Өчигдөр Их Британийн нийслэл Лондон хотод НАТО-ийн гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалт эхлэв. Энэ удаагийн уулзалт тус холбооны 70 жилийн ойд зориулагдаж байгаа аж. 29 орны тэргүүн хоёр өдөр чуулах бөгөөд төлөвлөсөн ёсоор бол сансрын байлдааны системийг бий болгох НАТО-ийн хэтийн төлөв мөн БНХАУ, ОХУ-тай харилцан уялдаа холбоог хөгжүүлэх сэвдээр хэлэлцэх юм байна. Хэдий түүхт ой тохиож байгаа ч Умард Атлантын холбоо дотоод зөрчлөөсөө болж хагарч магадгүй гэсэн таамаг байгаа. Өнгөрсөн 11-р сард Францын Ерөнхийлөгч Эмманиуль Макрон НАТО-ийн “тархи үхжиж” байгаа тухай мэдэгдэл хийсэн нь АНУ болон Туркийн төрийн тэргүүн нарын дургүйцлийг хүргэсэн юм. Макроныг мэдэгдлийг “НАТО-гийн гишүүн орнуудыг доромжилж гутаасан” гэж Трамп үзсэн бол Эрдоган “Макроны өөрийнхөө тархийг шалгах” хэрэгтэй гэж хэлсэн юм. Францын Ерөнхийлөгч уулзалтын эхний өдөр өөрийнхөө дээрх үгнээс татгалзахгүй гэдгээ илэрхийлсэн байна. Уулзалтын хамгийн ярвигтай сэдвийн нэг Туркийн асуудал аж. Эрдоганы засаг захиргаа Турк улс сүүлийн үед НАТО-с дорвитой дэмжлэг авахгүй байгаа гэж мэдэгдсэн. Харин НАТО Анкаратай түүний Сири дэх байлдааны ажиллагаа болон ОХУ-аас худалдаж авсан С-400 пуужингийн системийн туршилтын талаар хэлэлцэх гэнэ. Мөн ОХУ болон Хятадыг зогсоох бодлого тус уулзалтын гол асуудлын нэг байх аж.