Үйлдвэр хоршооллын төв зөвлөлийн хөрөнгөөр барьж, 1958 онд ашиглалтад оруулсан “Урт цагаан”-ы хоёр давхар барилга нурахад бэлэн болжээ. Ерөнхийдөө улаан гэрэл нь асаад удсан гэхэд болно. Ашиглалтын хугацаа дууссан, нураах актыг мэргэжлийн хяналтын байгууллагаас нэлээд эрт буюу 2009 онд гаргаж байв. Түүний дараа 2011, 2014 онуудад мөн л ийм утгатай актууд гарсан байдаг. Найман мянган ам метр талбайтай. Нийслэлийн өмчийн III байр хэмээн нэрлэгддэг. Гэвч нийслэлээс хөрөнгөө мэдээд нурааж чадахгүй байсаар 2020 онтой золгож байна. Дээр дурдсан актуудад үндэслэн ашиглалт дууссан тухай албан бичгийг жил бүр л Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагаас ирүүлдэг ч шийдэж чадахгүй байсаар.
“Урт цагаан”-ы барилга харагдах байдлын хувьд ямар байгааг хүмүүс сайн мэднэ. Хотын “А” зэрэглэлийн бүсэд, “жуулчны” хэмээх тодотголтой гудамжинд байрлаж байна. Нийслэлийн хэмжээнд ийм нэртэй гудамж нэг л бий. Гэтэл тэнд гадаадынхан зорьж очоод үзэх зүйл байдаггүй. Харин ч хотын өнгө үзэмжийг доройтуулсан, навсгар, хуучин барилга угтаж байна. Дотор нь ороход зарим хэсэгтээ дээвэр нь цоорсон, цонх, хаалга нь эвдэрсэн, хана тааз хөгцөрсөн, муухай үнэр ханхалсан ийм л байдалтай байна. Цааш асуудлыг ухвал цахилгаан, сантехник шаардлага хангахгүй, дээвэр хана нь энд тэндээ нурчихсан, эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна. Мөн уран дарханы газрууд олон, тэд химийн бодис хольж өндөр градуст алт хайлуулдаг, шатах тослох материал, шатахуун хэрэглэдэг учраас барилга нурахаас гадна шатах, хүний аминд эрсдэлтэй олон аюул занал тэнд байна. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс галын өндөр эрсдэлтэйг ч тогтоосоор байгаа. Энэ бүхэн “Урт цагаан”-ы барилгын нас дууссан гэдгийг анхааруулж, сануулаад байгаа юм. Бидэнд мартаж болохгүй гашуун туршлага олон бий. “Нарантуул-2”, “Бөмбөгөр” худалдааны төв зэрэг барилга шатаж олон иргэн эд хөрөнгөөр хохирсон түүх байгаа билээ.
Мэргэжлийн байгууллагууд, нийслэлийн зүгээс шаардлага хүргүүлсээр байхад түрээслэгчид нь хүлээж авдаггүй нь хамгийн том асуудал. “Урт цагаан” тэдний өмч биш байтал энэ барилгыг эсэн мэнд байлгахад тэд хамгийн их анхаардаг. Одоо тэнд банк, санхүүгийн байгууллага, цайны газар, оёдол, хувцас засвар, угаалга, үсчин, дархан гээд 200 гаруй түрээслэгч үйл ажиллагаа явуулж байна. Гэхдээ энэ 200 хүний ард 30 орчим түрээслэгч, давхар гэрээ хийж, түрээсийн ашиг олдог. Тэд Нийслэлийн өмчийн ашиглалт удирдлагын газартай гэрээ хийхдээ түрээсийн төлбөрийг ам метрийг нь 9000 төгрөгөөр тооцдог байна. Харин цааш нь дам түрээслэхдээ 10 дахин нугалдаг бөгөөд сар болгон түрээсийн мөнгөө дураараа нэмдэг, тэгэхгүй бол бол талбай суллахыг шаарддаг гэсэн гомдол дараагийн түрээслэгч нараас гарсаар ирсэн. “Урт цагаан”-ы нийт ашиглалтын талбай 7600 ам метр бөгөөд эндээс олж буй түрээсийн их хэмжээний орлогын өчүүхэн хэсэг нь л нийслэлд очоод, үлдсэн нь 30 орчим үндсэн түрээслэгч гэх хүний халаасыг түнтийлгэдэг нь харамсалтай.
Түүнчлэн сүүлийн хэдэн жил “Урт цагаан”-аас болж, нийслэл алдагдалтай ажиллах болжээ. Нийтдээ 31 иргэн, аж ахуйн нэгж Нийслэлийн өмчийн ашиглалт удирдлагын газартай түрээсийн гэрээ хийсэн боловч “Дан” болон “Давхар” түрээслэгч гэсэн нэгэн нэр томьёо энэ газар дээр яригддаг. Нийслэлийн ИТХ-ын 2018 оны дөрөвдүгээр сарын 9-ний түрээсийн төлбөрийн доод жишиг үнийг шинэчлэн тогтоох тухай 40 дүгээр тогтоолын дагуу ам метрийн үнэ 4500 байсныг 9000 төгрөг болгожээ. Дээрх 31 иргэн, аж ахуйн нэгж улсад түрээс төлдөг. Гэсэн ч тэд насжилттай барилга нэрийдлээр улсаар түрээсийн үнийг нэмүүлдэггүй.
Өмнө нь нийслэлээс “Урт цагаан”-ы асуудлыг шийдэх гэж үзсэн. Тухайлбал, 2013 онд нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит хурлаар “Урт цагаан”-ыг нурааж, оронд нь шинэ байгууламж барих шийдвэр гаргаж байв. Гэсэн ч түрээслэгчид “Урт цагаан”-ыг нураах сургаар эсэргүүцлээ илэрхийлж, өргөдөл, гомдлоо бариад хууль хяналтын байгууллага руу гүйдэг. Улмаар түрээсийн хугацаанд хөрөнгө оруулалт хийсэн хэмээн нийслэлийн Өмчийн газраас их хэмжээний мөнгө нэхэмжилсэн байдаг. Бүр 5-400 сая төгрөг гаргаж өгөхийг шахаж шаарддаг. Тиймээс энд үйл ажиллагаа эрхэлдэг иргэдийн эрүүл мэндийг бодсон ч, хотынхоо өнгө үзэмжийг анхаарсан ч “Урт цагаан”-ыг шинэчлэх цаг хэдийн болсныг хотын дарга, холбогдох удирдлага анзаараасай билээ.
“Урт цагаан”-ы бодит байдал ийм байна. Түүхийн дурсгалт газраа хамгаалж үлддэг нь аль ч улсын төрийн бодлогод хамаардаг. Харин манай улс түүхийн дурсгалт газруудаа нэг нэгээр нь устгасаар байна. Харин аль хэдийн ашиглалт нь дууссан үйлчилгээний барилгаа хэсэг бүлгийн эрх ашгаар байлгасаар байх уу. “Урт цагаан”-ыг нураах цаг болжээ.