Монголчууд бид сүүлийн хэдэн жилийн турш хуурамч шатахуун гээчийн тухай ярьж байна. Тийм газарт, ингэж хийж байна гээд барим тавим мэдээлэл зөндөө л ил болсон. Нэгэнт нүдэн дээр ил дайсагнаагүй зүйлийг тоодоггүй хэнэггүй монгол зангаараа хандсаар ирсэн. Тэр хугацаанд хуурамч хэмээх шатахуун үйлдвэрлэгдэж, борлуулагдсаар өдий хүрлээ. Монгол Улсын МNC:2017 216 217 гэсэн стандартаар импортын автобензин, дизелийн түлшинд ямар нэг нэмэлт бодис хольж борлуулах хориотой. Гэтэл гадаадад хаяг, данстай нэр бүхий компани Монголын нутаг дэвсгэр дээр ийм төрлийн үйл ажиллагаа явуулж, зарим албан тушаалтан түүнээс олсон ашгаа оффшор бүсэд гаргасан хэрэг хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа ноцтой мэдээлэл бий.
Хамгийн гол нь тэрхүү хуурамч хэмээх шатахуун нь хувь хүнд, аж ахуйн нэгжүүдэд ямар хохирол учруулсан, ер нь Монгол Улсад түүнээс үүдсэн хохирол хэр их байгааг нарийн тооцвол маш том дүн гарна гэдгийг эх сурвалж хэлсээр байна.
Онцгой албан татвар бага тогтоосон болон олон жил шатахууны үнийг хүчээр барих гэж оролдсоны сөрөг үр дагавар нь “хуурамч шатахуун” болсон гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагуудаас гаргажээ.
АМГТГ-ын дарга Б.Хэрлэн 2018 оны аравдугаар сард Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр “…Дотоодод хуурамч шатахуун үйлдвэрлэж байгаа, эсэх асуудлаар тусгай ажлын хэсэг байгуулан ажилласан. Шалгалтаар дагалдах бүтээгдэхүүнүүдийг оруулж ирээд, энд холих замаар шатахуун хийсэн асуудал гарсан. Дээж авч шинжлэхэд стандартын бус гэдэг нь илэрсэн. Бид ажлын хэсгийн дүгнэлтээ УУХҮЯ-нд хүргүүлсэн” гэж мэдэгдсэн.
Ерөөс уг үндсийг нь тасалж байж аливаа мууг зогсоодог. Тиймээс Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл хуурамч шатахуун хэмээгчийн гол түүхий эд болох керосин, нафта зэрэг нефть-химийн завсрын бүтээгдэхүүнд онцгой албан татвар тогтоох санаачилгыг дахин гаргаад байгаа юм. Дахин гэсний учир нь одоогоос бараг гурван жилийн өмнө Монголын төр, салбарын яам нь санаачилсантай холбоотой.
Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж дээр дурдсан, импортын нефтийн бүтээгдэхүүнд онцгой албан татвар тогтоох хуулийн төслийг УУХҮЯ-наас боловсруулж 2017 оны арванхоёрдугаар сард Сангийн яаманд хүргүүлжээ. УУХҮЯ-наас ингэж мэдээлдэг.
Дараа нь Онцгой албан татварын хэмжээг газрын тосны бүтээгдэхүүний чанар, стандарт, импортолж буй боомттой уялдуулан, хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлаар хуулийн төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг 2018 оны аравдугаар сарын 18-ны 18/03-1 тогтоолоор холбогдох сайд нарт даалгасан байдаг. Тэгэхээр УУХҮЯ-ны санаачлан боловсруулсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хаана очоод дарагдчихсан нь тодорхойгүй болчихоод байгаа хэрэг. Эндээс харахаар Сангийн яамнаас цааш “яваагүй” болж таарлаа. Гэтэл Засгийн газар ийм хуулийг холбогдох яамдаас нэхсэнээс хойш жил хагас өнгөрчихсөн байна.
Өнөөдөр Засгийн газар ч, холбогдох яамд ч энэ талаар ам ангайхаа больжээ. Энэ л анхаарал татаж байгаа юм.
Тэгэхээр Онцгой албан татварын тухай хуулийг хэрэгжүүлж эхэлсэн 2016 оноос хойш импортын хэмжээ нь онцгой нэмэгдсэн ийм төрлийн татваргүй нефть-химийн бүтээгдэхүүнд татвар ногдуулах зайлшгүй шаардлага тулгарсан.
Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлийн дахин хөндөж гаргаж ирсэн энэ асуудлаар УИХ-ын нэр бүхий гишүүд хууль санаачлах талаараа бидэнд мэдэгдсэн. Харин бидэнд хуурамч шатахуун ямар арга замаар, яаж бий болдог, хэн энэ бизнесийг дэмждэг, үүнээс үүдсэн нийгмийн болоод эдийн засгийн ямар шаардлага бий болоод байгаа талаар сурвалжлан мэдээлэх үүрэг оногдоод байгаа юм.
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ