Дэлхийн зэсийн хэрэглээний бараг тал хувь нь ногддог БНХАУ-ын эрэлт багасна гэсэн хүлээлт үүссэнээс шалтгаалж шаргал металлын ханш буурсныг “Reu¬ters” уламжиллаа. Эдийн засгийн “эрүүл мэнд”-ийг илэрхийлдэг зэсийн ханш уг нь өнгөрсөн долоо хоногт сүүлийн 15 сарынхаа дээд түвшинд хүрч, тонн нь 6011 ам.доллар болсон юм. Харин өчигдрийн байдлаар дээрх тоо 5860 “ногоон” болж уруудав. “Америк, Хятадын худалдааны маргаан хэрхэн үргэлжлэх нь ханшид хамгийн их нөлөөлөх нь тодорхой. Хятадын аж үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын үзүүлэлтийг энэ долоо хоногийн эцсээр танилцуулахаар буй нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна” хэмээн “Commerzbank”-ны шинжээч Даниел Бриесеманн өгүүлжээ. Урд хөршид банкны зээл олголт аравдугаар сард таамагласнаас илүү багасаж, сүүлийн 22 сарынхаа доод түвшинд хүрсэн дүн гарчээ.