Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг залуучуудын өвлийн олимпын III наадам Швейцар улсын Лозанна хотод энэ сарын 10-нд хөшгөө нээлээ. Энэ удаагийн наадамд 79 орны 1872 тамирчин, спортын 16 төрлөөр 81 багц медалийн төлөө өрсөлдөж байна. Монгол Улсаас биатлоны төрөлд зургаан тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорьж буй. “Лозанна-2020” залуучуудын өвлийн олимпын биатлоны эрэгтэйчүүдийн 12.5 км зайд 99 тамирчин өрсөлдсөнөөс 98 тамирчин барианд орж, ОХУ-ын биатлонч Домичек Олег 34:09.4 цагийн амжилтаар аварга болсон бол Монголын тамирчин Э.Энхсайхан 36:50.9 цагийн амжилтаар 12 дугаар байрт шалгарчээ.Эмэгтэйчүүдийн 10 км-ын зайд 97 тамирчин хурд сорьсноос 93 тамирчин барианд орж, ОХУ-ын тамирчин Мохова Алена 32:26.7 цагийн амжилтаар аваргын алтан медаль хүртсэн байна. Манай биатлонч Ч.Бямбасүрэн 46:48.2 цагийн амжилтаар 87 дугаар байрт оров. Энэ сарын 22-нд өндөрлөх өвлийн олимпын наадмыг MNB sport HD суваг болон “Olympic channel” цахим сувгаас хүлээн авч үзэх боломжтой.
Залуучуудын өвлийн олимпын наадам 2012 онд Австри улсын Инсбрук, 2016 онд Норвегийн Лиллихаммер хотод зохион байгуулсан юм. Манайхаас 2012 онд гүйлтийн цанын төрөлд Д.Өсөхбаяр, гүйлтийн тэшүүрийн төрөлд Е.Алтантулга нар оролцож байсан бол 2016 оны Лиллихамерт болсон наадамд Б.Сумъяа холимог багийн гүйлтийн тэшүүрийн төрөлд алтан медаль хүртсэн юм.
Бэлтгэсэн: Г.Цэцэг