Тайландын Бангкок хотод болж буй байт харвааны олимпын эрх олгох Ази тивийн тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдсөн Б.Отгонболд өчигдөр “Токио-2020” наадамд оролцох эрх авлаа.
Тэрбээр урьдчилсан харваанд 649 оноогоор III байрт бичигдэж, эхний шатанд гоц мөргөсөн бол удаахад Саудын Арабын харваач Абдалелах Биналиг 6:4-өөр хожин, гурав дахь шатанд Тайландын Танапат Патайраттай цэц сорин 5:5 -аар тэнцэж шөвгийн наймд шалгарчээ. Шигшээд Вьетнамын Ду Ан Чутай мөн 5:5-аар тэнцэж, нэмэлт сумаар ялагчийг тодруулахад манай тамирчин найм, Вьетнамынх 10 онож, 5:6-гаар хожигдсон байна. Хагас шигшээд Ираны, Вьетнамын тус бүр хоёр харваач шалгарсан тул нэг улсаас нэг тамирчинд эрх олгох журмын дагуу шөвгийн наймд шалгарсан харваачдаас хамгийн өндөр оноотой (V байрт жагссан) Б.Отгонболд олимпын эрх хүртэх гурван тамирчны нэг болов. Монголын байт харваачид “Мюнхен-1972” наадмаас эхлэн 1976, 1980, 1988, 1992, 1996, 2012, 2016 оны олимпод оролцсон юм.
2018 оны Азийн наадам, 2019 оны ДАШТ-ээс манайхан авч чадаагүй ч сүүлчийн эрх олгох тэмцээнээс ийн өвөртөлж, Токиод цэц сорих боллоо.
Бэлтгэсэн: Ц.Энхтүвшин