Бараа, бүтээгдэхүүн борлуулж, орлого олж буй хүн нэг бүрт зохих татварыг ногдуулж, татварын суурийг өргөжүүлэх нь энэ сарын 1-нээс мөрдөж эхэлсэн татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын нэг зорилго. Гудамжинд зогсон наймаа эрхлэгч, сүлжээний бүтээгдэхүүн борлуулагч, хот, улс хооронд ачаа тээвэрлэгч зэрэг эдийн засгийн орчинд тодорхой орон зай эзлэн, борлуулалт хийн, орлого, ашиг олж буй бүхэн татвар төлөх шаардлагатай болсон. Ялангуяа улс, үндэстэн дамнан үйл ажиллагаа явуулж, бараа, үйлчилгээ борлуулдаг компани, корпорацуудын мэдээллийг үйлдвэрлэгч болон борлуулагч аль аль талдаа ил болгон, холбогдох байгууллагууд нь хамтран ажилласнаар татварын хувь хэмжээг бодитоор тогтоох, төлүүлэх, татвар, хураамжаас зайлсхийх боломжийг нь хязгаарлах юм. Тэгвэл хуулийн хэрэгжилтийг хангах, гадаадад үйлдвэрлэсэн ч монголчуудын бараг өдөр тутмын хэрэглээ болсон зарим бүтээгдэхүүнийг борлуулан, үйлчилгээ үзүүлэгчид татварын цахим системд бүртгүүлэх буюу иргэдэд и-баримт олгох нь хэр байгааг сонирхлоо. Иргэд худалдан авч буй бүтээгдэхүүн, үйлчилгээ бүрт и-баримт авснаар татварын цахим төлбөрийн системд тухайн борлуулагчдыг бүртгүүлж, улмаар татвар ногдуулах боломжийг өсгөх учиртай.
Баянгол дүүрэгт байрлах “Номин” их дэлгүүрт “Орифлэйм”-ийн бүтээгдэхүүн борлуулдаг лангуу бий. Цөөнгүй бүтээгдэхүүн дэлгэсэн ч худалдан авагчдад и-баримт өгөхгүй байв. И-баримт нэхвэл “Жижиглэн борлуулалтад баримт өгдөггүй” хэмээв. Мөн Чингэлтэй дүүрэгт томоохон худалдааны төвд, олон хүний тусламжтай “Орифлэйм”-ийн бараа борлуулдаг бүсгүйчүүдээс баримт өгөх, эсэхийг нь асуувал “Их хэмжээний бүтээгдэхүүн борлуулах даалгавар авч, манайд элсэн, бүртгэл үүсгэвэл баримт олгоно. Түүнээс жижиглэнгээр авахад
баримт өгдөггүй” гэв. Үүнээс гадна орон сууц, барилгуудын нэг өрөө, зарим талбайг түрээслэн, гадаадад үйлдвэрлэсэн, эрүүл мэндэд ээлтэй гэгддэг тураах, эрүүлжүүлэх бүтээгдэхүүн борлуулагчид цөөнгүй. Тухайлбал, “Хербалайф”-ын эрүүлжүүлэх хөтөлбөрт нэг сар хамрагдан, дасгал хийж, бүтээгдэхүүн хэрэглэхэд өртөг нь 300 000 төгрөг. Эл үйлчилгээг хүмүүст хүргээд дөрвөн жил гаруй болсон ч и-баримт олгодоггүй хэвээр байгаа бөгөөд тухайн бүтээгдэхүүнийг Монгол дахь компаниас нь худалдан авахдаа баримт авдаг, харин бага хэмжээгээр борлуулахад баримт өгөх албагүй, өгөх ч боломжгүйг дээрх үйлчилгээний төвийн эзэн нь хэлсэн.
Түүнчлэн манай улсад үйл ажиллагаа явуулаад багагүй хугацаа болсон, Америкт үйлдвэрлэсэн “Амвэй” нэрийн бүтээгдэхүүний борлуулалтын сүлжээ бий. Гоо сайхан, эрүүл мэнд, ахуйн хэрэглээ, цахилгаан бараа зэрэг маш олон төрлийн бараа борлуулдаг бөгөөд бүтээгдэхүүнийх нь өртөг чамгүй өндөр. Мэдээж “сүлжээ” учир тухайн бүтээгдэхүүнийг борлуулахаар шийдсэн нэг нь хүний “доор” ажиллан, орлогынхоо хэрээр цалин авна. Гэхдээ борлуулагчид нь шууд цалингаа авахгүй. Барагцаагаар дөрвөн сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан ч цалин аваагүй хүмүүс байна. Учир нь цалин авах болзолд хүрээгүй
тул цахим түрийвчдээ нэг сая хүрэхгүй мөнгөн дүнтэй бонустай болж, түүгээрээ борлуулах бараагаа авахдаа хямдруулж, хөнгөлөлт эдэлдэг аж. Бүтээгдэхүүн зарах тоолонд цахим цалингийнх нь хэмжээ нэмэгддэг бөгөөд илүү их цалинтай болбол гар дээрээ мөнгө авах буюу багадаа таван сая төгрөгийн бараа борлуулах хэрэгтэй гэнэ. Мөн л зарсан бүтээгдэхүүндээ и-баримт олгохгүй. Тухайн сүлжээнд ажиллахаар шийдсэн нэгнийг амжилттай байж, илүү их дүнтэй бүтээгдэхүүн зарж чадвал маш их цалин авна гэсэн найдлага төрүүлж, татвар ногдуулах боломжгүй буюу и-баримт олгодоггүй бүтээгдэхүүнийг ихээр худалдан борлуулах дамжлага болгож байна. Хувь хүн хөдөлмөрийн хөлс авах, эсэх, ямар сүлжээнд элсэх нь өөрийнх нь сонголт ч улсын эдийн засагт дэм болохгүй, өөрөө ч шууд цалин хүртдэггүй, татвар төлдөггүй шахам, гадаадын бүтээгдэхүүнийг бөөнөөр, жижиглэнгээр тасралтгүй борлуулах нь ашиггүй баймаар юм. Үүнээс гадна нэлээд олон хүн, байгууллага дамжсан, сүлжээгээр борлуулдаг олон бүтээгдэхүүн бий. Тэдгээрийн нэг нь мөн л Америкт үйлдвэрлэсэн нэг курс нь 300 000 төгрөгийн үнэтэй тураах үйлчилгээтэй цай. 3-4 курсийг ууж байж үр дүнд хүрдэг бөгөөд Монголд зарагдаад таван жил орчим болжээ. Мөн л худалдан авагчдад и-баримт өгдөггүй нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлдөггүйн нэг илэрхийлэл.
Гадаадад бүтээгдэхүүнээ үйлдвэрлэсэн, Монголд олон жил үйл ажиллагаа явуулан, маш олон хэрэглэгчтэй болсон атал үйлчлүүлэгчдэдээ и-баримт олгодоггүй байгууллагуудад хэрхэн татвар ногдуулах, татварын суурийг өргөжүүлэхэд иргэд хэрхэн оролцох талаар Татварын ерөнхий газрын татварын ахлах байцаагч Д.Галбадрахаас тодрууллаа. Тэрбээр “Импортын төрөл бүрийн бүтээгдэхүүн борлуулдаг, сүлжээ байдлаар олон хүн хамруулан ажилладаг, маш их мөнгө эргэлддэг байх магадлалтай компани цөөнгүй бий. Эдгээр нь гаалийн, импортын татвар төлдөг тул огт татвар төлдөггүй гэсэн үг биш. Гэхдээ борлуулсан бүтээгдэхүүний нэг бүрийг нь бүртгэн, татвар ногдуулах боломжгүй хэвээр байна. Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлснээр борлуулалтын хэмжээг нь тодорхойлж, нэг хувийн татвар ногдуулна. Дүүрэг, орон нутгийн татварын албад нутаг дэвсгэрт нь бизнесийн үйл ажиллагаа явуулж буй компани, хувь хүмүүсийг бүртгэж, хяналт тавин, зохих татварыг ногдуулдаг. Гэсэн ч иргэдийн оролцоо маш чухал. Ердөө л тухайн аж ахуйн нэгж, хувь хүн посс машин ашиглаж байгаа, үгүй, бүтээгдэхүүн, үйлчилгээндээ и-баримт олгож буй, эсэхэд л хяналт тавихыг хичээвэл зохино. Мөн нэмүү өртгийн албан татвар ногдуулсан баримт авснаар та тухайн бүтээгдэхүүнийг 10 хувийн нэмэгдэлтэй авч буй хэрэг биш. Барааны үнийг тогтооход НӨАТ-ыг оролцуулж тооцсоныг тайлагнасан, харин ч иргэд, аж ахуйн нэгжүүд төлсөн татварынхаа тодорхой хувийг буцаан авах, сугалаанд хамрагдах боломж бүрдүүлсэн албан баримт гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс и-баримт авах нь чухал” гэв.
Үүнээс гадна гудамжинд бараа, бүтээгдэхүүн борлуулж, хот, улс хооронд зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг иргэдэд татвар ногдуулж, үйлчлүүлэгчдэд нь и-баримт олгуулахаар ажиллаж буй аж. Ингэхийн тулд орон нутаг, дүүргийн ИТХ-аар тухайн бизнес эрхлэгчид хэдэн төгрөгийн татвар ногдуулахыг хэлэлцэн шийдвэрлэх юм байна. Энэ ажлын явц ахицтай байгаа бөгөөд зарим орон нутгаас бизнес эрхлэгчдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2-5 хувьтай тэнцэх татварыг нэг сард ногдуулах санал ирж буй, удахгүй ажил хэрэг болохыг Татварын ерөнхий газраас мэдээлсэн юм. Мөн хувь хүн нэг бүрийг Татварын ерөнхий газарт татвар төлөгчөөр бүртгэн, бүртгэлийнх нь дугаарын тусламжтайгаар төлсөн болон төлөх татваруудын хувь хэмжээг тооцон мэдээлж, татвараа тайлагнах боломж бүрдүүлэх юм байна.