Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны хайгуул хийж буй аж ахуйн нэгжүүдийг дэмжин ажлыг нь эрчимжүүлж, газрын тосны нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг холбогдох сайд, агентлаг, бүх шатны Засаг даргад Засгийн газраас өчигдөр даалгав. Уг арга хэмжээ нь Дорноговь аймагт барьж буй газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй, найдвартай хангах зорилготой юм. Манай улс жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр барьж байгаа. Тэгвэл Дорнодын сав газрын гурван талбайгаас жилд 900 мянган тонн газрын тос олборлон экспортолдог. Энэ нь үйлдвэрийн хүчин чадлын 60 хувьтай дүйх хэмжээ юм. Үйлдвэрээ бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахын тулд 600 мянган тонн газрын тос нэмж “олох” шаардлага бий. Иймээс газрын тосны хайгуулыг эрчимжүүлэх шийдвэр гаргажээ.
“Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу манай улсад жилд 200 мянган тонн газрын тос ногдож байгаа. Тэгэхээр үйлдвэр барьсан ч газрын тос болон түүнээс гаргаж авдаг бүтээгдэхүүний хараат байдлаас гарахгүй” гэж зарим эх сурвалж тайлбарлаж буй. Тэгвэл Газрын тосны тухай хуульд боловсруулах үйлдвэр барьсан тохиолдолд өөрийн нутаг дэвсгэрээс олборлосон газрын тосыг тэргүүн ээлжид худалдаж авах эрхийг тусгажээ. Мөн ийм нөхцөлийг бүтээгдэхүүн хуваах гэрээнд тусгадаг байна. Газрын тос олборлож буй гурван аж ахуйн нэгж дөрөв орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ. Үүнээс хайгуулд 280 сая ам.доллар зарцуулсан байна.
Тэд хайгуулынхыг хасаад гэрээний дагуу 3.7 тэрбум ам.долларыг өртөг нөхөх зардалд тооцож авах гэнэ. Өөрөөр хэлбэл, оруулсан хөрөнгөө нөхсөний дараа бүтээгдэхүүнээ тохиролцооны дагуу хуваана гэсэн үг. Манайх олборлосон газрын тосны 40, хөрөнгө оруулагч тал 60 хувийг нь авах гэрээтэй байдаг. Цаашдаа манай талын хүртэх хувь 60 хүртэл өсөх боломжтой аж. Одоогоор хөрөнгө оруулагчид хоёр тэрбум ам.долларын зардлаа нөхөж авчээ. Ингэснээр нийт олборлосон газрын тосны 200 мянган тонн нь манайд шууд ногдох эрх зүйн нөхцөл бүрдсэн байна. Гэхдээ гэрээний дагуух төлбөрөө манайхан валютаар орлуулан авч байгаа билээ.