Манай улсын хөрөнгийн зах зээл хөгжлийнхөө доод түвшинд явна. Санхүүгийн зах зээлд эргэлдэж буй нийт мөнгөний долоон хувь нь хөрөнгийн биржид ногддог. Энэ тооноос хөгжил нь ямаршуухан дорой байгааг харж болно. Санхүүгийн зах зээлийг бүрдүүлж буй мөнгөний тал нь хөрөнгийн захад ногддог орнууд бий. Уг зах зээл өндөр хөгжсөн орнууд ийм түвшинд хүрсэн. Хөрөнгийн зах зээл нээлттэй, ил тод, шударга байх зарчмын дагуу ажилладаг. Тиймээс дээрх төрлийн зах зээл өндөр хөгжсөн орны эдийн засаг тогтвортой өсөлттэй, бизнес нь ёс зүйтэй байдаг билээ.
Монголын санхүүгийн салбарт ажилладаг мэргэжилтнүүдийн мөрөөдөл бол хөрөнгийн зах зээлийг хөгжилтэй орнуудын жишигт хүргэх юм. Манайхан үнэт цаасны арилжааны систем, хууль, эрх зүйн орчноо дэлхийн жишигт дөхүүлсэн. Гэвч нэг талаас хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах бүтээгдэхүүн үгүй нь хөрөнгийн зах зээлийн хөгжилд тээг болдог. Нөгөө талаас мэргэжлийн хөрөнгө оруулагчид байхгүй нь хөгжлийг нь удаашруулдаг гэж шинжээчид дүгнэх нь бий. Монголчууд саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. Сааль байлаа гэхэд савгүй бол нээрэн ч яах билээ. Лондоны хөрөнгийн биржийн “Миллениум АйТи” арилжааны системийг Монголын хөрөнгийн биржид суурилуулж, Үнэт цаасны тухай хуулийг олон улсын жишигт нийцүүлсэн нь саваа бэлдсэн хэрэг байлаа.
Гэвч саваа бэлдэхдээ саалиа юүлэх амыг нь нарийсгасан тохиолдол гарчээ. Өөрөөр хэлбэл, савных нь ам нарийн учраас саалиа хийхэд бэрхшээлтэй болсон гэсэн үг. Үнэт цаасны тухай хуульд бонд гаргавал заавал хөрөнгийн биржээр дамжуулна гэсэн заалт тусгасан. Энэ нь биржийн бус зах зээлийг хөгжүүлэхэд тээг болж байгаа гэнэ. Мөн бонд гаргахад үнэт цаас гаргахтай адил шалгуур хангах, бичиг баримт бүрдүүлэхээр хуульчилсан байна. Компаниуд хөрөнгийн зах зээлд бонд арилжихгүй байгаа нь өндөр шалгууртай, их хэмжээний зардал гаргах зохицуулалттай холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Тиймээс Үнэт цаасны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, компани хувьцаа болон бонд гаргахад өөр зохицуулалттай болгох гэнэ. Мөн компани бонд гаргавал арай хялбар зохицуулалттай байхаар эрх зүйн орчныг нь бүрдүүлэхээр болжээ. Тодруулбал, хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд бонд гаргахад бүрдүүлэх материал нь арай хялбар, хянаж шалгах хугацааг нь богино байх зохицуулалт хийх санал гаргасныг Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ц.Хуяг дуулгав.
Компаниудын хөрөнгийн зах зээлд хувьцаагаа арилжих сонирхол идэвхжсэн. Сүүлийн хоёр жилд арав гаруй компани хувьцаагаа олон нийтэд арилжлаа. Зарим нь хувьцаат компаниудтай нэгдэх замаар хөрөнгийн зах зээлд хөл тавьж байна. Хувьцаагаа гаргахын тулд олон шалгуур давж, зарим эрх мэдэлтний аясыг харахаас цааргалсан аж ахуйн нэгжүүд жижиг хувьцаат компанитай нэгдэх замаар хөрөнгийн зах зээлд хөл тавих сонголт хийж байгааг шинжээчид тодотгодог. Ямар арга зам ашиглах нь асуудлын гол биш. Харин хөрөнгийн зах зээлд “орж” нээлттэй, ил тод үйл ажиллагаа явуулж буй нь сайн хэрэг. Шинэ компаниуд хувьцаагаа арилжиж, хуулиар хүлээлгэсэн үүргээ шударгаар биелүүлж эхэлсэн нь хөрөнгийн зах зээлийн хөгжлийг алхам урагшлуулсан гэдэгтэй маргахгүй биз.
Тэгвэл мэргэжилтнүүд өдгөө бондын зах зээлийг хөгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. Манайд Засгийн газар хөрөнгийн зах зээлээр дамжуулж бонд гаргаж байсан туршлага бий. Хувийн хэвшлийнхэн бонд гаргасан тохиолдол гарын таван хуруунд ч хүрэхгүй. Хувийн хэвшлийнхэн хөрөнгийн зах зээлд бонд гаргаж, санхүүжилт татдаг сонирхлыг төрүүлэхийн тулд оновчтой эрх зүйн зохицуулалт хийх нь чухал гэнэ. Энгийнээр тайлбарлахад, банкнаас зээл авахад зарцуулдаг цаг хугацаа, гаргадаг зардалтай ойролцоо байх зохицуулалт хийх учиртай юмсанж.
Аж ахуйн нэгжүүд арилжааны банкнаас жилийн 20 орчим хувийн хүүтэй зээл авдаг. Тэгвэл тэд хөрөнгийн зах зээлд жилийн 15 хувийн хүүтэй бонд гаргавал санхүүжилтээ хялбар татах боломжтойг мэргэжилтнүүд дуулгаж байна. Гэвч бонд арилжих зохицуулалт нь урт хугацаа зарцуулдаг, түүнийгээ дагаад өндөр зардал гаргадаг учраас компаниуд банкийг сонгосоор байгаа гэнэ. Хэрэв бонд гаргах зохицуулалтыг хялбарчилчихвал аж ахуйн нэгжүүдэд ч, хөрөнгийн зах зээлийн хөгжилд ч тустай. Тодруулбал, аж ахуйн нэгжүүд арай хямд санхүүжилт татна, хөрөнгийн зах зээл хөгжинө. Банкуудын хугацаатай хадгаламжийн хүү жилийн 12.5 хувь болж буурчээ. Тэгэхээр жилийн 15 хувийн хүүтэй бонд санал болговол банкны хүүнээс өндөр өгөөж хайсан хөрөнгө оруулагчид худалдаж авахаас гар татахгүй. Ингэхээр бондын зах зээл хөгжих нь дамжиггүй.
Үнэт цаасны тухай хуульд “мэс ажилбар” хийх замаар ийм нөхцөл бүрдүүлэх нь. Хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг УИХ-д гаргах гол дүр нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар. Сангийн яам Монголын хөрөнгийн бирж, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”, “Арилжааны төлбөр тооцоо” компанийн хувьцааг 100 хувь эзэмшдэг. Эдгээр нь хөрөнгийн зах зээлийн гол дэд бүтцийг бүрдүүлдэг аж ахуйн нэгж билээ. Сайд Ч.Хүрэлбаатар нэгдүгээрт, хувьцааг нь эзэмшдэг компаниудынхаа үйл ажиллагааг сайжруулах, хоёрдугаарт, хөрөнгийн зах зээлийн хөгжилд хувь нэмэр болохоор “зууралдаж” эхэлснийг албан бус эх сурвалж дуулгалаа. Сангийн яам Үнэт цаасны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулжээ.
Бондын зах зээлийг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхээс гадна Үнэт цаасны тухай хуульд тусгасан ажил үүргийг зарим давхардлыг арилгах гэнэ. Үнэт цаас гаргах эрх олгодог байгууллагуудын ажил үүргийг ч тусгаарлах аж. Өөрөөр хэлбэл, Монголын хөрөнгийн бирж үнэт цаасыг бүртгэж арилждаг, харин Санхүүгийн зохицуулах хороо хянадаг байхаар зохицуулах юм байна. Одоогоор үнэт цаас гаргагч нь Монголын хөрөнгийн биржээс хувьцаа гаргах зөвшөөрөл авсны дараа Санхүүгийн зохицуулах хороонд хянуулж байгаа. Монголын хөрөнгийн бирж хуулийн дагуу бүх шалгуурыг хангаж байна гэж үзсэн хэдий ч Санхүүгийн зохицуулах хороо нэмэлт шаардлага тавих тохиолдол гарч буй юм билээ. Мөн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаа хийх зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос олгож буй. Нэг компани амжилттай IPO хийжээ. Гэвч хоёрдогч зах зээлийн арилжаа хийх зөвшөөрлөө хүлээж 14 хоносон байна. Санхүүгийн зохицуулах хорооноос хоёр хоногт багтаан хоёрдогч зах зээлийн арилжаагаа хийх зөвшөөрлийг нь олгосон тохиолдол ч байдаг. Ийн үзэмжээр хандаж байгаа учраас хуульд өөрчлөлт оруулж, хоёрдогч зах зээлийн арилжаа хийх зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос авдгийг болиулах гэнэ. Мөн Үнэт цаасны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагуулан Компани болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах аж.
Түүнчлэн татварын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах магадлал бий. Учир нь хөрөнгийн зах зээлд ажилладаг мэргэжлийн холбоод, байгууллагууд үнэт цаасны ханшийн зөрүүнээс болон ногдол ашиг, бондын хүүгийн өгөөжөөс авах татварыг тэглэхийг Засгийн газраас хүссээр ирсэн. Хэрэв татварыг нь тэглэвэл хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих хөшүүрэг болно гэж тэд үздэг. Уг зах зээлийн мэргэжилтнүүд татвар тэглүүлэх хүсэлтээ Сангийн сайдад гаргасан гэнэ лээ. Татварыг тэглэх нь харин эргэлзээтэй байж мэдэх юм. Юутай ч Үнэт цаасны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж хөрөнгийн зах зээлийн хөгжлийн хурдыг бага боловч нэмэх бололтой.