Америкийн “Time” сэтгүүл залуу идэвхтэн, байгаль орчныг хамгаалагч “Оны хүн”-ээр тодруулжээ. Шведийн энэ бяцхан охин “Оны хүн”-ийг тодруулж ирсэн 92 жилийн хугацаанд энэ цолыг хүртсэн хамгийн залуу хүн болсон байна. Тэрбээр 2018 онд сургуульд явахын оронд цаг уурын өөрчлөлттэй тэмцэх арга хэмжээг чангатгахыг шаардан Шведийн парламентын байрны дэргэд эсэргүүцлийн ажиллагаа эхлүүлснийхээ дараа дэлхий нийтэд танигджээ. Түүний санаачилга нь “FridaysForFuture” хэмээх олон улсын хөдөлгөөн болж хувирсан юм. “Грета Тунберг дэлхийн хөдөлгөөнийг удирдан энэ гарагийн өмнө тулгарч буй хамгийн том бэрхшээлийн талаар бүхнээс чанга дуугарсан” гэж “Time” сэтгүүлийн ерөнхий редактор Эдвард Фельзенталь “NBC” телевизийн “Today” нэвтрүүлэгт оролцохдоо хэлсэн байна.