Санхүүгийн зохицуулах хорооноос Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран “Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хоёрдугаар үе шатыг өнгөрсөн хавраас хэрэгжүүлж эхэлсэн. Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн уг төслийн зөвлөхтэй өчигдөр уулзаж, биржийн бус зах зээлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлыг эрчимжүүлэх талаар ярилцжээ. Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос ийм зах зээл бий болгохоор судалгаа хийж буй. Тус холбооныхон “Биржийн бус зах зээлийг Монголд хөгжүүлэх шаардлага үүссэн. Компаниуд нэг тэрбум төгрөг хүртэл санхүүжилт хөрөнгийн зах зээлээс босгохын тулд Монголын хөрөнгийн биржид хандах бараг боломжгүй. Учир нь биржийн шалгуурыг давах гэж цаг хугацаа алдана, мөн бага хөрөнгө оруулалт татахын тулд өндөр зардал гаргах шаардлагатай болдог. Тиймээс жижиг, дунд бизнес эрхлэгчид биржийн бус зах зээлд бүртгүүлж, хялбар байдлаар хөрөнгө оруулалт татах сонирхолтой байгаа” гэж тайлбарлав. Эрх зүйн орчныг бүрдүүлчихвэл тус холбооныхон дэргэдээ биржийн бус зах зээл үүсгэхээр зэхээд байгаа билээ.