Өчигдөр Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун тус улсын энэ жилийн хамгийн том бүтээн байгуулалт болсон Самжиен нэртэй шинэ хотыг нээсэн тухай “Родон Синмун” сонин мэдээлэв. Эл хот Солонгосын хойгийн хамгийн өндөр оргил, Кимийн гэр бүлийнхний ариун шүтээнд тооцогддог Пэктү уулын бэлд байгуулсан байна. Самжиён хотод 4,000 айлын орон сууц, зочид буудлууд, цанын бааз, соёл урлаг, худалдааны төвүүд, эмнэлэг зэргийг байгуулсан аж. Уг төсөл олон улсын эдийн засгийн хоригийн улмаас барилгын материал, ажиллах хүч дутагдаж, удаан хугацаагаар хойшлогдоод байжээ. Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд бичиж буйгаар бол Пхеньяны дэглэм залуучуудыг цалин хөлсгүй, уртасгасан цагаар ажиллуулж, шагналд нь их сургуульд элсэх, эсвэл намд элсэх боломж олгож байсан гэнэ.