“Токио-2020” олимпын наадамд зориулан “Таван цагариг” сонин “Токио хүрэх зам” цуврал эхлүүлсэн. Монголын тамирчид спортын хэдэн төрлөөр олимпын эрх авах боломжтой, мөн эрхийг хэрхэн авах журмын тухай энэ цувралаараа спорт сонирхогчдод танилцуулж байгаа билээ.
БУУДЛАГА
1964 оноос хойш Монголын баг тамирчид оролцсон бүх олимпод тамирчнаа сойсон спортын хоёр төрлийн нэг нь буудлага. Чөлөөт бөхийн адил энэ уламжлалаа “Токио-2020”-д үргэлжлүүлнэ.
Одоогоор эрэгтэйчүүдийн 10 метрийн болон эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны төрөлд “Токио-2020” олимпын эрхээ аваад байгаа.
Олон улсын буудлага спортын холбоо олимпын эрхийг 2018 оны ДАШТ болон 2019 оны Дэлхийн цомын цуврал найман тэмцээнээс олгосон. Одоо манайханд эрхээ нэмэх ганц тэмцээн үлдээд байсан нь энэ оны хамгийн сүүлчийн тэмцээн болох Азийн АШТ. Катарын Доха хотод энэ сарын 4-11-нд болсон Азийн АШТ-д төрөл тус бүрт медальт байр эзэлсэн буюу тус бүр гурав, гурван тамирчин олимпын эрх авах юм. Манайхан Азийн АШТ-ээс хоёр эрх авснаар нийтдээ дөрвөн буудагч Токиод цэц сорих нь.