Жүдо бөхийн “Осака-2019” “Их дуулга” ангиллын тэмцээн Японд үргэлжилж буй. 87 орны 280 эрэгтэй, 206 эмэгтэй бөх зодоглож байгаа эл тэмцээнд манай 14 тамирчин хүч үзэж буй. Монголын жүдочдоос 57 кг-ын жинд олимпын мөнгө, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Сумъяа хүрэл медаль хүртлээ. Тэрбээр хэсгийн аваргын төлөөх барилдаанд Японы бөх Момо Тамаокид ялагдсан бол дагах тойрогт Польшийн бөх Арлета Подолак, хүрэл медалийн төлөөх барилдаанд Японы Харүко Фүнакүбог ялав. Монголын багийн анхны медалийг Д.Сумъяа ийн зүүсэн юм. Тэгвэл эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Одбаяр хүрэл медаль хүртэж, спорт сонирхогчдын магнайг тэнийлгэсэн. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд тэрбээр Японы бөх Кенши Харад ялагдсан юм. Дагах тойрогт Хятадын бөх, хүрэл медалийн төлөөх барилдаанд Японы жүдочийг яллаа. Монголын жүдочид Осакагийн “Их дуулга”-аас хоёр хүрэл медаль халаасалж, өчигдөр багийн дүнгээр II байрт бичигдээд байна.
Бэлтгэсэн: Г.Батцэцэг