Өчигдрийн байдлаар Төвбанкны албан ханшаар нэг ам.доллар 2705.69 төгрөгтэй тэнцэв. Харин валют арилжааны “Найман шарга” захад ам.долларыг 2707 төгрөгөөр худалдан авч, 2710-аар борлуулж байв. Энэ нь арваннэгдүгээр сарын эхний долоо хоногийн дүнгээс авах, зарах “ногоон”-ы ханш хоёр орчим төгрөгөөр буурсан буюу ханш тогтвортой байсан үзүүлэлт юм. Өнгөрсөн аравдугаар сарын сүүлийн долоо хоногоос энэ сарын эхний 10 хоног хүртэлх хугацаанд төгрөгийн ханш “ногоон”-ы эсрэг 20-30 төгрөгөөр суларсан байна. Мөн валютын хомсдол үүсэж зарим захад ам.доллар зарахгүй байсан юм. Тэгвэл одоогоор “ногоон”-ы ханш тогтворжин, нийлүүлэлт хэвийн болжээ. Ташрамд дурдахад, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, валютын зах зээлийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор Төвбанкнаас энэ сар гарснаас хойш 154.9 сая ам.доллар, өчигдөр 30 саяыг ялгаатай ханшаар валют арилжааны цахим талбарт нийлүүлжээ.