Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр “Үнэн хатамж” ТББ-ынхан Үндэсний аудитын газраас хийсэн дүгнэлтийг төсвийн ерөнхийлөн захирагч, сайд, дарга нар хэр анхаарч, өгсөн зөвлөмжийг нь хэрхэн биелүүлдгийг судалжээ. Тодруулбал, тэд БХЯ-наас бусад төрийн байгууллагын цахим хуудсанд нэвтэрч, 2018 оны мэдээллийг энэ жилийнхтэй нь харьцуулан судалснаа өчигдөр олон нийтэд танилцуулсан юм. Төрөөс төсөвт тавьж байгаа олон талт хяналт нь аудит байдаг. Энэхүү аудитын шалгалтын дүнг төрийн байгууллагууд цахим хуудсандаа байршуулж, үүний дагуу хийсэн ажлаа ил тод мэдээлэх ёстой. Өөрөөр хэлбэл, цахим хуудсанд байршуулсан ил тод мэдээллээс иргэд үнэн, зөв ойлголт авч, зөвлөмжийг биелүүлээгүй тохиолдолд “ташуур өгөх” учиртай. Шилэн дансны тухай хуулийн 6.1.5-д зааснаар төрийн байгууллага, төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн багцад хийсэн аудитын тайлан, дүгнэлтийг тухайн жилийн дөрөвдүгээр сарын 25-ны дотор бүрэн эхээр нь, аудитын дүгнэлтэд тусгасан зөвлөмжийн дагуу хэрэгжүүлсэн ажлаа тухайн жилийн долдугаар сарын 1-ний дотор тогтмол мэдээлэх ёстой юм. Гэвч төсвийн ерөнхийлөн захирагч, сайд, дарга нарын олонх нь энэ үүргээ хангалтгүй биелүүлжээ. Үндэсний аудитын газраас хийсэн дүгнэлтийг ил тод мэдээлж, үүний мөрөөр тодорхой ажил хийх нь 2019 онд багассан байна. Энэ сарын 24-ний байдлаар төсөвт байгууллагын 59 хувь нь цахим хуудсандаа мэдээллээ оруулаагүй байж. Тухайлбал, төсвийн ерөнхийлөн захирагчдаас Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга нар 2018 болон 2019 онд шилэн дансны цахим хуудсанд нь мэдээллээ байршуулаагүй байна. УИХ-ын харьяа байгууллагуудаас ердөө Үндэсний статистикийн хороо мэдээллээ хугацаандаа байршуулж, ил тод болгожээ. Мөн өгсөн зөвлөмжийн биелэлт нь ч 99.8 хувьтай гарч. Засгийн газрын харьяа байгууллагуудын мэдээлэл тийм ч ил тод биш гэнэ. Бүр 25 хувь нь 2018 оны төсвийн мэдээллээ ч тавиагүй аж.
Нийслэлийн удирдлага дээрх хуулийн заалтыг 2018 онд хангалтгүй, 2019 онд огт биелүүлээгүй гэсэн үнэлгээ аваад байна.
Орон нутгийнхны хувьд төсвийн ил тод байдлын мэдээллээ харилцан адилгүй байршуулжээ.
Говь-Алтай аймгийнхан жил бүр төсвийн мэдээллээ цаг хугацаанд нь байршуулдаг бол Ховд, Завханыхан өнгөрсөн болон өнөө жилийн алинд нь ч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэнэ. Баян-Өлгий, Увс аймгийн удирдлага төсөвт нь хийсэн аудитын тайлан мэдээллийг цахим хуудсандаа байршуулдаг ч өгсөн зөвлөмжийн биелэлт хангалтгүй байжээ.
Хөвсгөл аймгийн удирдлага жил бүр мэдээллээ цаг хугацаанд нь цахим хуудсандаа тавьдаг. Харин Өвөрхангай, Баянхонгор, Булган, Архангай, Орхон аймгийнхан хуулийн хугацаандаа мэдээллээ байршуулаагүй гэнэ.
Төвийн бүсийн аймгуудын 75 хувь нь 2018 онд мэдээллээ байршуулсан бол энэ онд хугацаандаа мэдээлсэн аймаг байсангүй. Тодруулбал, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр аймгийнхан төсвөө ил тод тайлагналгүй өнөөдрийг хүрсэн байна.
Зүүн бүсийнхэн буюу Дорнод, Хэнтий, Сүхбаатарын албан тушаалтнууд 2018 онд мэдээллээ бүгд ил тод байлгасан ч энэ ажлаа 2019 онд хийсэнгүй.
Өмнөх жилүүдэд төрийн байгууллагынхан ажлаа иргэдэд ил тод мэдээлж байгаагүйгээс төсвийг хяналтгүй, үр ашиггүйгээр заруулж ирсэн. Иймээс төсөвт хяналт тавих эрхийг нь хуулийн дагуу нээж өгсөн. Харамсалтай нь, Шилэн дансны тухай хуулийн 6.1.5 дахь заалтыг тэр бүр хэрэгжүүлэхгүй байгаа нь ТББ-ын хоёр жил дараалан хийсэн судалгаагаар ил боллоо.