Шинэ он гарав уу, үгүй юү Цагаан сарын өргөтгөсөн үзэсгэлэн худалдааны тухай сурталчилгаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хөврөөд эхэлсэн. Бууз, банш, идээ, шүүс, цагаан идээ зарна гэх зар ч цахим орчинд цөөнгүй харагдана. Энэ нь монголчууд эртнээс нааш ач холбогдол өгч, төрт ёсны буюу Цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэж ирсэнтэй холбоотой. Ах дүүс учран золгож, ураг төрлөө мэдэлцэн, эвлэлдэн нэгдэх нь сайхан. Өдийд өндөр настантай зарим айл сар шинийн бэлтгэлээ базаагаад эхэлсэн. Удахгүй хотол олноороо энэ баяртаа бэлтгэж, өрх гэрийн тоосоо гөвж, угааж арчин, ууц шүүс, идээ будаагаа цуглуулна. Ном зохиолд энэ талаар “Элбэг дэлбэг, өнгөтөй өөдрөг сайн сайхан бүхнийг бэлгэшээж намар мал тарган, цагаан идээ элбэг дэлбэг үед “Цагаан идээний баяр” гэж тэмдэглэдэг байсан. 1206 онд Чингис хаан Их Монгол Улсыг байгуулаад, Цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгасан. Монголчууд сүүг эх хүний эрхэм нандин сэтгэлтэй зүйрлэн, хөх тэнгэр, байгаль эх дэлхийдээ өргөдөг уламжлалтэй. Тиймээс ч сүү шиг ариун нандин цагаан амьдралыг бэлгэшээн “Цагаан сар” хэмээн нэрийдсэн” гэж тэмдэглэжээ.
Гэхдээ сүүлийн жилүүдэд Цагаан сар дөхөхөөр цагдаа, онцгой байдлынхан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажилладаг болсон. Яагаад гэж үү, энэ өдрүүдэд хулгай, дээрэм ихсэж, галын аюул нэмэгддэг болоод тэр. Ялангуяа хүнсний хулгай гаардаг. Тиймээс Цагаан сарын өмнөхөн цагдаагийн байгууллагаас “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг зохиодог болсон. Тухайлбал, иргэдэд хандаж өөрсдийн өмч хөрөнгөө найдвартай хамгаалах, хөршийн холбоог идэвхжүүлж, мэдээ, мэдээлэл солилцохыг сануулдаг. Баяртаа зориулан бэлтгэсэн идээ, шүүсээ найдвартай газар хадгалах, гэр орноо эзэнгүй орхиж явахаар бол хажуу айлдаа захиж, цоож, түгжээгээ чангатгаарай гэж анхааруулдаг болсон. Мөн сэжигтэй зүйл илэрвэл нэн даруй цагдаагийн байгууллагад мэдэгдэн, хамтарч ажиллахыг уриалдаг. Энэ удаад ч “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахаар хүн хүчээ хуваарилж байна. Хулгайч нар иргэдийг эзгүй, эсвэл албандаа явсан хойгуур, “ажлаа” хийдэг. Тиймээс цагдаагийнхан хотын захын гэрэлтүүлэг багатай гэр хороолол, хүн цөөтэй гудамж, талбайд голчлон эргүүл хийх нь. Мөн олны хөдөлгөөн ихтэй худалдааны төв, дэлгүүрүүдэд хяналт тавина.
Учир нь энэ өдрүүдэд иргэдийн бэлтгэж хөлдөөсөн бууз, ууц, шүүс, цагаан идээ зэрэг хүнсний бүтээгдэхүүн хулгайчийн гараар орох нь ихэсдэг. Сүүлийн хоёр гурав хоногт цагдаагийн байгууллагад ийм хулгайн дуудлага хэд хэд бүртгэгджээ. Тухайлбал, Булган аймгийн төвд оршин суух иргэн Б-гийнд энэ сарын 18-19-нд шилжих шөнө хулгай оржээ. Гэмт этгээд тухайн айлын амбаарт байсан өвлийн идшэнд бэлтгэсэн үхрийн мах, сар шинээр хэрэглэх ууц, шүүс, бууз, банш хийхээр төхөөрсөн хонь, ямааны гулуузууд, шар тос зэргийг нь аваад арилжээ. Аймгийн Цагдаагийн газрынхан эл хэргийг шалгаж буй. Үүнээс гадна найм хоногийн өмнө нийслэлийн Налайх дүүргийн иргэн Т-гийн гэрээс үхэр, хонины бүтэн мах алдагдсан бол уржигдар Сүхбаатар дүүргийн иргэн бууз хийхээр авсан махаа машиныхаа тээшнээс алдсан байна.
Хэд хоногийн өмнө ЭЦА-ны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон Төв аймгийн Цагдаагийн газрынхан хамтран малын бүлэг хулгайчийг илрүүлсэн. Тухайн үед гэмт этгээдүүд мэдүүлэгтээ “Хулгайлсан малын махаа “Хүчит шонхор”, “Эмээлт”, “Нарантуул-II” худалдааны төвийн ченжүүдэд борлуулдаг” хэмээсэн байсан. Ганц энэ тохиолдлоор тогтохгүй хулгайн эд гэдгийг нь мэдсээр байж, гэмт этгээдээс мал, мах авдаг ченж цөөнгүй юм байна. Тодруулбал, хулгайлсан малын мах борлуулсан хэргээр ЭЦА-нд шалгуулж буй нэг бус ченж бий гэсэн. Тэд хулгайч нарт захиалга өгч, машин унаагаар хангадаг гэнэ. Цагаан сар дөхөхөөр мал, махны хулгай өсдөг гэдгийг дахин сануулъя. Өнгөрсөн оны нэгдүгээр сард хулгайлах гэмт хэрэг 804 бүртгэгджээ. Үүний 500 орчим нь сар шинийн өмнөх 14 хоногт гарсан аж. Бүр нарийвчилбал, энэ өдрүүдэд ууц, бууз, хэвийн боов, цагаан идээ, жигнүүр хулгайлсан тохиолдол цөөнгүй.
Мөн хөөрөг, хэт хутга, дээл хувцас хулгайлсан хэрэг ч бүртгэгдсэн байдаг. Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Билгүүн “2019 оны мөн үед хулгайн гэмт хэрэг ихэссэн. Тухайлбал, өнгөрсөн оны нэгдүгээр сарын 17-нд Баянгол дүүргийн XV хороонд оршин суух Б-гийн “Тоёота приус-20” маркийн автомашины тээшнээс хэвийн боов алдагдаж байж. Мөн өдөр Чингэлтэй дүүргийн VII хорооны нэг айл Цагаан сараар хэрэглэхээр бэлтгэсэн шуудайтай буузаа алдаж байсан. Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 26-нд Чингэлтэй дүүргийн XII хорооны нутаг, Булгийн гудамжны .... тоотод байрлах айлд хулгайч оржээ гэсэн дуудлага ирсэн байв. Хулгайч тухайн айлаас Цагаан сараар өмсөх гэж оёулсан дээл, малгай, бүс, хөөрөг авсан байсан. Энэ жил ч гэсэн энэ төрлийн хулгайн хэрэг бүртгэгдэж байна. Тиймээс иргэд энэ өдрүүдэд Цагаан сараар хэрэглэхээр бэлтгэсэн зүйлээ хулгайчаас хамгаалж, сонор сэрэмжтэй байгаарай” гэв.
Монголчууд Цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэхийг эрмэлздэг. Учир нь Цагаан сарын баярыг хэр элбэг дэлбэг тэмдэглэнэ тухайн жилдээ тэр хэрээрээ өнгөтэй өөдтэй явдаг гэх. Харин муу муухай зүйлсийг эцэс төгсгөл болгон цээрлэдэг билээ. Угаас хулгай хар мөртэй гэдэг. Энэ нь хулгайлсан эд зүйлд хулгайчийн хар энерги, муу муухай болгон нь шингэдэг гэж үздэгтэй холбоотой. Улмаар хулгайн эд зүйл авсан хүндээ юм болдоггүй гэх. Гэтэл Цагаан сар ойртохоор л хот, хөдөө гэлтгүй хулгай гаарах болов. Бууз, банш, мах, дээл хувцас, малгай, бүс гээд сар шинээр хэрэглэж болох бүхнийг “хусдаг”, хуу хамдаг болжээ. Өөрөөр хэлбэл, хулгайч нар Цагаан сарын баяраар зочны ширээгээ хулгайн бууз, хумсалсан ууц, шүүсээр дүүргэдэг бололтой. Түүгээр ч зогсохгүй, түүнийгээ зарж борлуулдаг юм байна. Үүнээс үзэхэд энэ янзаараа гэмгүй иргэн ч хулгайнх гэдгийг нь мэдэхгүйгээр буруу гарын эд зүйл авч болохоор нөхцөл үүсжээ. Бэлгэдлээ бодсон ч, ёс зүйн талаасаа ч хулгай хийнэ гэдэг байж болшгүй зүйл. Тиймээс хулгайч нарт хатуу арга хэмжээ авч, хяналт шалгалтаа чатгатгахгүй бол Цагаан сарын баярын өнө эртний уламжлал бэлгэдэл утга учраа алдаж дуусах нь. Хулгайн бууз, шүүс, идээ будаагаар дүүргэсэн баярын ширээ үзэмжтэй сайхан харагдах ч, тухайн жилдээ эзэн нь сайн сайхан явна гэдэг даанч итгэлгүй санагдана. Тэгээд ч эд зүйлээ алдсан хүн “Хулгайчийн гар нь татаасай” гэж бухимддагаас бус баяжаасай, дэвжээсэй гэж ерөөдөггүй билээ.