Чөлөөт бөхийн энэ оны насанд хүрэгчдийн УАШТ Спортын төв ордонд үргэлжилж буй. Тэмцээний салхийг хагалж, эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 86 кг, эмэгтэйчүүдийн 50, 55, 59 кг-ын жингийн бөхчүүд дэвжээнд хүч сорьсон. Эхний өдрийн барилдаанд 57 кг-ын жинд Гавьяат тамирчин Э.Бэхбаярын учраа нь “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт Т.Түвшинтулга байсан нь үзэгчдийн анхаарлыг татсан юм. Дэвжээнд эн тэнцүү барилддаг хүчтэнүүдийн хэн нь үлдэх нь сонирхолтой байлаа. Т.Түвшинтулга өрсөлдөгчөө 4:4-өөр ялснаар медалийн төлөөх барилдаанд хүч үзэхээр болсон. Тэгвэл 65 кг-д Гавьяат тамирчин Г.Мандахнаран “Токио-2020” олимпын наадмын эрх авсан Т.Тулгатай таарч барилдан туршлага зааж илүүрхэв. Эмэгтэйчүүдийн 50 кг-д Ц.Намуунцэцэг Н.Анударь нарын барилдаан тун сонирхолтой өрнөж, бөх сонирхогчдыг суудлаас нь хэдэнтээ өндөлзүүлсэн.
Тэд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальтай. Нас ойролцоо, гаргасан амжилтаараа эн тэнцүү бүсгүйчүүдийн хэн нь ч дэвжээнд үлдэх чадалтай. Ц.Намуунцэцэг өрсөлдөгчөө оноогоор цэвэр ялж, шигшээд шалгарсан юм. Хоёр дахь өдрийн тэмцээн эрэгтэйчүүдийн 61, 74, 79, эмэгтэйчүүдийн 53, 57, 65, 68 кг-д зодоглосон бөхчүүдийн барилдаанаар үргэлжлэв. Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт Б.Болортуяа мөнгөн медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумьяаг 14:7-гоор хожиж, аваргын төлөө ОУХМ Г.Отгонжаргалтай барилдахаар шалгарсан. Дэвжээнд гал гарсан барилдаанууд өрнөснөөс ОУХМ Б.Бат-Эрдэнэ урамтай барилдаж, ОУХМ Б.Бямбадорж, Э.Бямбадорж, Гавьяат тамирчин П.Өнөрбат нарыг буулган авч З.Сумъяабазартай даагаа нэхэхээр болсон. Эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Э.Дэлгэрмаа Гавьяат тамирчин О.Насанбурмааг 3:1, ОУХМ Э.Даваанасанг цэвэр ялж, Хөдөлмөрийн баатар С.Батцэцэгийг 3:5-аар илүүрхэж яваад цэвэр даруулж ялагдав.
Эрэгтэйчүүдийн 57 кг-д Т.Түвшинтулга шигшээ барилдаанд Б.Төгсийг хожсоноор БНХАУ-ын Шиань хотод гуравдугаар сард болох олимпын эрх олгох тэмцээнд хүч үзэх боллоо. Гавьяат тамирчин Э.Бэхбаяр эмчийн магадлагаагаар медалийн төлөөх барилдаанд зодоглосонгүй. 65 кг-д Г.Мандахнаран шигшээ барилдаанд С.Билгүүнийг 13:6-гаар ялж, УАШТ-д ес дэх удаагаа түрүүлсэн юм. Гавьяат тамирчин С.Цэрэнчимэдийн нөхөр С.Билгүүн насанд хүрэгчдийн УАШТ-ээс анхны мөнгөн медалиа ийн өвөртлөв. 70 кг-д Э.Тэмүүлэнг Г.Бэгзжавтай таарахад бөх сонирхогчид “Энэ удаа тэмцээнийг өнгөлж байна, түрүүлэх байх” хэмээн таамагласан. Тэрбээр учраагаа оноогоор цэвэр ялснаар 2018 онд хүрэл, 2019 онд хүртсэн мөнгөн медалийнхаа өнгийг хувиргаж, аварга боллоо.
86 кг-д О.Үйтүмэн Н.Шинэтөртэй барилдан түрүүлж, долоо дахь удаагаа аварга болсноор гурав дахь олимпдоо хүч сорих нь. Тэгвэл эмэгтэйчүүдийн 50 кг-д Ц.Намуунцэцэг чадалтай гэдгээ харуулан бүх өрсөлдөгчөө ялснаар гурав дахь удаагаа аварга болсон юм. Тэрбээр өмнө нь 2016, 2019 онд түрүүлж байв. 53 кг-ын жинд ОУХМ Б.Болортуяа учраагаа хожиж түрүүлснээр УАШТ-ээс шинэ аварга төрөв. 59 кг-д Э.Даваачимэг учраа таарсан бөхчүүдээ туршлагаараа илүүрхэн хожсоноор УАШТ-д тав дахь удаагаа шалгарав. Олон шилдэг хүчтэн өрсөлдсөн чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ өнөөдөр өндөрлөнө. Энэ удаагийн тэмцээнд түрүүлсэн бөхчүүд хоёрдугаар сарын 18-23-нд Энэтхэгийн Шинэ Делид зохион байгуулах Азийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээн, гуравдугаар сарын 27-29-нд БНХАУ-ын Шиань хотод болох олимпын эрх олгох тэмцээнд оролцох юм.