суужээ. Улмаар жолооч М-ийг долоон удаа хутгалж, машинаас нь буулган, хөсөр хаяж одсон байна.
Э машинд байсан нэг сая гаруй төгрөг, хохирогчийн гар утас, хүрэм зэргийг авчээ. Улмаар машиныг нь Улаанчулуутын хогийн жалганд онхолдуулж орхижээ.
Амьтай, голтой үлдсэн М мөлхөж явсаар нэгэн айлын гадна очиж, хаалгыг нь нүджээ. Иргэн С-ийг гэрээсээ гарч ирэхэд үүдэнд нь цусанд хутгалдсан 20-22 орчим насны залуу хэвтэж байж. М “Надад туслаач, намайг гэртээ оруулаач. Намайг хоёр хүн хутгалсан” гэж хэлээд ухаан алджээ. С цагдаа болон эмч дуудсан боловч М тусламж авч чадалгүй нас барсан гэнэ. Харин шүүгдэгч А шүүхийн хэлэлцүүлэгт “Талийгаачийн амь насыг хохирооход би хамт байгаагүй. Э шөнө талийгаачийн машиныг унаж ирсэн. Би Э-гээс юу болсныг асуухад “Би хүн хутгалсан” гэж хэлсэн. Улмаар намайг цагдаа дуудах гэхэд миний утсыг булааж авч, алгадаж, машинд хүчээр суулган авч явсан. Намайг ч алахыг завдсан” хэмээн мэдүүлжээ.
Олон удаагийн гэмт хэрэг үйлдэж тэр бүртээ хутга хэрэглэдэг, жигшмээр муухай үг хэллэгтэй, гэмтэл учруулж, онц хэрцгий авирладаг байсан мэстэй дээрэмчинд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Сэтгэц, гэм судлалын лабораторид шинжилгээ хийлгэжээ. 2015 оны дөрөвдүгээр сарын 8-ны 374 тоот магадлагаанд “Э нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй өөрийн үйлдлийг ухамсарлан удирдах чадвартай байна. Гэмт хэрэг үйлдэхэд нь сэтгэцийн ямар нэг өвчлөл нөлөөлөөгүй. Өөрийн үйлдлийг мэдэн, биеэ удирдаж чадах байсан. Одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, албадан эмчилгээ хийх шаардлагагүй. Э болсон явдлын талаар мэдүүлэг өгөх чадвартай” гэжээ. Товчхондоо, Э нь ажил хөдөлмөр эрхлэхгүй, амар хялбар аргаар амьдрах гэж энэ бүхнийг үйлдсэн гэж үзсэн байна. 2017 оны гуравдугаар сард Дээд шүүхээс мэстэй дээрэмчинд 19 жил хорих ял оноож, хаалттай дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Харин А-д холбогдох ялыг хүчингүй болгож, сулласан юм.
Бэлтгэсэн: Д.Мөрөн