Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев Пүрэв гарагт тус улсын Үндэсний парламентыг тарааж, ээлжит сонгуулийг ирэх 2-р сарын 9-нд товложээ. Холбогдох тушаалыг Ерөнхийлөгчийн цахим хуудсанд нийтэлжээ. “Азербайжан Улсын Үндсэн хуулийн 98.1-р зүйлийн 1-р хэсэг, 109-р зүйлийн 1-т заасныг баримтлан шийдвэрлэх нь: Бүгд Найрамдах Азербайжан Улсын Тав дахь удаагийн сонгуулийн Үндэсний парламентыг тараасугай. Азербайжан Улсын Үндэсний парламентын ээлжит бус сонгуулийг 2020 оны 2-р сарын 9-нд явуулахыг зарлав” гэж тус баримтад бичжээ. Парламентыг татан буулгах саналыг өнгөрсөн долоо хоногийн сүүлээр парламентын олонх болох эрх баригч “Шинэ Азербайжан” намын төлөөл гаргажээ. Тус намынхан ерөнхийлөгчийн явуулж буй шинэчлэлийн бодлогыг дэмжих, хууль тогтоох байгууллагыг өөрчлөн, бүрэлдэхүүнийг нь залуужуулах шаардлагатай гэж үзжээ. Эл саналыг Азербайжаны парламент Даваа гарагийн хуралдаанаараа авч хэлэлцэн хууль тогтоох байгууллагыг татан буулгаж ээлжит бус сонгуулийг зарлах тухай холбогдох тогтоол гаргах хүсэлтийг тус улсын Ерөнхийлөгч Алиевт өргөн барьжээ. Уг хүсэлтийг үндэслэн парламентыг татан буулгах тухай Ерөнхийлөгчийн гаргасан тогтоолыг Азербайжаны Үндсэн Хулийн Цэц хууль ёсны гэж үзсэн байна.