Валют арилжааны “Найман шарга” захад ченжүүд өчигдөр юанийг 399-өөр худалдан авч, 400.5 төгрөгөөр зарж байв. Урд хөршийн мөнгөн тэмдэгтийг зарах ханш өмнө нь 400 төгрөгийг ердөө нэг удаа давж байв. Энэ талаар тус захын нэгэн ченж “Гурав орчим жилийн өмнө ам.долларын ханш өсөхөд юанийнх 400 төгрөг давж байсан” гэв. 2016 оны арваннэгдүгээр сард “ногоон”-ы ханш огцом өссөн. Ханш савласан тухайн үед юанийг зарах ханш 404 төгрөгт хүрээд, хэдхэн цагийн дараа эргэн буурч байсан юм. “Найман шарга” захын өөр нэгэн ченж “Хятадад ам.долларын ханш суларч, юанийнх өсөж байгаа. Энэ нь урд хөршийн мөнгөн тэмдэгтийн ханш төгрөгийн эсрэг чангарахад голлон нөлөөлж буй болов уу. Мөн өмнөд хөршид Цагаан сар болж, хятадууд амрахаас урьтаж манай наймаа эрхлэгчид тус улсыг зорьж буй нь юанийн эрэлт бага зэрэг нэмэгдэхэд нөлөөлсөн байх” хэмээн өгүүлэв. Монголбанкнаас зарласан ханшаар өчигдөр юань 398.51 төгрөгтэй тэнцэв. Энэ нь өнгөрсөн ням гаргийнхаас 0.9 орчим хувиар өссөн, түүхэн дээд түвшин нь боллоо. Нэг жилийн өмнө буюу 2019 оны нэгдүгээр сарын 16-нд тус банкнаас зарласан ханшаар юань 393.49 төгрөгтэй тэнцсэн нь хамгийн өндөр түвшинд тооцогдож байв. Ташрамд дурдахад, гадаад валютын өчигдрийн ээлжит дуудлага худалдаагаар Төвбанк ирүүлсэн саналыг бүрэн биелүүлж, 78.3 сая ам.долларыг ялгаатай ханшаар нийлүүлжээ.
Бэлтгэсэн: Ц.Болор