Өнөөдөр Шинэ Зеландын Уайт арал дээр галт уул гэнэт дэлбэрснээс тэнд аялж байсан олон жуулчин сураггүй болжээ. Цагдаагийн газрын мэдээлснээр бол 5 хүн нас барж 20 гаруй хүн түлэгдлийн янз бүрийн хувьтай эмнэлэгт хүргэгджээ. Гэхдээ нас барсан хүний тоо цаашид өсөх магадлалтай ажээ. Дэлбэрэлт болохын өмнөхөн хэсэг жуулчид галт уулын тогоон дотор аялж явсан гэх мэдээлэл ирсэн байна. Арал галт уулын үнс нурмаар хучигдсан тул аврах ажиллагаа хүнд нөхцөлд явагдаж байгааг цагдаагийн албанаас мэдээлсэн байна. Арванхоёрдугаар сарын 3-ны өдөр галт уулын нөхцөл байдлыг мэдээлдэг GeoNet сайт Уайт арлын галт уулыг ойрын өдрүүдэд хэвийн хэмжээнээс илүү идэвхтэй байхыг анхааруулсан ч энэ нь аялал жуулчлалд аюул учруулахгүй гэж мэдээлж байжээ.